Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Год холбогдох эрүүгийн 2219002520225 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З.Г

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч З.Г нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Уийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “архи их уулаа” гэх зүйлээр шалтаглан, үснээс нь чирэх, нүүр рүү нь 2-3 удаа цохисон, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “зээл тавьсан байна” гэх зүйлээр шалтаглан, нүүр рүү нь 2-3 удаа цохисон, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “бусадтай явалддаг” гэх зүйлээр хардаж шалтаглан, нүүр рүү алгадах, цохих зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч О.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 сарын 08-ны өдөр би гэртээ охин Төгсжаргалын хамт байж байхад манай нөхөр 17 цагийн үед ирсэн, тэгээд намайг муу янхан гичий яасан их архи уудаг юм гээд нүүр рүү 2,3 удаа гараараа цохиж үснээс чирсэн. 2022 оны 06 сарын 10-ны өдөр гэртээ Баатар гэх залуу, манай охин Төгсжаргал бид 3 байж байхад гаднаас орж ирээд нүүр рүү  2, 3 удаа цохиж үснээс чирч унагасан, тэгэхэд манай хөрш орж ирж болиулах гэхэд гэр бүлийн асуудал та нарт хамаагүй шүү гэсэн. 2022 оны 06 сарын 11-ний өдөр Батбаатар гэх айлд байж байхад Г гаднаас орж ирээд чи муу янхан Батбаатарт мотоцикл өгч явуулсан байна, чи Батбаатартай янхандах гээ юу гээд над руу дайрч нүүр лүү 2 удаа алгадаж 1 удаа хөл рүү өшиглөсөн, тэгэхэд Батбаатар салгаж би таны мотоциклыг Энхээгээс авсан гэж хэлэхэд над руу дахин дайрч чи муу Энхээтэй янхандах гээ юу гээд отвёркоор 1 удаа над руу дүрэхэд нь би бултсан, тэгэхэд Батбаатарын эхнэр отвёркыг булааж авсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 12, 29-30, 49-50 дугаар хуудас/,

          Гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г ахын гэрт хүмүүс хэрэлдэж, зодолдоод байхаар нь яваад ороход Г ах У эгчийг үснээс нь зулгааж байсан. Тэгэхээр нь намайг салгах гэхэд “та нарт манай амьдрал хамаагүй шүү” гэсэн. Тухайн үед гэрт нь охин Төгсжаргал, бас нэг залуу байсан. Тэгээд би орхиод гараад явсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

          Гэрч О.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед гэртээ байж байхад У охинтойгоо манайд ирээд байж байтал нөхөр Г нь гаднаас согтуу орж ирээд эхнэртээ агсам тавьж, гутлынхаа түрийнээс ногоон иштэй отверка гаргаж ирээд эхнэрийнхээ гуя руу 1 удаа хатгасан. Тэгээд эхнэр, охин 2 нь гэрээс гараад зугтаасан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр тухайн үед хөдөө айлын мал маллаж байсан бөгөөд миний малыг нь маллаж байсан айлын хүн надад хандан танай эхнэр манай дүүг уруу татаад архи уугаад байна, чи эхнэртээ хэл гэж хэлсэн, тэгээд би утсаар эхнэртэйгээ яриад чи архи уухаа боль гэж хэлсэн. Маргааш өдөр нь миний малыг нь малладаг айлын хүн дахин надад хандаж чи эхнэртээ хэлсэн үү, манай дүүг уруу татаж архи уугаад байна гэж хэлсэн бөгөөд миний уур хүрээд сумын төв ороод иртэл манай эхнэр айлд пиво уугаад сууж байсан бөгөөд би эхнэрээ гэртээ дагуулж очоод эхнэр О.Ут хандан чи архи уухаа боль гэж хэлтэл У надад хандан чамд миний яах хамаагүй гэж хэлсэн, тэгээд миний уур хүрээд Уийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохисон... 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдөр би тухайн үед мөн айлын мал маллаж байсан бөгөөд хөдөө байж байтал манай сумын нэг зүс таних хүүхэн над дээр ирээд миний мөнгийг өгөх болоогүй юм уу гэж хэлсэн, тэгээд би гайхаад юун мөнгө гэтэл танай эхнэр надаас мөнгө зээлсэн тэрийгээ өг гэж хэлсэн. Тэгээд би сумын төв дээр эхнэр О.У дээр очиж хэлтэл манай эхнэр О.У надад хандан чамд хамаагүй гэсэн, тэгээд миний уур хүрээд эхнэрийнхээ нүүрний хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал манай хажуу талын Энхбаяр орж ирээд гарсан... 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрийнхээ гадна мотоциклоо янзлаад байж байтал О.У намайг архи уулаа гээд уурласан бөгөөд би хариу уурлаад гартаа отверка барьсан байж байгаад босоод иртэл манай эхнэр охин хоёр айгаад гэрээс гараад зугтсан тухайн, үед манай найз Батбаатар байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 43-45 дугаар хуудас/,

          Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

          Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

   Шүүгдэгч З.Г нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Уийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “архи их уулаа” гэх зүйлээр шалтаглан, үснээс нь чирэх, нүүр рүү нь 2-3 удаа цохисон, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “зээл тавьсан байна” гэх зүйлээр шалтаглан, нүүр рүү нь 2-3 удаа цохисон, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “бусадтай явалддаг” гэх зүйлээр хардаж шалтаглан, нүүр рүү алгадах, цохих зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

          Шүүгдэгч З.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл гэж үзнэ.

          Шүүгдэгч З.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна. Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

            Хавтаст хэргийн 21-23 дугаарт авагдсан гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнээс харахад хохирогч О.У, шүүгдэгч З.Г нар нь хууль ёсны гэрлэлтийн баталгаагүй боловч тэдгээр нь дундыг 5 хүүхэдтэй, 30 жил хамтран амьдарч байгаа тул гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзнэ.

           Иймд шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

           Хохирогч О.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй, хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан хүсэлтдээ “гомдол саналгй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч З.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.У нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан байна.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй.

           Шүүгдэгч З.Год тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Гыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Год тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4.Шүүгдэгч З.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.          

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА