Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

 

 2022          06              03                                 2022/ШЦТ/205

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ч.Р, Б.Ч, И.С

Шүүгдэгч А.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уд холбогдох эрүүгийн 2225000000117 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Ч, Ч.Р, Э.Ц нараас, Б Чын Хаан банкны 5020891177 дугаарын дансаар 21,384,800 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024292455 дугаарын дансаар, иргэн Б.Чын нөхөр М.Золзаяагийн Хаан банкны 5217126896 дугаарын дансаар 2021 оны 08 сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024292455 дугаарын дансаар,найз Б.Дондовороолонгийн Хаан банкны 5037322259 дугаарын дансаар 2021 оны 10 сарын 15-ны өдөр 250.000 төгрөгийг, 10 сарын 16-ны өдөр 500.000 төгрөг нийт 750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан, иргэн Б.Чаас бэлнээр 300.000 төгрөг,нийт 22,734,800 төгрөгийг залилж авсан,

-иргэн И.Сгаас “түрээсийн төлбөрөө 5-6 жил төлөөд өмчилж авч болох хямд үнэтэй түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээр 7,388,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5024292455 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч А.Уянгын мэдүүлсэн: манай нөхөр Баясгаланг амьд байхад энэ бүх үйл явдал болсон. Нөхөр маань ямар ч байсан болгоно л гээд байдаг байсан. Мөнгийг би дансаараа аваад нөхөртөө өгдөг байсан. Хүмүүсийн хохирлыг би ямар нэг аргаар заавал барагдуулна гэх мэдүүлэг,

 

          -хохирогч Б.Чын мэдүүлсэн: Анх 2021оны 7 дугаар сарын 21-нд Уянгын дансаар мөнгө хийсэн. 2 хашаа байшингаа зарсан. Байранд оруулж өгнө гээд 10 сая төгрөг гэсэн. Уянгатай л уулзаж байсан нөхөртэй нь уулзаж байгаагүй. Байсхийгээд л мөнгө нэхэж авдаг байсан. Надад 1,562,790 төгрөг буцаан өгсөн, одоо 7 сая гаруй төгрөг авна гэх мэдүүлэг,

 

-хохирогч Ч.Ргийн мэдүүлсэн: Манай бэр Ч, Золзаяа хоёрыг байранд орох боллоо гэхээр нь итгэхгүй байсан. Тэгээд нэг өдөр Уянгыг дагуулж ирж уулзсан. Судалсан чинь аав нь манай нутгийн хүн байсан. Тэгээд итгээд хашаа байшингаа зараад Уянгыг утасдахаар нь мөнгө өгдөг байсан. Энхсанаа гэдэг хүнийг хоолонд оруулах гэж байна гэх мэтээр орой үдэш ч залгадаг байсан. Хоёр ч удаа байранд чинь оруулна гэж байрны гадаа хүлээлгэж хуурч байсан. Чд байрны түлхүүр гээд, мөн нарийн цагаан цаас зэргийг өгч итгүүлж байсан 4,015,000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн байрны түрээсийн төлбөрөө гаргуулмаар байна гэх мэдүүлэг,

 

-хохирогч И.Сгийн мэдүүлсэн: Уянга нь байранд оруулна гэж 7,388,000 төгрөг цувуулж авсан. Мөнгө хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлдэг байсан. Хохирлоо буцаан гаргуулна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

 

        -хохирогч Ч.Ргийн мэдүүлсэн...2021 оны 02 дугаар сард миний хүү Золзаяа манай ангийн хүүхдийн эхнэр хүнд мөнгө өгөөд түрээсийн орон сууцанд орох гэж байгаа гэж ярьж байна. Цаад хүн нь 10 сая төгрөг аваад түрээсийн байранд оруулж өгч байгаа юм бөайна. Тэр хүнтэй нь уулзсан чинь арван сая төгрөг өгөх юм бол түрээсийн байранд оруулаад өгч чадна гэж байна түрээсийн байранд орох уу ээжээ гэж ярьсан. Ингэж ярьснаас нь хойш бид нар 10 сая төгрөг өгөөд түрээсийн байранд нь орох уу үгүй юу гээд эргэлзээд ярилцаад удсан. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр нэг өдөр миний хүү Золзаяа, бэр Ч хоёртой хамт А.У гэж эмэгтэй манай гэрт ирж надтай уулзаад та хашаа байшингаа зараад 10 сая төгрөг өгөх юм бол би таныг түрээсийн байранд оруулаад өгч чадна гэж ярьсан. Би өөрөө бол жуучлагч, мөнгөтэй хүн олж өгдөг юм. Та нараас авсан мөнгөө Санаа гэж хүнд өгдөг гэж ярьсан. Би тэгэхээр нь хэзээ тэр байрандаа оруулж өгөх юм бэ гэж асуусан чинь сүүлийн хугацаа 2021 оны 09 сар гэхэд байранд оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй ярилцаж байгаад “Аз” хотхонд миний хүү Золзаяад 3 өрөө, надад 1 өрөө, манай зээ хүүд 1 өрөө байр авч өгнө гээд бид нараас 30 сая төгрөг авахаар болж тохирцгоосон. Түрээсийн байранд орохоор А.Утай ярьж тохирсны дагуу түүнд 30 сая төгрөг өгөхөөр болоод өөрийнхөө хашаа байшинг, зээ хүүгийн хашаа байшинг зараад мөнгөө А.Уд өгсөн боловч бид нарыг байранд оруулахгүй өдий хүрч байна. Миний хувьд А.У гэж хүнд өөрийн бэр Чын дансаар 3.715.800 төгрөг бэлнээр 300.000 төгрөг нийт 4.015.800 төгрөг өгсөн... А.У ярихдаа Цагаанчулуут багт байрлах “Аз” гэж хотхоны байрнаас миний хүү Золзаяад 3 өрөө, зээ хүү Цогтсайханд 2 өрөө, надад 1 өрөө байр авч өгнө гэж ярьж тохирсон. А.У ярихдаа орсон байраа 5 жил түрээсэлж суугаад, 5 жилийн дараа өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж хэлж байсан...гурван айл арав хүн айлаар амьдарч байна... Миний хүү Золзаяагийн нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 14-12 тоот 2 өвлийн байшинтай 1 хашаа, зээ хүү Э.Цы нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зураагийн 16-17 тоот хашаа байшинг зарж мөнгө бий болгосон. Уянга нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш миний бэр Чын Хаан банкны данснаас өөрийнхөө Хаан банкны 5024292455 дугаарын дансаар мөнгө авч байсан. Нэг удаа Лахгвадорж гэж хүний 5037322259 дугаарын дансаар 500 000 төгрөг нийт 22 554 000 төгрөгийг дансаар үлдсэн 7,446,000 төгрөгийг бэлнээр авсан гэх мэдүүлэг /1-р хх 9-12, 42-43-р тал/

-хохирогч Б.Чын мэдүүлсэн ... Миний нөхөр Золзаяа 2021 оны 02 дугаар сард манай ангийн хүүхдийн эхнэрийн найз Уянга гэж эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэй Орхон аймагт баригдсан түрээсийн орон сууцанд хүн оруулж өгч чаддаг гэнэ. Тэр хүн үнэхээр түрээсийн орон сууцанд хүн оруулж өгч чаддаг бол зүгээр юм биш үү чи уулзаад үзээч гэсэн. Тэгэхээр нь нөхрийнхөө найз Лхагваагаас Уянга гэж хүний гар утасны дугаарыг аваад утсаар нь яриад уулзсан. А.У гэж хүнтэй уулзаад түрээсийн байрны талаар асуухад А.У Орхон аймагт баригдсан түрээсийн байранд хүн оруулж өгч чадна. Миний цаана Энхсанаа, Эрдэнэчимэг гэж хоёр хүн байдаг. Энэ хоёр хүнд нэг байрны 8 сая төгрөгийн хахууль өгөх юм бол байранд орж болно гэсэн зүйл ярьсан. Үүнээс хойш А.У над руу өөрөө утсаар яриа нөгөө байрандаа орох юм уу? яах юм бэ гээд асуудаг болсон. Нөхөр бид хоёр анх А.Уянгын ярианд эргэлзээд итгэж чадахгүй байсан. Тэгж явсаар байгаад А.Уянгын үгэнд итгээд нөхөр бид хоёр түрээсийн байранд чинь оръё гэсэн чинь тэгвэл урьдчилгаа мөнгө өг гээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн манайхыг 3 өрөө, хадам ээжийг 1 өрөө, дүү Цогтсайханыг 2 өрөө түрээсийн байранд оруулж өгнө гээд надаас мөнгө авч эхэлсэн. 2021 оны 09 дүгээр сард нөхөр бид хоёр ярилцаж байгаад өөрийнхөө болон хадам ээжийнхээ хашаа байшинг зарж түрээсийн байранд орохоор болоод хадам ээжид энэ талаараа хэлсэн чинь хадам ээж би тэр хүнтэй чинь уулзъя гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Уянгатай уулзаад бид хоёр түрээсийн байранд чинь орох хүсэлтэй байна. Өөрийнхөө болон хадам ээжийнхээ хашаа байшинг зарах гэсэн чинь манай хадам ээж өөрөө заавал чамтай уулзана гээд байна гэж хэлсэн чинь А.У тэгье гээд 2021 оны 09 дүгээр сарын эхээр манай хадам ээжтэй уулзсан. Тухайн үед А.У манай хадам ээжид та хашаа байшингаа зар санаа зовох зүйл байхгүй. Түрээсийн байранд оруулж өгнө, байр бүтнэ гэж хэлсэн. А.Уянгыг ингэж хэлсний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 14-12 тоот 2 өвлийн байшинтай 1 хашаа, нөхрийнхөө төрсөн эгчийн хүү Э.Цы нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зураагийн 16-17 тоотод хашаа байшинг зарж мөнгөтэй болсон. Уянгыг мөнгө гэхээр нь би түүний Хаан банкны 5024292455 дугаарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Сүүлдээ Уянгыг худлаа яриад байх шиг байхаар нь цагдаагийн байгууллагад манай хадам ээж хандсан. Э.Ц, манай хадам ээж Ч бид нараас гэрлэлтийн баталгаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн тодорхойлолт, арилжааны банкны дансны хуулга, оршин сууж байгаа хаягийн тодорхойлолт зэргийг гаргуулж хамт нутгийн захиргааны байрны гадна очоод өөрөө орчихоод хэсэг байж байгаад гарч ирэхдээ бичиг баримтаа Энхсанаад өгчихлөө гээд хоосон гарч ирсэн... Би Уянгыг мөнгө өг гэхээр нь өөрийнхөө болон хадам ээж, дүү нарын мөнгөнөөс түүнд өгдөг байсан. Хадам ээжийн мөнгөнөөс 4.015.800 төгрөг үүнээс 300,000 төгрөгийг бэлнээр, хадам дүү Цогтсайханы мөнгөнөөс 9.480.000 төгрөг, өөрсдөө 7.379.000 төгрөг А.Уд өгсөн. Уянга надад 2021 оны 08 дугаар сард А.Уа 1,400,000 төгрөг эргүүлж өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-20-р талд/

-хохирогч Э.Цы мэдүүлсэн ... 2021 оны 07 дугаар сарын сүүлээр л миний ээжийн төрсөн дүү Золзаяа над руу утсаар яриад ах нэг хүнд 10 сая төгрөг өгөөд түрээсийн орон сууцанд орох боломжтой юм байна. Миний дүү хашаа байшингаа зараад энэ байранд орох уу. Ах нь өөрөө байшингаа зараад түрээсийн байранд орлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье, тэгье гэж хэлээд та манай хашаа, байшинг зараад өгөөч гэж хэлсэн...хашаа, байшинг зарахаар боллоо ирж наймаа хий гэхээр нь ирсэн чинь манай хашаа байшинг 15 000 000 П.Оюунцэцэг гэж хүнд зарахаар ярилцсан байсан. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр П.Оюунцэцэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 16-17 тоот хашаа байшингаа 15 000 000 төгрөгөөр худалдаж, худалдах, худалдан авах гэрээг байгуулаад хашаа байшингийн үнэ болох 15 000 000 төгрөгийг Золзаяа ах, түүний эхнэр Ч хоёрт өгөөд миний энэ мөнгөнөөс нөгөө хүнд өгөөд намайг байранд оруулж өгөөрэй гээд ажил руугаа явсан...Ч эгч өөрийнхөө данснаас миний нэрээр 9,480,000 төгрөг А.У гэж хүн рүү шилжүүлсэн. Тэгэхээр би А.Уд 9,480,000 төгрөг өгчихөөд байгаа юм. Гомдолтой байна. Зүгээр байсан хашаа байшингаа зараад орох оронгүй өвлийн хүйтэнд маш хэцүү амьдарч байна. Энэ хүнээс хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26-р тал/

-гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн:....Орхон аймгийн орон нутгийн өмчийн газарт ахлах мэргэжилтэн ажилтай. Би А.У гэх хүнийг танихгүй...Тэгсэн чинь Булган эгч тэгвэл чи А.У гэж хүнийг таних уу. Манай эгч хүүхдүүдийнхээ хамт түрээсийн байранд орох гээд А.У гэж хүнд мөнгө өгсөн байна. Тэр хүн нь Санаа, та хоёрт мөнгөө өгдөг гэж ярьсан байна гэж хэлээд фейсбүүк дээрээс нэг эмэгтэй хүний зураг үзүүлээд. Чи үнэхээр энэ хүнээс мөнгө төгрөг авсан зүйл байгаа бол. Чи бид хоёр олон жил хамт төрийн байгууллагад ажилласан, хуурай эгч дүүс хүмүүс тийм учраас нэг, нэгийгээ эвгүй байдалд оруулаад, шүүх, цагдаа гэж яваад яах вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд би энэ А.У гэж хүнийг танихгүй. Надад ямар нэгэн асуудал байхгүй. Би түрээсийн байр олгох ажлын хэсэгт нарийн бичгээр нь ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ би хэн нэгэн хүнээс мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Үнэхээр миний нэр хүндэд харш юм яригдаж байгаа бол наад асуудлаа цагдаагийн байгууллагад өгч шалгуул гэж хэлээд салсан. ..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30-р тал/

-гэрч М.Энхсанаагийн мэдүүлсэн... 2021 оны 12 дугаар сарын дундуур нэг эмэгтэй хүн над руу утсаар яриад Энхсанаа гэж хүн мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь та Уянга гэж хүнийг таних уу гэхээр ямар Уянга юм бол гэж эргэлзсэн. Талийгаач найз Г.Баясгалангийн эхнэр А.У гэдгийг бодоогүй. Тэр хүнээс ямар Уянга вэ гэсэн чинь танай найзын эхнэр гэж хэлсэн. Тэгэхээр нь за мэднэ, яасан юм бол гэсэн чинь бид нар байр авах гэж байгаа хүмүүс байгаа юм гэсэн.  Тэгэхээр нь юун байр билээ гэсэн чинь Уянга бид нарыг түрээсийн байранд оруулж өгнө гээд гурван айлаас арав, арван сая төгрөг авсан гэж хэлсэн... Миний мэдэх зүйл биш гэдгийг хэлээд, та ямар хүн байна. Та ирээд надтай уулзаач, би хуулийн байгууллагад наад А.У гэж хүний чинь талаар гомдол гаргамаар байна гэж хэлсэн. Түүнээс хойш энэ хүн надтай эргэж холбогдоогүй. А.У намайг түрээсийн байр олж өгөөч гэж хүсэж, уулзаж байгаагүй. Би ер нь А.Утай харьцдаггүй, найзын эхнэр гэдгээр нь л мэднэ. 2021 оны 12 дугаар сард А.Уянгын нөхөр, миний найз Г.Баясгалан нас барсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-р тал/

 Гэрч О.Лын мэдүүлсэн... Намайг түрээсийн байранд орох гэж байгаад хасагдсан гэж хэлсэн чинь А.Уянгын талийгаач нөхөр Баясгалан “...миний найз амьдрах гээд ядаад байдаг юм чинь хүн чанар гаргаад найз нь тус болно...” гэж хэлсэн. Түрээсийн орон сууцанд орох гэж 4,850,000 төгрөгийг Уянгын дансаар шилжүүлж өгсөн. Эхний 3 800 000 төгрөгийг талийгаач Баясгалан өөрөө над руу ярьж мөнгө авсан юм. Сүүлийн 1 000 000 төгрөгийг Уянга ярьж авсан юм. Баясгалан бараан зах дээр лангуу ажиллуулдаг юм. Уянга нөхрийнхөө хамт ажилладаг байсан. Би А.У, Баясгалан нарт өгсөн мөнгөө 2021 оны 12 сард Уянгаас авсан....Надад хэлэхдээ аймгийн засаг даргын тамгын газарт миний нэг найз байдаг гэж ярьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38-р тал/

-гэрч Б.Дондовороолонгийн “...Би Хаан банкинд 5037322259 дугаарын данс эзэмшдэг. А.У найз нь виза картгүй болохоор хэцүү байна, найздаа картаа хэрэглүүлээч гээд миний Хаан банкны 5037322259 дугаарын дансны виза картыг 2021 оны 10 сард ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/

-шүүгдэгч А.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5024292455 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 95-115-р тал/

-шүүгдэгч А.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5024292455 дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 116-142-р тал/

-хохирогч Б.Чын Хаан банкны 5020891177 дугаарын дансны хуулга /хх-ийн 145-154-р тал/

-худалдах худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 158-160-р тал/

-хохирогч И.Сгийн мэдүүлсэн.... Миний нөхөр 2021 оны 12 дугаар сарын эхээр нэг орой гэртээ орж ирээд би сая Лхагваагийн найзтай гадаа таарлаа. А.У түрээсийн төлбөрийг нь 5-6 жил төлж байгаад өөрийн болгоод авчих түрээсийн хямд үнэтэй байр байгаа гэж байна. Чи нэг уулзаад үзээрэй гэж хэлсэн. Үүнээс хойш би 2 хоногийн дараа А.Уянгын найз Лхагваа над руу утсаар яриад би нөгөө хүнтэйгээ танай ажпын гадна хүрээд ирсэн байна. Гараад ир гэхээр нь ажпаасаа гарсан чинь Лхагваа нэг хүүхний хамт машинтай ирсэн байсан бөгөөд дагуулж ирсэн хүүхнээ надтай танилцуулсан. Өөрийгөө А.У гэж танилцсан А.У гэж эмэгтэй 5-6 жилийн хугацаанд түрээсийн төлбөрийг нь төлж амьдарч байгаад өөрийн болгоод авах хямд үнэтэй байр байгаа. Сарын 420,000 төгрөгийн төлбөр төлөх юм. Та нар өөрсдөө төлбөрөө шахаад төлөөд авах юм бол нэг метр квадратыг нь 1.300.000 төгрөгөөр авах боломжтой, 2 өрөө байр гэж ярьсан. Хэрэв энэ байранд орно гэвэл надад мөнгө өг гэж хэлсэн. Энэ үед Лхагваа манайх ч гэсэн байранд нь орох гээд хөөцөлдөж байгаа гэж хэлсэн... Ингээд А.Уянгын үгэнд итгээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 9 удаагийн гүйлгээгээр нийт 7.388.000 төгрөг өгч залилуулсан. Байрандаа орох болж байна уу гэхээр дөхөж байгаа л гэж хэлдэг...Би А.Уд өөрийн Хаан банкны 5282046355 дугаарын данснаас 2021оны12 дугаар сарын 15-ны           өдөр 250.000 төгрөг ,12 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг,12 дугаар сарын 23-ны   өдөр 500.000 төгрөг,12 дугаар сарын 23-ныөдөр 88.000 төгрөг ,01 дүгээр сарын 20-ныөдөр 400.000 төгрөг,мөн өөрийн 5068104675 дугаарын данснаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг, нөхөр А.Эрдэнэчулууны Хаан банкны 5092014805 дугаарын данснаа12 дугаар сарын 06-ныөдөр 2.700.000 төгрөг, 12 дугаар сарын 07-ны өдөр 1.800.000 төгрөг,2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг нийт 7.388.000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр мөнгө өгөөгүй. Үүнээс гадна 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр өөрийн 5280046355 дугаарын данснаас 15.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг хохиролд тооцохгүй. А.Уд залилуулсан мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-198-р тал/

-гэрч А.Эрдэнэчулууны мэдүүлсэн ...2021 оны 11 дүгээр сард нэг өдөр Саруулын дэлгүүрт орсон чинь эхнэр Лхагваа нь манайх түрээсийн байранд орох гэж хөөцөлдөж байгаа Уянгаа оруулж өгөх гэж байгаа гэж ярьсан. Тухайн үед үнэ нь хямд юм бол зүгээр юм байна чи Уянгаас өөр хүн оруулж чадах уу асуугаад өгөөрэй гэж хэлээд салсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын эхээр нэг өдөр гэртээ орох гээд ганцаараа явж байсан чинь А.У таараад надтай юм ярьж байгаад шинэ байрны юм байгаа шүү хө гэсэн тэгэхээр нь ямар байр юм бэ гэсэн чинь хямд үнээр орох байр байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр байранд чинь яаж орох юм бэ гэсэн чинь надад хэдэн төгрөг өгнө би цаад улсуудад нь өгөөд тэгээд орно гэсэн. Тэгэхээр нь хаана баригдсан байр юм бэ гэсэн чинь яг хаана баригдсан гэдгийг нь тодорхой хэлээгүй салсан. Би тэр өдөртөө эхнэртээ А.У хямд үнээр байранд оруулаад өгнө гэж байна шүү дээ гэж хэлсэн чинь манай эхнэр хэд хоногийн дараа А.Утай уулзаад мөнгө өгч байр авахаар болсон байсан. Одоогийн байдлаар манайх байр авахаар А.Уд 7.388.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201-р тал/

-гэрч О.Лын мэдүүлсэн.... Маргааш өдөр нь манай дэлгүүрийн хаалгыг засч байхдаа А.Эрдэнэчулуун манайх байр түрээслэн амьдарч байгаа. Түрээсийн байр хэцүү юм гэж ярьсан. Тухайн үед би түрээсийн орон сууцанд орж чадах юм бол зүгээр юм. Манай хадам ээж түрээсийн орон сууцанд байдаг юм. Сард 482 5000 төгрөг төлдөг юм байна лээ. Тал нь түрээс, тал нь урьдчилгаа болдог юм байна лээ. Би өөрөө бас түрээсийн орон сууцанд орох гээд хүнээр яриулаад хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Эрдэнэчулуун манайхыг яриад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй нь та нарыг уулзуулаад өгье өөрсдөө учраа олоорой гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа А.Утай хамт А.Эрдэнэчулууны эхнэр Сгийн ажил дээр нь очиж түүнтэй уулзсан. С, А.У хоёрыг уулзуулаад хамт нэг машин дотор сууж байхад С ямар нөхцөлтэй, ямар байр байдаг юм бэ гэж асуусан чинь А.У 2 өрөө байр авах юм бол сард түрээсийн 482,500 төгрөг төлдөг юм. Тал нь урьдчилгаа, тал нь түрээсийн төлбөр болдог. Би цааш нь хүнтэй ярьж өгнө. Хэрэв орно гэвэл цааш нь хүнд өгөх хахуулийн мөнгө хэрэг болон гэж яриад энэ хоёр хүн учраа олсон.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-205-р тал/

Шүүгдэгч А.Уянгын яллагдагчаар мэдүүлсэн... Би Чтай найз нөхдийн журмаар уулздаг байсан. Хадам ээжтэй нь нэг удаа л уулзаж түүнийг түрээсийн байранд оруулж өгнө гээд уулзсан. Би Ч болон түүний хадам ээж, дүү нарыг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдсан “Аз” хотхонд түрээсийн байранд оруулж өгнө гэж мөнгө авч байсан. Би хохирогч нараас авсан мөнгөө өөрийнхөө ахуйн хэрэглээнд зарцуулсан. Энэ гэмт хэргийг үйлдэхэд хэн нэгэн хүн надтай хамтран оролцоогүй. Би ганцаараа л тухайн хэргийг хийсэн...Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр... Эрдэнэчулууны эхнэр С гэж хүнтэй уулзаж танилцсан. И.С надаас ямар байр байгаа юм бэ, ямар үнэ ханштай юм бэ, тэр байранд чинь яаж орох юм бэ гэхээр нь шинэ баригдаж байгаа байр, чамайг байранд оруулж өгч чадна. Байранд ороход долоо, найман сая төгрөг хэрэг болдог юм шүү гэсэн чинь С зөвшөөрсөн. Тэгээд түүнээс мөнгө авч эхэлсэн. Би энэ хүнээс нийт 7 388 000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Би И.Сгаас мөнгө авахдаа танайхыг хямд үнэтэй байранд оруулж өгнө. Байранд ороход 7-8 сая төгрөг хэрэг болно гэж хэлсэн. Тэгээд мөнгө хэрэг болоод байна гээд цувуулж авч байсан. Надад И.Сд өгөх болон түүнийг оруулж өгөх байр байгаагүй. Худлаа хэлж мөнгө авсан юм... гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 66-68, 216-218-р тал/

-хохирогч И.Сгийн эзэмшлийн ХААН банкны 5282046355 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 223-230, 234-239-р тал/

-гэрч А.Эрдэнэчулууны эзэмшлийн ХААН банкны 5092014805 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 231-233-р тал/

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 240-242-р тал/

-шүүгдэгч А.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5024292455 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 243-250, 2-р ххийн 1-2-р тал/зэрэг яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч А.У нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Чаас 9,248,000 төгрөг, Ч.Ргаас 4,015,800 төгрөг, Э.Цаас 9,480,000 төгрөг, нийт 22,734,800 төгрөгийг Б.Чын дансаар авсан,

-И.Сгаас “түрээсийн төлбөрөө 5-6 жил төлөөд өмчилж авч болох хямд үнэтэй түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээр 7.388.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5024292455 тоот дансаар шилжүүлэн авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч А.Уянгын үйлдлийн улмаас Б.Ч, Ч.Р, Э.Ц нарт нийт 22,734,800 төгрөгийг авч хохирол учруулсан,иргэн И.Сд 7,388,000 төгрөгний хохирол учирсан болох нь хохирогч Ч.Ргийн мэдүүлсэн...Түрээсийн байранд орохоор А.Утай ярьж тохирсны дагуу түүнд 30 сая төгрөг өгөхөөр болоод өөрийнхөө хашаа байшинг, зээ хүүгийн хашаа байшинг зараад мөнгөө А.Уд өгсөн боловч бид нарыг байранд оруулахгүй өдий хүрч байна. Миний хувьд А.У гэж хүнд өөрийн бэр Чын дансаар 3.715.800 төгрөг бэлнээр 300.000 төгрөг нийт 4.015.800 төгрөг өгч хохирсон... гэх мэдүүлэг, хохирогч Б.Чын мэдүүлсэн... А.У манай хадам ээжид та хашаа байшингаа зар санаа зовох зүйл байхгүй. Түрээсийн байранд оруулж өгнө, байр бүтнэ гэж хэлсэн. А.Уянгыг ингэж хэлсний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 14-12 тоот 2 өвлийн байшинтай 1 хашаа, нөхрийнхөө төрсөн эгчийн хүү Э.Цы нэр дээр бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зураагийн 16-17 тоотод хашаа байшинг зарж мөнгөтэй болсон. Уянгыг мөнгө гэхээр нь би түүний Хаан банкны 5024292455 дугаарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан... Хадам ээжийн мөнгөнөөс 4.015.800 төгрөг үүнээс 300,000 төгрөгийг бэлнээр, хадам дүү Цогтсайханы мөнгөнөөс 9.480.000 төгрөг, өөрсдөө 7.379.000 төгрөг А.Уд өгсөн...гэх мэдүүлэг, хохирогч Э.Цы мэдүүлсэн... Тэгэхээр би А.Уд 9,480,000 төгрөг өгчихөөд байгаа юм. Гомдолтой байна... гэх мэдүүлэг, А.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5024292455 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Чын Хаан банкны 5020891177 дугаарын дансны хуулга, хохирогч И.Сгийн... А.У уг нь танайхыг байранд чинь 2022 оны цагаан сарын өмнө оруулж өгнө гэж хэлсэн юм. Ингээд А.Уянгын үгэнд итгээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 9 удаагийн гүйлгээгээр нийт 7.388.000 төгрөг өгч залилуулсан... гэх мэдүүлэг, гэрч А.Эрдэнэчулууны эзэмшлийн ХААН банкны 5092014805 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, А.Уянгын эзэмшлийн Хаан банкны 5024292455 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч А.Уянгын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Шүүгдэгч А.У нь өөрөө эрхэлсэн ямар нэг ажилгүй, орлогогүй байхдаа бусдыг хуурч, зориуд зохиомол байдал бий болгож ярьж итгүүлэн, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхэд нь халдаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хохирол учруулжээ. Шүүгдэгчийн, хохирогч нараас нийт 30,122,800 төгрөг шилжүүлэн авч мөнгийг өөрийн хэрэгцээнд ашиглаж, үрэгдүүлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд шууд санаагаар, шунахай сэдлээр Эрүүгийн хуулиар хориглосон бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдэл хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдэл, санаа зорилгыг бүрэн тогтоосон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй гэж үзлээ.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч А.У нь нэр бүхий 4 иргэнээс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 22,734,800  төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн гүйлгээр иргэн И.Сгаас 7.388.000 төгрөгийг тус тус түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж арилжааны банкин дахь дансаар шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцуулж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд “гэм буруугаа хүлээж байна” гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан           шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан үзэж  зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдууллаа.

 Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч нь хохирогч Б.Чд 1,562,790 төгрөг төлсөн ба бусад хохирлыг төлөөгүй байна. Иймд А.Уас нийт 28,569,010 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар заалаа.

Хохирогч Ч.Р шүүх хуралдааны дүгнэлтийн хэсэгт “одоо амьдарч байгаа түрээсийн байрны төлбөрийг гаргуулмаар байна” гэсэн нь шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохиролд хамаарахгүй юм. Учир нь шүүх хуралдааны эхний үе шатанд нэхэмжлэл, холбогдох баримт сэлтийг гаргаагүй, талууд танилцах боломжоор хангагдах боломжгүй болсон байх тул нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар өмгөөлөгчийн зөвлөгөө авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг жижиг төмөр түлхүүр, 3 ширхэг том төмөр түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нарийн цагаан цаасыг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Апександрын Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уянгыг 1 жилийн /нэг/ хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч А.Уд шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уас нийт 28,569,010 төгрөг гаргуулж,  хохирогч Ч.Рд 4,015,800 төгрөг /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-29 тоот, ГЕ52062448/, хохирогч Б.Чд 7,685,210 төгрөг /Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-51 тоот, ФА94101028/, хохирогч Э.Цд 9,480,000 төгрөг /Булган аймаг Могод сумын нэгдүгээр баг Жаргалант гэх газар оршин суух, ГЕ97011411/ , хохирогч И.Сд 7,388,000 төгрөг /Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Өндөр дэнжийн 49-4 тоот, ГК90040763/  тус тус гаргуулан олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг төмөр түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нарийн цагаан цаасыг хэрэгт хавсарган, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ