Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0849/Э |
Дугаар | 2022/ШЦТ/887 |
Огноо | 2022-09-14 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/887
2022 09 14 2022/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: Ц.Б /томилолтоор/ нар оролцсон эрүүгийн 2209000001362 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1978 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, тавилгын үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 1, Б овгийн Г.Б
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 07-р сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо Хангайн 2-95 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Э-гийн нүүрэн тус газарт архины шилээр цохиж, зодон биед нь зүүн хацар ясны хоёрлосон хугарал хамар ясны хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, дух, зүүн шанаа, чих, завжны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, баруун зовхи хацар, хэлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2209000001362 дугаартай хэргээс:
Хохирогч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн10024 дугаартай:
1. И.Э-гийн биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал хамар ясны хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, дух, зүүн шанаа, чих, завжны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, баруун зовхи хацар, хэлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-95 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Э-гийн нүүрэн тус газарт архины шилээр цохиж, зодон биед нь зүүн хацар ясны хоёрлосон хугарал хамар ясны хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, дух, зүүн шанаа, чих, завжны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, баруун зовхи хацар, хэлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч И.Э “...Бид 3 Батаагийн гэрт ороод Батаа 1 шил архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Ууж дуусаад Батаа тэр залууг архинд явуулсан. Тэр залуу архинд яваад гаднаас орж ирэнгүүтээ архитай шилээрэй миний толгой руу чих рүү маш олон удаа цохисон. Цохиод байхаар нь би чи ахыгаа аллаа шүүдээ битгий зодооч гэж гуйсан гуйгаад бахад зодоод байсан. Тэр залуу намайг цохиж байхад чихнээс цус гараад байсан. Тэр танихгүй залуу миний толгой руу архины шилээр мөн хоосон шилээр зохисон. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад 176.660 төгрөгийн хохирол эмчилгээний зардалд гарсныг Г.Б дансаар өнөөдөр өгсөн.Одоо дахин нэхэмжлэх зардал мөнгө байхгүй. Хуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Б “...Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12цагийн орчимд зүс таньдаг Батхорол гэх ахынд очиход Батхорол ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр архи хувааж уугаад сууж байхад гаднаас Батхорол ахын найз гэх хүн орж ирээд бид 3 архи хувааж уугаад сууж байхад Батхоролын найз гэх хүн нь шорон яриад байхаар нь дургүй хүрээд ууж байсан 0.5 литрийн Хараа нэртэй архины шилээр тэр хүний толгой дээр 3 удаа цохисон архины шил хагараагүй тэгтэл тэр хүний толгойноос цус гараад тэр хүн гараад яваад өгсөн. Тэгээд би араас нь гэр рүү харихаар явсан гэртээ ороод унтаж байхад Батхорол гаднаас 2 цагдаатай хамт орж ирээд 2цагдаа намайг дагуулаад эрүүлжүүлэх байранд аваачсан....” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10024 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 2-95 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Э-гийн нүүрэн тус газарт архины шилээр цохиж, зодон биед нь зүүн хацар ясны хоёрлосон хугарал хамар ясны хугарал, зүүн хэнгэргэн хальсны цоорол, дух, зүүн шанаа, чих, завжны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, баруун зовхи хацар, хэлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Э-гийн нүүрэн тус газарт архины шилээр цохиж, зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Г.Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН