| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/07289/и |
| Дугаар | 102/ШШ2018/00221 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/00221
| 2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/00221 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Г овогт Х-ын Ц /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух, Д овогт Б А/РД: 0000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 110,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.А, нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч H.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай эхнэр Н.Ц нь 11-91 УБН улсын дугаартай приус маркийн автомашинаа хариуцагчийн авто угаалгын газрын зогсоолд төлбөртэйгээр тавьдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Тус угаалгын газар нь машин угаах зориулалттай учраас машинд нь хохирол учирсан, чийгшил их байдаг, машины гэрэл эвдэрсэн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй учраас машинаа 8 хоног байрлуулаад болихоор шийдээд мөнгөө буцааж авъя гэхэд буцааж өгөхгүй гэж хэлсэн. Иймд үлдэгдэл 110,000 төгрөгийг Б.А-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Ц нь манайд машинаа өмнө нь байнга тавьж байсан. Машинаа тавьдаг хүмүүсийн ихэнх нь өөр граш олохоороо мөнгөө буцааж авъя гэж хэлдэг. Машины гэрэл шатсан, цахилгаан моторт гэмтэл гарсан гэж байгаа нь худал, би ч гэсэн приус машин унадаг зүгээр л байдаг. Хэрвээ үнэнээ хэлсэн бол асуудал өөр байх байсан. Хавар энэ хүн намайг цагдаад өгсөн, граш дотор орж ирээд танхайрсан, намайг цагдаа дээр байцаасан, шүүх эмнэлгээс нуруундаа гэмтэл авсан гэсэн дүгнэлт гаргуулсан байсан. Манай угаалгын газар өвөлдөө машин угаагаад байдаггүй, машин л тавиулдаг. Миний дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, миний тооцоогоор 10 хоног машин тавьсан. Түрээсийн төлбөрөө 1 сараар нь өгвөл хоногийн 5,000 төгрөгөөр төлбөрөө тооцдог гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Б.А-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг авто дулаан зогсоол-ын зориулалтаар 1 сарын хугацаатай, хоногийн 5,000 төгрөгөөр түрээслэхээр амаар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хугацааны дагуу төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
Гэвч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл нэхэмжлэгч нь авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө бүхэлд нь түрээслүүлээгүй, хэсэгчлэн түрээслүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн бусдад түрээслүүлэхэд мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэх хуулийн шаардлага хамаарахгүй, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 8 хоног түрээсэлсэн гэж, хариуцагч нь ... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 хоног түрээсэлсэн гэж маргах боловч хариуцагч нь 10 хоног үл хөдлөх эд хөрөнгөө 10 хоног түрээслүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч түүний дансанд 150,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс үлдэгдэл 110,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байх бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ., 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэжээ. Иймд хариуцагч Б.А-ээс 110,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 110,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР