Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

 

 

 

 

 

   

        

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2219002970234 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         С.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-10 тоотод хохирогч Н.Утай маргалдах явцдаа түүний эзэмшлийн 84-53 ДУН улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн цонхийг хагалж, 500,000 төгрөгийн хохирол учруулж, эд зүйл  гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би гэрээ буулгаад ханаа үдэж байсан, манай эхнэр машин унаад явсан байсан. Би багажаа машинаас авахаа мартаад багаж аваад ир гэхэд оройтож ирсэн. Тухайн үед бороо ороод би гэрээ барьж чадаагүй. Тэгээд уурандаа эхнэрээ 1 удаа цохиж, машиных нь цонхыг хагалсан ...” гэв.

          Хохирогч Н.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авч хамтран амьдрагч С.Бын Дорноговь аймгийн Сайншанд суманд байх гэрт ирсэн бөгөөд ирээд тухайн газраа ойролцоогоор 20 орчим хоноод буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах болсон бөгөөд С.Б тухайн үед миний нүүр болон гэдэс хэсэгт цохиж зодсон, мөн миний эзэмшлийн 84-53 ДУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхийг хагалсан учир цагдаагийн байгууллагад хандсан... С.Б миний машиныг янзалж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 61-62 дугаар хуудас/,

          Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 07 дугаар сарын 26-ны орой гэрээ буулгаад байж байтал миний багаж надад хэрэг болсон бөгөөд тухайн багажууд машин дотор явж байсан бөгөөд эхнэр У машин унаад явсан байсан, би эхнэр лүүгээ залгаад багаж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл нэлээн удаж байгаад ирсэн бөгөөд тухайн үед цаг нэлээн орой болсон байсан тул миний уур хүрээд эхнэрт хандаж чи яасан уддаг юм бэ орой болоод бороо шороо орох гээд байхад гэж хэлээд гараа атгаж байгаад цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 56-57 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1426 дугаартай “... хаалганы шил солих 25,000 төгрөг, гурвалжин шил солих 30,000 төгрөг, багажны нарийн жижиг шил солих 100,000 төгрөг, салхины шил солих 100,000 төгрөг, крыло засах 75,000 төгрөг, спойлер засах 10,000 төгрөг, будах зардал 90,000 төгрөг, 100 гр будаг 20,000 төгрөг, эд анги солих 50,000 төгрөг, нийт 500,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

          Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-10 тоотод хохирогч Н.Утай маргалдах явцдаа түүний эзэмшлийн 84-53 ДУН улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн цонхийг хагалж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч Н.У нь мөрдөн шалгах ажиллагаанд “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА