| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2017/00222/И |
| Дугаар | 02420 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 02420
2018 оны 10 сарын 01 өдөр Дугаар 184/ШШ2018/02420 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Н А Ф” ХХК /РД: 5962552/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Нарны зам , Цома- төв, тоот
Хариуцагч: Б овогт Б.Б /РД: /. Хаяг: Төв аймаг, Жаргалант сум, дүгээр баг, Загдал
Худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 34 250 000 /гучин дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани хариуцагч Б.Б-тай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мах, сүүний хосолмол өндөр ашиг шимт Монбелиард үүлдрийн 23 толгой өсвөр үхрийг нэг бүрийг нь 4 500 000 төгрөгөөр тооцон нийт 103 500 000 төгрөгөр худалдахаар 2016 оны 5 дугаар сарын өдөр 03/005 тоот “Үхэр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээний нийт үнийн 103 500 000 төгрөгийг гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар заасан боловч эхний 50 000 000 төгрөгийг хугацаандаа төлж, дараа дараагийн төлбөрийг цувуулан 28 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 32 000 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 6 110 180 төгрөгийг хүлээн авсан.
Иймд харицагч Б.Б-с гэрээний үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг, алданги 10 750 000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 4 000 000 төгрөгт ногдох алданги 2 000 000 төгрөг, нийт 34 250 000 төгрөгнөөс 6 110 180 төгрөгийг хассан дүн болох 28 139 820 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд байгуулсан 03/005 тоот “Үхэр худалдах, худалдан авах гэрээ”-гээр 16 сараас дээш настай 23 толгой үхрийг нэг бүрийг нь 4 300 000 төгрөгөөр авахар тохиролцсон. Гэтэл худалдагч талаас нийлүүлсэн 3 үхэр нь 16 сардаа хүрээгүй жижиг тугал байсан. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал Ж.Б энэ тухай мэдэгдэхэд зүгээр авчих нэг тугалыг нь 2 500 000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн. Үхрүүдийг Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах “Х Н” ХХК-ийн Н Ф дээрээс авсан бөгөөд хүлээж авахад нэхэмжлэгч “Н А Ф” ХХК-ийн захирал Ж.Б өөрөө байгаагүй, хүлээлгэж өгсөн хүмүүс нь харьцангуй муу үхрүүдийг ялгаж өгсөн, энэ тухай утсаар өөрт нь хэлсэн болно. Мөн үржилд орох нас болоогүй 1 үхэр нь хээлтэй байснаас тугалаа гаргаж чадалгүй үхсэн. Мөн 23 толгой үхрийн нийт үнийг 100 000 000 төгрөг гэж гэрээний 8 дахь заалтаар тохиролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний данснаас 6 110 180 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулан өгсөн. Хэдийгээр гэрээнд алдангийн талаар заасан ч бид алданги гэсэн хэсгийг балаар дарж, алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Би нэхэмжлэгчээс үхэр худалдан авсан, надад үхрийг хүлээлгэж өгөхдөө захирал Ж.Б өөрөө байсан бол гэрээнд зааснаас бага сартай 3 үхрийн үнийг бууруулж тохирсноо бичгээр баримт үйлдэх боломжтой байх байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н А Ф” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шаардлагаа 6 110 180 төгрөгөөр багасгаж 28 139 820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 03/005 дугаартай “Үхэр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдагч “Н А Ф” ХХК нь үүлдэр угсааны удмын санд бүртгэгдсэн, гэрчилгээтэй 300 кг-аас дээш жинтэй, 16 сараас дээш насны 23 толгой монбелиард үүлдрийн өсвөр үхрийг, нэг бүрийг нь 4 500 000 төгрөг, нийт 103 500 000 төгрөгөөс урамшуулал 3 500 000 төгрөгийг хасаж, 100 000 000 төгрөгөөр худалдан авагч Б.Б-д нийлүүлэх, худалдан авагч нь 50 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 25 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн дотор, 25 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу худалдан авагч нь 78 000 000 төгрөгийг хугацаанд нь, 4 000 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 6 110 180 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн, нийт 88 110 180 төгрөгийг худалдагч талд төлсөн талаар талууд маргахгүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, худалдагч барааг худалдан авагчид хүлээлгэн өгсөн байх боловч хариуцагч хүлээн авсан барааныхаа үнийг нь тогтоосон хугацаанд төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ гэрээнд заагдсан чанарын шаардлага хангаагүй 3 үхрийн үнийг бууруулахаар нэхэмжлэгч компанийн захиралтай тохиролцсон, хээлтэй ирсэн нэг өсвөр үхэр тугаллаж чадаагүй үхсэн гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан 957916 кодтой монбелиард үүлдрийн үхрийг төрөхийн хүндрэлийн улмаас үхсэн болохыг тогтоосон “Б Т Э” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтод үхрийг үхсэн өдрийг заагаагүйгээс худалдан авсан өдрөөс хойш 1 жилийн дараа үхсэн буюу худалдан авагчийн эзэмшилд байх хугацаандаа хээл авсан гэж үзэхээр байна. /хх-ийн 166/
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байх, худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч дээр дурдсан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.
Хариуцагч Б.Б нь гэрээнд зааснаас бага насны 3 үхэр байсныг хүлээж авах үедээ мэдсэн ч түүнийг хүлээн авсан, энэ тухай нэхэмжлэгч компанийн захирал Ж.Б-д мэдэгдсэн гэж тайлбарласан ч хуульд заасан хугацааны дотор эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч нь гэрээний дагуу хүлээн авсан 23 толгой үхрийг нэхэмжлэгч “Н А Ф” ХХК-иас бус “Х Н” ХХК-ийн “ Н Ф”-ээс хүлээн авсан гэж маргаж байгаа ч талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дахь заалтаар үхрийг хаанаас авах талаар тохиролцсон, хариуцагч үхрийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй байх тул эрхийн доголдолтой гэх үндэслэлгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээний 8 дахь заалтаар 23 толгой үхийн нийт үнийг 103 500 000 төгрөг, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн тохиолдолд 3 500 000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байгаа ч гэрээний агуулга, хариуцагчийн тайлбараас үзэхэд худалдан авагчийн гэрээний дагуу төлөх нийт төлбөр 100 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийн “нэхэмжлэгч компанийн захирал Ж.Б буюу компанийг төлөөлөх эрхтэй этгээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 23 толгой үхрийг хүлээлгэн өгөөгүй, хүлээлцсэн баримт үйлдээгүйгээс гэрээнд зааснаас бага насны 3 үхрийн үнийг бууруулах талаар бичгээр баримт үйлдэх боломжгүй байсан гэх, мөн гэрээ байгуулах үедээ алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд гэрээний 6.2 дахь заалтын агуулгаас үзэхэд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Мөн талуудаас шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03/005 тоот гэрээний 3 дугаар хуудсанд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, бичилт нь адил байгаа бөгөөд 2 дугаар хуудасны алдангийн талаар заасан 6.1, 6.2 дахь заалтад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хувьд “Гэрээний 8–д заасан гэрээний үнийн дүнгээр тооцно” гэж, хариуцагчаас гаргаж өгсөн хувьд “Гэрээний 3.1-д заасан үнийн дүнгээр тооцно” гэж заасныг 8 болгож гараар зассан, 6.2 дахь заалт алданги 0,5 % гэснийг 0,0 болгож гараар зассан зэргээс дүгнэхэд алданги тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй байна. /хх-ийн 4, 163/
Учир нь нэг дор үйлдсэн 2 гэрээний зөвхөн 6.1 дахь заалт өөр байгаа ба тухайн хуудсанд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй, гэрээний төслийг нэхэмжлэгч тал боловсруулсан гэж талууд тайлбарласан.
Иймд хариуцагч Б.Бгийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийг гэрээний нийт үнэ 100 000 000 төгрөгөөс түүний төлсөн 88 110 180 төгрөгийг хассан дүн 11 889 820 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс 22 360 180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Хэрэг хянан хэлэлцэх хуралдаанд хариуцагчийн хүсэлтийн дагуу үхрийг хүлээлгэн өгөхөд “Х Н” ХХК-ийн Н Ф-ээс хариуцагч Б.Б-гийн худалдан авсан 23 толгой үхэр тус бүрт хөтөлсөн паспортод үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал нь хариуцагчийн татгалзлыг нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 11 889 180 /арван нэгэн сая найман зуун наян есөн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н А Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 360 180 /хорин хоёр сая гурван зуун жаран мянга нэг зуун ная/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205 177 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ