Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2219000000239 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Д.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав гудамжны 43-4 тоотод хохирогч Б.Бтай маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, баруун зовхи, доод уруул, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ... гэв.

          Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Б ажлаасаа тарж ирээд найзынхаа төрсөн өдөрт явсан. Тэгээд тухайн оройны 23 цагийн үед манай нөхөр намайг дуудсан бөгөөд би нөхрийн найз болох Баатархүүгийн гэрт очтол манай нөхөр найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай нийлээд сууж байгаад нөхөр Бтэй маргалдаад бид хоёр зодолдсон. Баатархүү миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн зүүн мөрний хэсэгт цохисон. Миний толгой дээр болон толгойн арын хэсэгт маш их хавдсан. Зүүн гарын бугалга хөхөрч хавдсан, цээж хөндүүр орсон, зүүн гарын шуу хугарсан... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9, 56-57 дугаар хуудас/,

          Гэрч Б.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр... Болор-Эрдэнийн эхнэр болох Б нь нөхрийгөө хэрүүлийн чанартай үг хэлж нөхөртэйгөө хэрүүл хийж тэр хоёр хоорондоо муудаж, бие биеэ цохиж, үсдэж байхаар нь бид нар салгасан. Тэгээд тухайн хүмүүс гэр гэртээ харихаар манайхаас явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Мөнхмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгтэл Б удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид  нар бөөндөө суугаад хоол унд идээд бага зэрэг ууж идээд байж байтал Б, Б хоёр хоорондоо нохойны талаар ярьж байгаад муудалцаж маргалдах болсон. Тэгээд би болиулах санаатай Б дээр очтол Б миний гэдэсний хэсэгт өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр Баатархүү ирээд салгах гэтэл мөн манай нөхөр Баатархүүг өшиглөсөн. Тэгээд би нөхрөө аваад холдоод явсан. Б, Б нар хоорондоо зодолдож дээр доороо орж байгаа харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч Д.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... би эхнэр Бг үсдэж байгаад толгой хэсэгт нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж аваад дээр доороо ороод унасан, тэгэх үед манай ах эгч хоёр бид хоёрыг салгасан. Тухайн үед бид хоёр дээр доороо ороод ноцолдож байх үед манай эхнэр Бгийн гар хугарчих шиг болсон, гар нь их эвгүй дарагдсан юм, тухайн үед Б босож ирээд гараа бариад зогсож байсан. Б бид хоёрыг газарт унаад ноцолдож байх үед тухайн газар нь барилгын блокнууд байсан, тэр дээр бид хоёр давхралдаж унасан юм ... 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө эхнэр Б.Бтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар би эхнэр Б.Бг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 51-52 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02/0361 дугаартай “Б.Бгийн биед зүүн шуу ясны хугарал, баруун зовхи, доод уруул, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Бгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав гудамжны 43-4 тоотод хохирогч Б.Бтай маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, баруун зовхи, доод уруул, цээж, баруун, зүүн бугалгад цус хуралт, баруун шуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүндэвтэр хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Болор-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02/0361 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Д.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Б нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 80-81 дүгээр талд авагдсан байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА