Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

2022          05          06                                     2022/ШЦТ/479

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч М.Г-, О.Г-,

шинжээч Б.Баяртогтох,

шүүгдэгч С.П-, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000157 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “...” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 579 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224.1, 79.2, 224.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.П-,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Л- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

С.П- нь 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цаг 23 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн В2 давхрын авто зогсоолд О.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар маргааны явцад нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язрал, дух, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Тус газарт гарсан бусдын хоорондын маргааныг зохицуулахаар ирсэн тус төвийн хамгаалагч ажилтай хохирогч Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Л- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн В2 давхарт зогсоол хааж машин тавилаа гэх шалтгааны улмаас  хоорондоо маргалдах явцад хохирогч М.Г-ын биед халдан цохиж, эрүүл мэндэд нь баруун хөлийн гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.П-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П- мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч О.Г-д 3.000.000 төгрөг, Б.Б-д 500.000 төгрөг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л- мэдүүлэхдээ: ... Марал нь миний эд хөрөнгөнд халдаж өмссөн цувыг ураад машиныг өшиглөөд урт зүйлээр цохихоор нь би түлхэж холдуулахад М.Г-тай хамт унасан. Энэ хүн надаас болж гэмтсэн учир би хохиролд 6.000.000 төгрөг төлсөн. Би М.Г- түлхэж унагааснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г- мэдүүлэхдээ: ...Бид гарах гэтэл гарцан дээр машин зогсож байхаар нь сигналдтал баахан булчин шөрмөс болсон залуучууд буугаад ирсэн. Ингээд маргаан болохоор нь би өөрийн найз Маралыг салгаж аваад машинд суулгах гээд явж байтал Б.Л- миний зүүн талаас ирээд тохойгоороо хүзүүн тус газарт түлхтэл би унасан. Гэтэл миний баруун хөл эргэцэн байсан. Би болж байгаа асуудлыг мэдэх чадвартай байсан. Ингээд би босож чадаагүй ба хамгаалагч ирж намайг машинд суулгаж өгсөн. Эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Би өөрөө бас тамирчин байсан болохоор асуудлыг хүндрүүлье гэж бодоогүй. Гэтэл надад гэмтэл учруулснаа хүлээхгүй байсан учир би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Гэвч Б.Л- нь залуу хүн учир хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Г- мэдүүлэхдээ: ...Би машин дээр очоод ярилцаж байтал миний нүүр рүү цохьсон. Манай найз охин ирээд намайг холдуулсан. Гэтэл миний үүдэн дээд шүд хугарсан байсан. Эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Баяртогтох мэдүүлэхдээ: ...Хохирогч М.Г-ын баруун хөлийн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөлийн шилбэ нь 2 ястай бөгөөд анатомын бүтцийн хувьд шаант болон тахилзуур яс гэж нэрлэдэг. Тахилзуур болон шаант яс нь нэг юм. Дээрх хугарал нь хөл алдах, түлхүүлээд унах, хий гишгэх зэрэг аль ч үед үүсэж болно. Өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн үед үүсэх боломжтой. Рентген зургийг нэршлээр нь тавхайн яс гэж нэрлэдэг бөгөөд үүндээ тахилзуур яс хугарсныг дурьдсан байгаа гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хохирогч Б.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / хх 10-11 /, хохирогч Б.Б-ын мэдүүлэг / хх 14 /, гэрч Ж.М-ын мэдүүлэг / хх 20 /, хохирогч М.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / хх 109 /, хохирогч М.Г-ын мэдүүлэг / хх 65-66 /, гэрч Г.О-ийн мэдүүлэг / хх 106 /, хохирогч О.Г-ийн мэдүүлэг / хх 117 /, гэрч Б.Э-ын мэдүүлэг / хх 114 /, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 31-32, 137-138 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 920 дугаартай дүгнэлт / хх 15-16 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1884 дугаартай дүгнэлт / хх 59-60 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1884 дугаартай дүгнэлт / хх 118-119 /, хохирогч Б.Б-аас гаргасан хохирлын баримтууд / хх 37 /, хохирогч О.Г-эс гаргасан хохирлын баримтууд / хх 188-189 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 44-45, 144-148 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 73-74, 84 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 75, 169 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

С.П- нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цаг 23 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн В2 давхрын авто зогсоолд О.Г-тэй зам хааж машинаа тавилаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язрал, дух, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, дээрх маргааныг зохицуулахаар ирсэн тус төвийн хамгаалагч ажилтай хохирогч Б.Б-ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Л- нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн В2 давхарт зогсоол хааж машин тавилаа гэх шалтгааны улмаас  маргаанд оролцож, зүй бус үйлдэл гаргаж байсан М-ын үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийсэн хохирогч М.Г-ын биед халдаж, нүүрэн тус газар нь цохин унагааж, түүний хөл дээр гишгэсний улмаас эрүүл мэндэд нь баруун хөлийн гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Б.Б-ын гэрчээр өгсөн / хх 10-11 / “...Намайг очих үед цагаан өнгийн Ланд 200 машинд 40 гаруй насны 3 хүн, хөх өнгийн бенз маркийн машины хажууд 3 эрэгтэй, 2-3 эмэгтэй байсан. Намайг яг очих үед Бенз машинд сууж байсан урт үстэй, ардаа үсээ боосон залуу нь Ланд 200 маркийн машинд байсан цэнхэр өнийн цамцтай эрэгтэй рүү дайрахад нь би салгах гэж тэвэрч аваад хойшоо татаад Ланд 200 машины ойролцоо очиход тус машинаас 165 орчим өндөртэй хар ханцуйгүй ноосон цамцтай 40 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд баруун гараараа миний зүүн нүд рүү 2-3 удаа цохиж, миний нүдний шилийг хагалсан. Би нүдээ дараад холдоод явсан бөгөөд ахиж тэр хүмүүс рүү ойртоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Б.Б-ын / хх 14 / “...Үсээ ардаа боосон хар үстэй залуу гүйж ирээд хоёр машины дунд зогсож байсан Ланд 200 машины жолооч /М.Г-/-ыг баруун гараараа нүүрэнд нь цохиод газар унагаачихсан. Энэнээс өөр гэмтэл учруулахаар зодолдсон зүйл би хараагүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ж.М-ын / хх 20 / “...Гарах хэсэг дээр зогсож байхад урдуур машин хөндөлсөж зогсож уг Бенз машинаас нэг эрэгтэй бууж ирсэн бөгөөд манай машинаас М.Г- бууж очоод ярилцаж гэнэт маргаан үүссэн. Энд тэндгүй үйл явдал  болж би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас яг хэн хэнийг цохьсон талаар мэдэхгүй. ...Урд буфер рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...Гантулгын хөл нь хажуу тийшээ эргэчихсэн сууж байсан. Хэн цохиж гэмтээснийг би хараагүй...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч М.Г-ын гэрчээр өгсөн / хх 109 / “...Тэр залуучууд дундаас өндөр цагаан сорочиктой нэг залуу, үсээ боосон хар цамцтай залуу нар агсраад байсан. Цагаан сорочик өмссөн үсээ боосон залуу нь намайг татаж чангааж байгаад газар унагаасан бөгөөд миний дээрээс дараад уначихсан. Тэгээд миний хөл гэмтсэн. ...Миний биед учирсан гэмтлийг үсээ боосон залуу ирж намайг түлхэж унагаагаад газар уначихсан байхад нэг нь хөл дээр гишгэж миний хөл эргэчихсэн. Санаатай, санамсаргүй гишгэснийг мэдэхгүй байна. Намайг хэвтсэн байхад хүн цохиж зодсон зүйл байхгүй. Дээр олон хүмүүс бужигналдаад байсан...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч М.Г-ын / хх 65-66 / “...Бенз машинтай залуучууд дунд байсан өндөр, үсээ ургуулж хойноо боосон, хар цамцтай залуу нь би Маралыг машинд суулгах гээд аваад явж байхад гүйж ирээд миний нүүрний зүүн хэсэгт цохиж унагаасан. Унасны дараа баруун хөл дээр зүүн хөлөөрөө гишгэчихсэн. Тэгээд миний хөл өвдөөд би босож чадаагүй. Таныг цохиж хөл дээр чинь гишгэсэн гэх хүн нь Б.Л- мөн үү гэхэд мөн байна. Тухайн үед маргалдаж харсан учраас шууд таньж байна. Энэ залуу дээгүүрээ хар өнгийн цамцтай, үсээ хойноо боосон урт үстэй байсан. Тухайн үед байсан ... худалдааны төвийн хамгаалагчид болон байсан хүмүүс харсан байгаа. Намайг тэр залуу цохиод хөл дээр гишгэсний дараа хүмүүс салгаж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.О-ийн / хх 106 / “...Ланд 200 машинаас намхан, саравчтай малгайтай, хар өнгийн футболктой 40 орчим насны эрэгтэй бууж ирээд баруун гараараа О.Ган-Эрдэнийн нүүрэнд нэг удаа цохьсон. Гэтэл О.Ган-Эрдэнийн шүд нь унасан бөгөөд О.Ган-Эрдэнийг би аваад зодооноос холдуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч О.Г-ийн / хх 117 / “...Ланд 200 машинаас бууж ирсэн намхан, шар царайтай, хар өнгийн подволктой хар өнгийн саравчтай малгай өмссөн хүн маргаан үүсгэж хамгийн түрүүнд бууж ирээд намайг баруун гараараа миний уруулын зүүн дээд хэсэг рүү нэг удаа цохиход миний шүд унасан. ...Миний хажууд манай эмэгтэй найз болох Г.Очгэрэл хамт байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Э-ын / хх 114 / “...Б2 давхарт манай найз Б.Л-, О.Г- нар нь бусадтай маргалдаж байсан.  ...О.Г- шүд рүүгээ цохиулчихсан гээд цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: / хх 31-32, 137-138 / “...Бичлэгийн 00:12:31 секундэд саарал өнгийн өмдтэй О.Г-ийг хар өмд, хар куртик, хар саравчтай малгайтай эрэгтэй /Отгоо/ баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж байх бөгөөд хүмүүс салгаж холдуулж байна. ...хамгаалагч Б.Б-ын нүүрний баруун хэсэгт Ланд 200 машинаас бууж ирсэн хар подволктой эрэгтэй /Отгоо/ нь дэлгэцний зүүн дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж байх бөгөөд Б.Б- нүдээ барьж камерны тусгал хэсгээс гарч явж байна...” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 920 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ын биед баруун дээд зовхинд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 15-16 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1884 дугаартай дүгнэлтэд:

1. М.Г-ын биед баруун хөлийн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой гэжээ. / хх 59-60 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1884 дугаартай дүгнэлтэд:

1. О.Г-ийн биед зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, язрал, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 118-119 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.П-, Б.Л- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.П-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Б.Л-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь сэдэлт зорилгын хувьд миний үйлчлүүлэгч хохирогч М.Г-д гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Өөрийн эд хөрөнгөнд гэмтэл учруулсныг таслан зогсоох үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Санаатай гэмтэл учруулсан гэсэн нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1. Дээрх маргааныг таслан зогсоохоор очсон хамгаалалтын ажилтан Б.Б- хохирогчоор мэдүүлэхдээ:  “...Үсээ ардаа боосон хар үстэй залуу гүйж ирээд хоёр машины дунд зогсож байсан Ланд 200 машины жолооч /М.Г-/-ыг баруун гараараа нүүрэнд нь цохиод газар унагаачихсан. Энэнээс өөр гэмтэл учруулахаар зодолдсон зүйл би хараагүй...” гэж мэдүүлсэн / хх 14 /.

2.  Хохирогч М.Г-ын  “...Бенз машинтай залуучууд дунд байсан өндөр, үсээ ургуулж хойноо боосон, хар цамцтай залуу нь би Маралыг машинд суулгах гээд аваад явж байхад гүйж ирээд миний нүүрний зүүн хэсэгт цохиж унагаасан. Унасны дараа баруун хөл дээр зүүн хөлөөрөө гишгэчихсэн. Тэгээд миний хөл өвдөөд би босож чадаагүй. Тухайн үед байсан Шангрилла Молл худалдааны төвийн хамгаалагчид болон байсан хүмүүс харсан гэж мэдүүлжээ. / хх 65-66 /

3. Дээрх мэдүүлгүүд үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан “...” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Б.Л- нь хохирогчийн араас гүйж очоод цохиж унагааж байгаа нь бичигдсэн байх бөгөөд хохирогчийн унасан, хөл хугарсан 2 шалтгаант холбоотой, дээрх үйлдэл нь санаатай үйлдэл болно.

4. Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч нь өөрийн эд хөрөнгөө хамгаалж, болгоомжгүй байдлаар гэмтэл учруулсан гэжээ. / хх 186 /

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л- нь хохирогчийг санаатай цохиж, гэмтэл учруулсан нь нотлогдсон болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч С.П-, Б.Л- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.П-, Б.Л- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч нарт хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Л- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогч М.Г-ын санал хүсэлт, хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэснээс асуудалд зөв дүгнэлт хийх чадваргүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч С.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгний торгох, шүүгдэгч Б.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.П-, Б.Л- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Шүүхийн шатанд шүүгдэгч С.П-оос хохирогч нарын эмчилгээний зардалд О.Г-д 3.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн бөгөөд эдгээр хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Л-оос хохирогч М.Г-ын эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, С.П-, Б.Л- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт С.П-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ... овогт Б.Л-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгний торгох ялаар,

шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.П-, Б.Л- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.П-, Б.Л- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. С.П-, Б.Л- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.П-, Б.Л- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ