Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эөд холбогдох эрүүгийн 2219002490233 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр баг, “Хэцүү цав” гэх газар 34-56 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Д.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ... гэв.

          Хохирогч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цогбаатар, Лхагвасүрэн нарын хамт Ланд 100 маркийн 34-56 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймгаас Дорноговь аймаг Сайхандулаан сум руу Батсүх гэх айлд очихоор 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Замаараа Мандах сумаар орж Эийн найзын гэрт хоноод 2022 оны 06 дугаар сарын 04-ний үдээс хойш Сайхандулаан сум руу гарсан. Тэгээд очих ёстой айлаа олохгүй төөрсөн бөгөөд орой харанхуй болсон хойно миний нойр хүрээд үүрэглэж явсан. Нэг мэдэхэд машин унасан байсан. Тэгээд сэртэл миний хамаг бие хөндүүр орсон  байсан... тухайн үед Э машин барьж явсан, би жолоочийн хажууд урд суудал дээр сууж, жолоочийн суудлын ард Лхагвасүрэн, түүний хажууд Цогбаатар сууж явсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

          Гэрч С.Цогбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна Лхагвасүрэн, Э, Т бид дөрөв Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу гарч яваад Дорноговь аймгийн Мандах сумаас ертөнцийн зүгээр урд зүгт 40 км газар явж байгаад Батсүхийн гэрийг олохгүй төөрсөөр байгаад харанхуй болсон байсан. Би  нэг мэдсэн чинь зүүрмэглэж байгаад унтаад өгсөн. Тэгээд би овооны уруу жалган дотор унасан хойно  сэрсэн... Э жолоо барьж явсан, жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр Т, жолоочийн ард талын суудалд Лхагвасүрэн, Тгийн ард талын суудалд би сууж явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

          Гэрч Х.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд байхад гэртээ байж байхад Э миний гар утас руу залгаад Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу ханиндаа явах уу гэж хэлсэн. Би гэртээ байж байхад Э, Цогбаатар, Т 3 ирээд бид 4 12:00 цагийн орчимд байхаа Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу Эийн 34-56 УНЧ улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч яваад замдаа Дорноговь аймгийн Мандах суманд Эийн найзынд нь хоносон. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдөр үдээс хойш /цагийг нь сайн санахгүй байна/ Э, Т, Цогбаатар бид 4 Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу гарч яваад Дорноговь аймгийн Мандах сумаас ертөнцийн зүгээр урд зүгт явж байгаад Батсүхийн гэрийг олохгүй төөрч явж байгаад харанхуй болсон байсан. Э овоон дээр гарч сүлжээнд ороод Батсүхтэй утсаар ярья гээд овоон дээгүүр явж байгаад гэнэт нэг жалга руу унасан. Тэгээд бид 4 машинаас гарсан чинь Т гарч чадахгүй байхаар нь бид 3 хамдаа өргөөд гаргасан. Тэгээд Э, овоон дээр гарч сүлжээнд орж байгаад Батсүхийн гар утас руу залгаж Батсүхийг дуудсан. Батсүх шөнө ирээд Э, Т, Цогбаатар бид 4-г аваад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын эмнэлэг рүү авч явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

           Гэрч Ж.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ...эмнэлэг дээр очиход 2 хүн үзүүлж байсан. Батсүх ах над дээр ирээд Сайхандулаан сумаас баруун урагш 40 гаруй км газарт манай найзын машин онхолдсон гэнээ, хоёулаа очиж аваад ирье гэсэн. Батсүх ах бид 2 шөнийн 4 цагийн орчим Сайхандулаан сумаас баруун урагш явсан. Бид 2 нар гарсан байхад Мандах сумын Улаан цавын хойд талын овооны завсар очиход 34-56 УНЧ улсын дугаартай машин онхолдсон, буруу талын хойд дугуй, урд хойд салхины шил зэрэг нь хагархай байдалтай зогсож байсан. Батсүх ах бид хоёр хагарсан дугуйг нь запас дугуйгаар сольж тавиад Сайхандулаан сум руу хөдөлсөн  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

           Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний утас руу Э залгаад аваарт ороод Сайхандулаан сумын эмнэлэг дээр ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би Сайхандулаан сумын эмнэлэг рүү очиход Э эмнэлгийн орон дээр тариа хийлгээд хэвтэж байсан. Э тариагаа хийлгэчихээд эмнэлгээс гарч ирээд надад “Будар гэх газар машин унасан байгаа, одоо очиж аваад айлын гадаа бууцан дээр авчраад орхичих“ гэж хэлсэн. Эмнэлэг дээр манай сумын Баярцэнгэл гэх залуу байхаар нь хамтдаа шөнийн 2 цаг орчим Будар гэх газар руу явсан. Бид 2 Будар гэх газар шөнийн 4 цагийн орчим Сайхандулаан сумаас баруун урагш явсан. Бид 2 нар гарсан байхад Мандах сумын Улаан цавын хойд талын овооны завсар очиход 34-56 УНЧ улсын, буруу талын хойд дугуй, урд хойд салхины шил зэрэг нь хагархай байдалтай зогсож байсан. Бид хоёр хагарсан дугуйг нь запас дугуйгаар сольж тавиад Сайхандулаан сум руу хөдөлсөн  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу найз Батсүхийн хөдөө гэрт очиж амрах зорилготой Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас үдээс хойш /цагийг нь сайн санахгүй/ таньдаг Алтансүхээс итгэмжлэлээр авч унаж байсан 34-56 УНЧ улсын дугаартай Ланд-100 маркийн авто машинтай найз Т, Лхагвасүрэн, Цогбаатар нарын хамт Дорноговь аймгийн Мандах сумаар дамжин Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу явахаар гарсан. Би Т, Лхагвасүрэн, Цогбаатар нарын хамт Дорноговь аймгийн Мандах суманд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 19:00 цагийн орчимд ирээд таньдаг айл болох Болдоогийнд ирж хоноод маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 17:00 цагийн орчимд гараад Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу явж байх замдаа Мандах сумаас ертөнцийн зүгээр урагш 40 км “Хэцүү цав” гэх газар  явж байгаад замдаа төөрч 21:00 цагийн орчимд уулын орой дээгүүр явж байгаад жалга руу унасан. Би машинаас гараад овоон дээр гараад сүлжээнд орж найз Батсүхийн гар утас руу залгаж дуудсан. Батсүх ирээд Т, Лхагсүрэн, Цогбаатар бид 4-г Дорноговь аймгийн Сайхандулаан сумын эрүүл мэндийн төв дээр хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 81 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8705 дугаартай  “Д.Тгийн биед цээжний зүүн 3, 4, 5, 6, 8, 9, баруун талын 12-р хавирганы нэг ба хоёрлосон хугаралууд, баруун зүүн уушгины эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, өвчүү ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений бяцарсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

          Хохирогч Д.Тгийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

          Техникийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №Ш/28 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

          Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 53-63 дугаар хуудас/,

          Итгэмжлэл, гэрээ /хавтаст хэргийн 94-99 дүгээр хуудас/,

          Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 06 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр баг, “Хэцүү цав” гэх газар 34-56 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Д.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгөн төлбөрт 7 000 000 төгрөгийг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлтдээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эрүүл мэндэд зориулж 7,000,000 төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 93 дугаарт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Эийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тгийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Эөд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг сануулсугай.

         7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА