Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 27

 

Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаар шийдвэртэй, Г-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээ хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шүүгчийн захирамжаар 16050578 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу 29.537.782,34 төгрөгийг Хас банкинд төлөхөөр болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний өмчлөлийн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20-р байрны 3-24 тоотод байрлах 26,04 м.кв 3 өрөө орон сууцыг Ашид билгүүн ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулж 37.750.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өмчлөлийн тухайн орон сууцны зах зээлийн ханш 45.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Би Хас банкинд 2015 онд гал тогоо тусдаа 2 өрөө байраа барьцаанд тавьж 25.000.000 төгрөгийн зээл авсан. Үүн дээр маргаан байхгүй. Хас банк надад 3 сарын хугацаа өгснөөр эвлэрч шүүхийн шийдвэр гарсан дээр маргаан байхгүй. Би тохирсон 3 сарын хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн тухайд маргаан байхгүй. Би одоо энэ байрандаа амьдарч байгаа. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг надад 5 дугаар сарын 30-ны өдөр танилцуулаад үнэлгээг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэхээр нь гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтээ гаргаад Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ тогтоосон тул хариуцагчаар шийдвэр гүйцэтгэх албыг татаж Ашид билгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд энэ нэхэмжлэлийг шүүхэд өгөхөд хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэсэн байхаа. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Шийдвэр гүйцэтгэх албаны томилсон шинжээчийн байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шаардлага гаргасан. Гомдлоо 7 хоногт гаргахаар шийдвэрлэж өгсөн байсан. 7 хоногийн дотор гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна гээд буцаасан. Тухайн байгууллага шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байгаа учраас гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байсан. Энэ талаар гомдол анх гарч байгаа нэхэмжлэл агуулгын талаар зөвлөгөө авахад гомдол гаргахаар зохицуулалт байхад нэхэмжлэлээр хүлээж авсан. Шүүхээс буцаасан талаарх баримтаа надад өгөөгүй. Тэр талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Би дараа нь өмгөөлөгчөөр гэрээ байгуулж орсон гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г-д холбогдох материал нь 2015 онд Хас банкнаас авсан зээл нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1561 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байдаг. Уг захирамжийг гүйцэтгэх хуудас бичигдэж ирээд тус алба 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 16050578 гэсэн хувийн хэргийн дугаартай үүсгэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000278 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 20 дугаар байрны 3-2-24 тоотод 26,04 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор шинжээчээр Ашид билгүүн ХХК-нийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлт 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 33.750.000 төгрөгөөр гарсан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан тул манай байгууллага 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй уулзаж үнэлгээг танилцуулсан байгаа. Гэтэл 5 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Манай байгууллага үнэлгээ тогтоох эрхтэй байгууллага биш, үнэлгээ гаргадаггүй учраас Ашид билгүүн ХХК-ний гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх хариуцагч болж оролцох боломжгүй. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 992 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байгаа. Төлбөр төлөгч нь дахин шинжээч томилуулах талаар санал хүсэлт гаргаагүй. Дуудлага худалдаа явагдаагүй байгаа. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид энэ үнийн санал тийм байна гэж манай байгууллага дээр хүсэлт гаргасан тохиолдол байхгүй болно гэжээ.

Шүүх: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1561 дугаартай захирамжийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Ашид билгүүн ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр экспресс банкаар төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 992 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц хүчингүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г давж заалдах гомдолдоо: Г миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

 

Нэхэмжлэгч Г нь Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1561 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу гарсан Ашид билгүүн ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Г шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрөө төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх хөрөнгийн талаар тохиролцоогүй байна гэж үзэн хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилуулан үнэлгээ тогтоолгосныг төлбөр төлөгч Г нарт хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т ...Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно...гэж зааснаар үнэлгээнд гомдол гаргаагүй хуулийн хугацаа хэтрүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Г-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэх гомдол нь шүүх шинжээч томилох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох зохимжгүй байх тул хариуцагчтай хамааралтай хүсэлт биш байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, маргааны үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 

Т.ЖАРГАЛСАЙХАН