Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 159/ШШ2021/0013

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Э.*******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 68, 69 дүгээр зүйлд заасныг үндэслэн Э.*******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн хэрэг маргааныг эвлэрэн хэлэлцэхээр дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 1.Хариуцагчийн үүрэг:

1.1. Энэ гэрээгээр хариуцагч Мандал сумын Засаг дарга нь тус сумын 6 дугаар баг, Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд, төв замын хойно 2000 мгазрыг нэхэмжлэгч Э.*******т үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгох,

1.2. Тухайн газрын байршил нь сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршилд тусгагдсан байх тул уг газрыг Э.*******т эзэмшүүлэхдээ тус сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд зохих байдлаар дахин тусгана.

1.3. Э.*******т газар эзэмшүүлэх шийдвэрийг 2022 оны 3 дугаар сард багтаан гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэнэ.

2.Нэхэмжлэгчийн эрх, үүрэг:

2.1. Хариуцагчаас гэрээний 1.1-д заасан газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн шийдвэр гарч, газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгогдсоны дараа маргаан бүхий газарт байрлах улсын бүртгэлийн Ү-1307000150 дугаарт бүртгэлтэй 000202281 тоот гэрчилгээ бүхий нэхэмжлэгчийн өмчлөгчийн дэлгүүрийн барилгыг буулгаж газар чөлөөлөх үүрэгтэй.

2.2. Энэхүү гэрээ байгуулагдсанаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/14 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хэвээр үлдээхэд татгалзах зүйлгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нараас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Э.*******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.******* нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР