Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 2219002420226 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Д.Ц

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Бичигтийн 226 тоотод хохирогч С.Пгийн нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ... гэв.

          Хохирогч С.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай эхнэр Ц, би, Дарьсүрэн эгч бид гурав гэрт юм яриад сууж байгаад би гэрээс гарч бие засах гэж байсан чинь эрэгтэй До.Ц ирээд Дарьсүрэн эгчтэй маргалдаад байсан. Тэгсэн чинь манай эхнэр Ц эрэгтэй До.Цг загнасан чинь До.Ц манай эхнэртэй маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах, болиулах гэсэн чинь До.Ц намайг баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохихоор нь би өөрийнхөө 80-62 ДГА улсын дугаартай машиндаа суусан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

          Гэрч Г.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 сарын 14-ний өдөр Дэ.Ц, С.П хоёр манайд хүүхдээ харуулж үлдээсэн юм. Орой 9 цагийн орчим Дэ.Ц болон С.П хоёр хүүхдээ авах гэж ирэхэд нь би тэд хэдийг гаргаж өгөх гээд гэрээсээ гартал өөдөөс До.Ц халамцуу маягтай гарж ирээд танайд орьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гарч явна яах гэж байгаа юм бэ гэж асуухад миний мөрөн дээгүүр гараа тавиад та намайг оруулсангүй, би танд гомдож байна гэж хэлсэн. До.Ц гомдох маягтай мөрөн дээр гараа тавьчихаад авахгүй зууралдаад зогсоод байхаар нь би гарыг нь мөрөн дээрээсээ хүчээр аваад цааш нь түлхээд гэрлүүгээ орох гэтэл араас миний дал хавьцаа цохисон юм. Тэгээд би, чи намайг зодох гэж байгаа юм уу гэхэд Дэ.Ц болон С.П хоёр До.Цгийн 2 гарыг барьж аваад та орж бай бид хоёр Цг тайвшруулаад гэрт нь хүргээд өгье гэж хэлэхэд би гэрлүүгээ явж орсон. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр... Цгийн нөхөр П ах чи манай эхнэрийг алгадлаа гэж хэлээд над руу дайрахаар нь би П ахыг тэврээд авсан чинь бид хоёр зууралдаж байгаад унаад өгсөн. Цааш нь юу болсныг сайн санахгүй байна... би өөрийн хийсэн үйлдэлд үнэхээр гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 62 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0307 дугаартай “С.Пгийн биед зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

          Хохирогч С.Пгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74, 78-84 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Бичигтийн 226 тоотод хохирогч С.Пгийн нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Цгийн үйлдлийн улмаас хохирогч С.Пгийн эрүүл мэндэд зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0307 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч С.П нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан байна.

          Хохирогч С.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Д.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА