Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0434

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Б-ын  нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ж.Б

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 389 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0567/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/608 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 389 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/608 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Миний бие Ж.Б нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1802605024 дугаартай 20.000.000 м.кв газрыг жимс, жимсгэний тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулан, тус албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

3.2. Гэтэл нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад эсхүл тухайн захиргааны актад заасан бол актыг цуцалж болно гэж заасныг үндэслэн иргэн надад олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

3.3. Иргэн миний бие тухайн газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар гэдгийг мэдэгдэж, ашиглахын тулд өөрийн зүгээс 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж гадуур нь хашаа барьж тухайн газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлж байсан. Харин би тухайн маргаан бүхий захирамжид дурдсан шиг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчил огт гаргаж байгаагүй болно.

3.4. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2019 оны 12 дугаар сард эхэлсэн коронагийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2018 онд эзэмшсэн газраа 2023 оныг дуустал ашиглаж чадаагүй байтал эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн, мөн дэлхий нийтээр илэрхий байсан цар тахлыг нотолсон баримтыг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1114 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1802605024 дугаартай 20.000.000 м.кв газрыг жимс, жимсгэний тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг байгуулж, 000011942 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/608 дугаар захирамжаар “...эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бын газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгчээс “...тухайн газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар гэдгийг мэдэгдэж, ашиглахын тулд 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж гадуур нь хашаа барьж, газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлж байсан, ...цар тахлын нөхцөл байдал арилж тухайн газраа зориулалтын дагуу ашиглах гэж байхад 2023 онд газар эзэмших эрхийг цуцалсан” гэж,  хариуцагчаас “...маргаан бүхий газрыг ашиглах эрх 2018 онд үүссэн бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ...цар тахлын нөхцөл байдал 2021 оноос хойш арилж, хөл хорио тавигдсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “...газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшиж байсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй, ...цар тахлын улмаас ашиглаж чадаагүй хэмээн тайлбарлан маргах боловч энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр төрийн захиргааны байгууллага болон түүний эрх бүхий албан тушаалтанд хандаж, харилцаж байсан талаар баримт байхгүй, ...газар эзэмшиж эхэлснээсээ хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

5. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах…төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

6. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

7. Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа “...2019 оны 12 дугаар сард эхэлсэн коронагийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2018 онд эзэмшсэн газраа 2023 оныг дуустал ашиглаж чадаагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй мөн “...маргаан бүхий газраа хашаалсан байсан” гэж тайлбарлах боловч шүүхээс тус газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл фото зургаар ч дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зөвхөн “газрын төлбөрийг хуулийн хугацаанд нь төлж байсан” гэх үндэслэлээр Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.

8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1114 дүгээр захирамжаар тус газрыг эзэмших эрхтэй болж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд болон цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч тухайн газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...2019 оны 12 дугаар сард эхэлсэн коронагийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2018 онд эзэмшсэн газраа 2023 оныг дуустал ашиглаж чадаагүй байтал эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн, мөн дэлхий нийтээр илэрхий байсан цар тахлыг нотолсон баримтыг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэх давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

 

            ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН