Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бт холбогдох эрүүгийн 2219000000196 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Р.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт байрлах Соёл, спорт заалны гадна Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын цагдаа ажилтай Б.А, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Д.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх, Б.Анар-Эрдэнийг заамдах, энгэрийн камерыг цохих, Д.Оийн цээж рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Б.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Соёл спортын төвд Нийтийн биеийн тамирын наадам зохиогдож нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн дэд ахлагч Оийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тус өдрийн 22 цаг 30 минутын үед Соёл спорт заал руу орох үед Соёл спорт заалны ертөнцийн зүгээр баруун талд байх хатуу хучилттай цементэн автомашины зогсоол дээр Дэлгэрэх сумын иргэн Р.Б нь миний хойноос А пизда, А пиздад миний машин байгаа гэхээр нь та юу яриад байгаа юм бэ, чиний машин надад юу гэж байдаг юм гэхэд Р.Б нь чи миний машиныг өдөржингөө сахиж суугаа биз дээ гэж хэлээд миний өөдөөс алхаж ирээд зүүн гараараа миний хээрийн хувцасны энгэр хэсгээс заамдахаар нь би баруун гараараа Бийн бүснээс барьж авахад Б нь надад хандаж чи зүгээр байгаарай, миний машиныг зогсоолоо гэж хэлээд зууралдаад байхаар нь би энгэрийн камераа асаах гээд зүүн талын энгэрт байсан камерыг асаах гээд товчийг дарах үед миний энгэрийн камерыг цохиж газарт унагаасан... Танд цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар шаардлага тавьж байна гэж хэлэхэд Р.Б нь намайг хэл амаар доромжилсон үйлдлээ үргэлжлүүлэн намайг хоёр гараараа миний хоёр хөлийг бариад газарт хавсарч унагаах үедээ дээрээс дарж унасан ба цээж, хэвлийн хэсэгт өвдөглөх үед О миний дээрээс Р.Бийг татаж босгосон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 100-101 дүгээр хуудас/,

          Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэх залуу А пизда өдөржин миний машиныг сахиж зогслоо, миний машиныг өг гэхэд цагдаагийн дэд ахлагч А би чиний машиныг мэдэхгүй, би эргүүл шалгалттай явж байна гэхэд Б цагдаагийн дэд ахлагч Ад хандаж чи миний машиныг өдөржингөө сахиж суугаа биз дээ гэж хэлээд Б нь бид хоёрын өөдөөс алхаж ирээд Анар-Эрдэнийг гараараа цагдаа хувцасных нь энгэр хэсгээс заамдаж аваад пизда минь, чи миний машиныг сахиж зогсоо биз дээ гэсэн... Тухайн үед цагдаагийн дэд ахлагч А энгэрийн камераа асааж бичлэг хийх гэхэд энгэрийн камерыг нь Б нь цохиж газарт унагаасан ба би Бт хандан амрыг эрье, цагдаагийн дэд ахлагч О байна, та цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн биед халдаж болохгүй гэхэд Б нь тухайн үйлдлээ үргэлжлүүлэн цагдаагийн дэд ахлагч Анар-Эрдэнийг хэл амаар доромжлоод цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, цагдаагийн дэд ахлагч Анар-Эрдэний цагдаагийн албаны хувцасны энгэр хэсгээс заамдсан гараа авахгүй байхаар нь би Бийн гарыг татан салгахад намайг Б нь баруун гараараа миний цээжний хэсэгт цохиод дахиад цагдаагийн дэд ахлагч Анар-Эрдэнийг заамдаж авсан... Б нь цагдаагийн дэд ахлагч Анар-Эрдэнийг хоёр гараараа хөлийг бариад газарт хавсарч унагаасан... Анар-Эрдэнийн дээр байсан Бийг татаж босгох үед Б нь намайг дахиад хавсар ч унагаах гэж оролдсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 104-105 дугаар хуудас/,

        Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 28-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулиас гараад Спорт заалны ертөнцийн зүгээр баруун зүгээс очиж байх үед Спорт заалны баруун талд автомашины зогсоол дээр нөхөр Р.Б нь сумын цагдаа Атэй маргалдаад байх шиг байсан ба би очиход нөхөр Б.Бийг боль гээд хориглоход миний үгэнд орохгүй цагдаа Атэй зууралдаад, маргалдаад байсан ба тэр үед нөхөр Р.Б нь цагдаа Атэй зууралдаж байгаад газар унаад өгсөн ба А та шаардлага биелүүлэхгүй бол биеийн хүч хэрэглэнэ гэж байсан. Тэгээд нөхөр Б нь миний үгэнд орохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

          Гэрч Г.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Спорт заалны ертөнцийн зүгээр баруун талд авто машины цементэн зогсоол дээр хүмүүс шуугилдаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод очиход Дэлгэрэх суман дахь цагдаа А нэг хүнийг доош нь харуулаад цамцных нь захыг мушгаад шилэн хүзүүн дээр нь дараад байж байхаар нь энэ чинь юу болж байна гэж хэлээд цагдаа А дээр очих үед доор нь байсан хүн Б гээд манай найз байхыг хараад цагдаа Ад ингэж болж байгаа юм уу, наад хүнээ босгочих гэхэд цагдаа А нь уг үйлдлээ үргэлжлүүлээд байхаар нь би Анар-Эрдэнийг Бийн дээрээс түлхэж холдуулаад Бийг цагдаа Анар-Эрдэнийн доороос татаж босгосон ба Бийг бараг цагдаа Аэс булаацалдаж байгаад аваад өөрийн 06-24 ГСА улсын дугаартай машиныхаа урд талын зорчигчийн суудал дээр суулгаад би өөрөө жолоочийн сандал дээр суугаад байж байхад миний буруу талын хаалгаар А, О цагдаа нар 2-лаа ирээд Бийг авах гэхээр хаалгаа дотор талаасаа түгжсэн юм...Түүний дараа Цагдаагийн газрын дарга хошууч Даваахүү миний гар утас руу залгахад би болсон зүйлийг хэлэхэд Бийг цагдаа нарт өгөөд явуул гэхээр нь би өнөөдөр ямар ч байсан өгөхгүй, Бийг өнөөдөр гэрт нь амраагаад маргааш цагдаа нартай уулзуулна, энэ асуудлаас болсон зөрчлийг би өөрөө хариуцна гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

        Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би сумын Монгол ардын намын дарга Батсайханыг дуудчихаад байж байтал сумын засаг даргын машин гарах гээд байхаар нь би өөрөө машинаа ойролцоогоор 10 орчим метр газар ухраагаад буцаагаад байрлуулсан юм. Тэгэхэд Батсайхан ирээд миний машиныг Батсайхан унаад спорт заалны гаднаас хөдөлтөл сумын цагдаа А зогсоогоод Батсайханы бичиг баримтыг шалгаад явуулсан. Тэгээд би Батсайханы дэлгүүрээс 0.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг худалдаж аваад буцаад соёлын төвийн гадаа Батсайхантай хамт ирсэн. Тэгтэл нутгийн Жав гэдэг ах миний машинд орж ирэхдээ “Чи яачихсан юм бэ” сумын цагдаа А 30-73 УНБ улсын дугаартай автомашиныг зогсоогоорой” гээд утсаар яриад явж байна гэж хэлсэн. Тэгээд би машиндаа сууж байгаад Батсайханы дэлгүүрээс авсан 0.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг уучихаад спорт заал руу ороод ойролцоогоор 20 орчим минут болоод гарч иртэл миний машин заалны гадаа байхгүй байсан. Миний машин яачихав гээд зогсож байтал надаас 10-15 метр зайд сумын цагдаа А зогсож байхаар нь "Анараа миний машин яачихав, чи миний машиныг маллаад байсан юм биш үү” гээд араас нь хашхирсан чинь сумын цагдаа А ирээд намайг цагдаагийн кубон руу авч явах гээд татаж чангаагаад байхаар нь явахгүй гээд гэдийсэн чинь намайг боочихсон юм билээ...Би Ад боолгоод бараг ухаан алдах гэж байхад манай сумын Засаг дарга Банзрагч ирээд намайг өөрийнхөө автомашинд суулгасан. Би тэр өдөр ердөөсөө 0.5 литрийн лаазтай пиво 3 ширхгийг л уусан байсан. Өөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй... Цагдаа ойролцоо зогсож байсан, мөн миний машиныг зогсоогоорой гэж ярьж байсныг нь бодоод л би тэгээд хэлчихсэн юм...Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би юу болсон талаар мэдээгүй байж цагдаагийн албан хаагчийн биед халдаж, шаардлага эсэргүүцсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 87-88 дугаар хуудас/,

         “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №760 дугаартай “Бугуйн цагны оосор 20,000 төгрөг, Бугуйн цагны шилэн нүүр 10,000 төгрөг, бүгд 30,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 56-58, 63-65 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №759 дугаартай “... Камер /энгэрийн албаны/ 220,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 56-58, 63-65 дугаар хуудас/,

          “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №849 дугаартай “... өмд /оёж засварлах/ 2500 төгрөг, цамц /оёж засварлах/ 2500 төгрөг, нийт 5,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

         Хувцсанд газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Анар-Эрдэнийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

          Б.Анар-Эрдэнийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сум дахь цагдаагаар томилсон тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/186 дугаартай тушаал /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,

          Д.Оийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хангах тасгийн эргүүлийн цагдаагаар томилсон тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/195 дугаартай тушаал /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт байрлах Соёл, спорт заалны гадна Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сумын цагдаа ажилтай Б.А, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Д.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх, Б.Анар-Эрдэнийг заамдах, энгэрийн камерыг цохих, Д.Оийн цээж рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

         “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.

        Хууль сахиулагч нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг тул гэмт этгээд, хууль зөрчсөн иргэдээс тэднийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийж байгаа санаатай хэлбэрээр илэрдэг, хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

         Хохирогч Б.А нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Дэлгэрэх сум дахь цагдаагаар томилогдон ажиллаж байгаа, хохирогч Д.О нь  Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хангах тасгийн эргүүлийн цагдаагаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/186 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/195 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Р.Б нь Б.Анар-Эрдэнийг заамдах, энгэрийн камерыг цохих, Д.Оийн цээж рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн ба шүүгдэгч Р.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           Шүүгдэгч Р.Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрт нь ямар ч харилцаа хамааралгүйгээр хууль сахиулах үүргээ биелүүлж явсан Б.Анар-Эрдэнийн араас “... А пизда, А пиздад миний машин байгаа ...” гэх зэргээр олон нийтийн газар төрийн албан хаагчыг зүй бус үг хэллэгээр дуудаж улмаар “чи миний машиныг өдөржингөө сахиж суугаа биз дээ” гэж өдөөн хоргоож, хувцасны энгэр хэсгээс заамдах, энгэрийн камераа асаах гэхэд нь цохиж газарт унагаан эвдэх, хэл амаар доромжилох, газарт хавсарч унагаан цээж, хэвлийн хэсэгт өвдөглөх, бугуйн цагийг эвдэх, хувцасыг урах зэргээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий хууль сахиулагчид хүч хэрэглэн албан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад хийж, өөрөө газарт унасан үедээ цагдаад зодуулж байгаа мэт ойлголтыг бусдад төрүүлж, бичлэг хийгээрэй гэж хүмүүсийг уриалж өөрийгөө гэм буруугүй гэсэн ойлголт төрүүлэхийг эрмэлзэх, хууль сахиулагч нь шаардлага биелүүлэхгүй үед биеийн хүч хэрэглэж түүний үйлдлийг зогсоох үед боолгож ухаан алдаж байгаа байдал үзүүлэх, тэгсэн атлаа хууль сахиулагийг доромжлох үйлдлээ үргэлжлүүлэх зэргээр хууль сахиудагийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 28-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад Спорт заалны баруун талд автомашины зогсоол дээр нөхөр Р.Б нь сумын цагдаа Атэй маргалдаад байх шиг байсан ба би нөхөр Б.Бийг боль гээд хориглоход миний үгэнд орохгүй цагдаа Атэй зууралдаад, маргалдаад байсан. Тэр үед нөхөр Р.Б нь цагдаа Атэй зууралдаж байгаад газар унаад өгсөн ба А та шаардлага биелүүлэхгүй бол биеийн хүч хэрэглэнэ гэж байсан. Тэгээд нөхөр Б нь миний үгэнд орохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ерөөлдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөэ: “...Б нь надад хандаж “гар утсаараа бичлэг хийгээрэй” гэсэн болохоор өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн ба харанхуй байсан болохоор юу болж байгаа нь харагдахгүй байхаар нь устгачихсан...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

          Иймд шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Хохирогч Б.Анар-Эрдэнийн эд хөрөнгөд нийт 255,000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б нь төлж барагдуулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба энэхүү мэдүүлгийг улсын яллагчийн зүгээс “220,000 төгрөгийн энгэрийн камерын үнийг аймгийн цагдаагийн газарт дансаар шилжүүлж, Б.Анар-Эрдэнийн хувийн эд хөрөнгийг оёж, засварлаж өгсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа гэж давхар нотолж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт 6 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

         3.Шүүгдэгч Р.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА