| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхтуяа |
| Хэргийн индекс | 159/2020/0018/З |
| Дугаар | 114/ШШ2021/0009 |
| Огноо | 2021-06-10 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 114/ШШ2021/0009
| 2021 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 114/ШШ2021/0009 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2020/0018/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булагийн гудамж 2-20 тоотод оршин суух, Алтан билэг ХХК-ийн захирал ажилтай П.Батсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
Нэхэмжлэлийн Хууль бус захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Батсайхан
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа
Хариуцагч П.Сарангэрэл
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие нь Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолоор дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, дуудлага худалдааны доод үнийг 2,0 сая төгрөгөөр тогтоосон 1970 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа нь дууссан,чанар байдлаа алдан тоногдож, тухайн үед ашиглалтгүй байсан бөгөөд Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллогын комиссын шийдвэрээр ашиглалтаас хасагдсан, халаалтын төвийн хуучин барилгыг 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуудлагаар худалдан авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнэ төлбөрийг бүрэн төлсөн билээ. Уг барилга нь ашиглалтын хугацаа дуусаж, чанар байдлаа алдсанаас гадна тулгуур баганагүй болж, дээвэр нь нурж ашиглах боломжгүй болсон, тухайн үед сумдын халаалтын төвүүдийг ...орон нутгийн төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлт, засвар үйлчилгээ хийх боломжгүй байсныг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2005 оны 3/83 дугаар албан бичигт дурдсан байдаг.
Тухайн барилгыг худалдан аваад дээвэр, цонхнуудыг шинэчлэх, тулгуур хийх, хашаажуулах зэрэг засварт 40,0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Халаалтын төвийн тоног төхөөрөмж бүрэн хэмжээгээр актлагдсан байсан учир халаалтын тогоо 2ш, насос 2ш зэрэг 131,4 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан ашиглаж байгаа болно. Халаалтын төвийн гэх барилга нь нийтдээ 500 м2/50м х 10м/ талбайтай, 200 м2/20м х 10м/ талбай бүхий хэсэг нь дээрх 131,4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулан халаалтын зуухны зориулалтаар, ЗООм2 /ЗОм х 10 м/ талбайд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулан жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар тус тус ашиглаж байна. Гэтэл Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоол гарган энэхүү миний өмчлөлийн барилгыг орон нутгийн өмчид авч, үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсүгэй хэмээн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль Арван зургаадугаар зүйл. 3/ заалт/ болон Иргэний хууль /Арван хоёр дугаар бүлэг/-д заасан миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо.
Энэ тогтоолыг хууль бус гэж үзэж байна яагаад гэвэл уг хуралд ийм эрх байхгүй, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан тоотод тодорхой зааж өгсөн байна. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тогтоол дээр орон нутгийн зарим эрх мэдлийг суманд шилжүүлэх тухай тогтоолд тодорхой зааж өгсөн. Энэ журмаар хөрөнгө захиран зарцуулах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байна. Би 2004 онд Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжаар сумын халаалтын төвийг менежментийн гэрээгээр авч ажиллуулсан. Тухайн үедээ төр засаг халаалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод Эрчим хүчний тухай хууль, Тусгай зөвшөөрлийн тухай хууль гараад тусгай зөвшөөрөл эзэмшигч заавал хариуцан ажиллах болсон бөгөөд Тамгын газарт тухайн тусгай зөвшөөрлийг хангах орон тоо байхгүй болохоор хувийн хэвшилд шилжүүлсэн. Энэ тухай 2005 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 3/83 дугаартай албан тоот байдаг. Уг албан тоотод аймгаас бодлого барьж уурын зуухыг хувийн хэвшилд шилжүүлэх чиглэл ирээд хувийн хэвшилд шилжүүлсэн. Ингээд халаалтын төвийг ажиллуулж, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авахын тулд Алтан билэг ХХК-ийг байгуулж, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж ирсэн. Аймгаас барьж байгаа бодлогын дагуу Сумын Засаг даргатай гэрээ байгуулж аймгийн Засаг даргаар батлуулаад ажиллаж байсан. Уг гэрээнд зуухыг өөрийн хөрөнгөөр барьж, засвар үйлчилгээ хийж ажиллуулах, дулааны шугам бусад тоноглолыг орон нутгийн өмчид байна гэж гэрээ байгуулсан. Үүний дагуу зуух тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр бариад 2016 он хүртэл 15 жил ажиллуулсан. Энэ хугацаанд би сум орон нутгаас болон төрөөс хөрөнгө оруулалт засвар үйлчилгээний мөнгө гэж нэг ч төгрөг авч байгаагүй, өөрийн борлуулалтын орлогоор хариуцан ажиллаж байсан. 2016 онд би сумын Засаг дарга болоод компаниа шилжүүлсэн. Тэгээд 2017 оноос Сэлэнгэ энерго ААТОНӨҮГ нь миний өмчийн зуух тоног төхөөрөмжийг гэрээгээр авч халаалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл ажиллуулж ирсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдол гэж байгаа нь надаас мөнгө шантаачилж байдаг Ц.Болормаа гэдэг хүний өргөдөл гомдлын дагуу шийдвэрлэсэн. Ц.Болормаа нь 2007 оны 128 тоот тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэх хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж байсан. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 314 албан тоотоор Алтан билэг ХХК нь Алтанбулаг сумын Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн сумын төвлөрсөн шугамд холбогдсон байгууллага, айл өрхийг дулаанаар хангах үүргийг хэрэгжүүлэхдээ өөрийн өмчлөлдөө бүрэн худалдан авч дээрх барилгыг засан сайжруулсан, нэгэнт дуудлага худалдаагаар худалдан авсан өмчийг тухайн аж ахуй нэгжтэй зөвшилцөлгүйгээр хурлаар шууд орон нутгийн өмчид шилжүүлэн авах боломжгүй бөгөөд зөвхөн тухайн иргэн аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн тохиолдолд худалдан авч орон нутгийн өмчид авах боломжтой. Хэрэв орон нутгийн өмчид худалдан авах санал гаргасан тохиолдолд уг асуудлыг судлан ажлын хэсэг байгуулан худалдан авах төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг цаг хугацаа хөрөнгө шаардсан ажиллагаа явагдах учраас Алтан билэг ХХК-ийн өмчийг орон нутгийн өмчид буцаан авах талаар аймгийн Засаг даргаас тодорхой санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариагүй байна. Иймд таны хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариу өгч байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн үедээ аймгийн Засаг дарга Оргилд өгсөн албан тоотоор тогтоогдоно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хувьчлалын талаар гаргасан тогтоолоо хүчингүй болгохгүй гэдэг байр суурьтай байгаа юм байна гэж би ойлгож байна.
Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хувийн өмчийг орон нутгийн өмчид авах тогтоол гаргасан нь Үндсэн хууль болон бусад олон хуулийг зөрчиж байгаа, миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ:- Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг гаргахдаа нэгдүгээрт багийн иргэдээс гаргасан өргөдөл гомдлоор, хоёрдугаарт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 131 тоот албан бичиг, гуравдугаарт аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/666 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байна. Иргэдээс ирж буй гомдолд зөвхөн иргэн Ц.Болормаа, түүний нөхөр Отгонбаатар, 2 хүүхэд нь 4 иргэн нь энэ гомдлыг гаргадаг ба эдгээр иргэд нь олон нийтийг төлөөлөхгүй юмаа. 2013 оноос хойш иргэн Ц.Болормаа нь нэхэмжлэгчтэй заргалдаж, орон сууц, гэр бүл, бие мах бодид нь хүртэл халдсан, баривчлагдаж байсан. Төрийн байгууллагууд нь энэ хүнээс айж ажлын хэсэг байгуулж шалгадаг. Гэвч иргэн Ц.Болормаагийн талд гарч байсан ямар нэгэн шийдвэр байхгүй.
Маргаан бүхий 103 тоот тогтоолоор хэний өмчийг орон нутгийн өмчид бүртгэж байгаа нь тодорхойгүй, Прокурорын гаргасан албан бичгийн дагуу гэдэг боловч бид тухайн прокурорт гомдол гаргаж явсан, прокуророос явуулсан албан бичиг нь шийдвэр биш, зөвхөн санал гэсэн хариуг Улсын Ерөнхий Прокурорын газраас өгдөг, прокурорын байгууллага захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай санал гаргах эрхгүй юм. Прокурорын тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр зохигч болон гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3-д зааснаар өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалсан, төр хүний өмчлөх эрхийг хамгаалдаг, гэтэл үндэслэлгүйгээр халдаж тогтоол гаргасан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа юм. Сэлэнгэ аймгийн Аудитын газраас 2015 онд шалгалт хийж, хувьчлалыг хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Аудитын байгууллага нь санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргадаг байгууллага, аудит нь хэний өмч хөрөнгө гэдгийг ч мэдээгүй, тухайн үед Сумын Засаг даргаар П.Батсайхан ажиллаж байсан, тэгтэл Засаг даргад өмч хөрөнгийг авахыг үүрэг болгон шийдвэрлэсэн байсан. Хүний хувийн өмчид халдсан ноцтой шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл буюу хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Орон нутгийн өмчид авах тухай 103 дугаар тогтоолыг гаргасан үндсэн шалтгаан нь халаалтын төвийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой иргэдээс ирүүлсэн удаа дараагийн гомдлыг хэлэлцэж гаргасан. Алтан булаг сумын Халаалтын төвийн зориулалттай барилгын асуудал 10 гаруй жил хууль бусаар хувьчлагдсан тухай хууль хяналтын болон холбогдох байгууллагуудад иргэд гомдол гаргаж шалгуулсан. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар Орон нутгийн өмчид авах тухай тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3 дугаар зүйлийн а, м заалт, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39.1, 77.1, дэх заалтуудыг үндэслэсэн болно.
Иргэн П.Батсайхан уг халаалтын төвийн барилгыг дуудлага худалдаагаар худалдан авсан гэх боловч худалдан авах үйл ажиллагаа хууль бусаар явагдсан болохыг 2015 онд Аймгийн Аудитын газар болон Прокурорын байгууллага шалгаж тогтоосон болно. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 128 тоот тогтоол нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал хүсэлтийг авахгүйгээр хувьчлах тухай шийдвэр гаргасан, мөн уг хуралдааны тэмдэглэл хадгалагдаагүй, хувьчлах орон нутгийн өмчийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөх заалтыг зөрчсөн болох нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/3071 дугаартай албан бичгээр болон халаалтын төвийг худалдах, дуудлага худалдаа зохион байгуулагдсан үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон байдаг.
Нэхэмжлэлд дурдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Барилга худалдах тухай 128 дугаар тогтоолоор барилгыг худалдан авахыг зөвшөөрсөн гэж бичсэн боловч уг тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 393 дүгээр тоотоор Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газраас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний
өдрийн Барилга худалдах тухай 128 дугаар тогтоолын дагуу хөрөнгийг Санхүү, төрийн сангийн хэлтсээс худалдсан тайлан, хасаж шийдвэр гаргаагүй байна гэсэн хариулт авсан байдаг. Энэ нь халаалтын төвийн барилга Алтанбулаг сумын орон нутгийн өмчлөлөөс хасагдаагүй хэвээрээ байгааг илтгэн харуулж байгаа юм. 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/1282 тоот Монгол Улсын Төрийн өмчийн хорооны албан тоотод Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх заалтаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна мөн хуулийн 2 дахь заалтаар Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй-г дурдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчийн эзэн мөн гэдгийг нотолж байна.
2020 оны 05 дугаар сарын 28-ны Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 1/666 тоотод Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2006 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Барилга худалдах тухай 128 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж байлгах, хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гэх заалтыг, мөн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Барилга худалдах тухай 128 дугаар тогтоол гарснаас 24 хоногийн дараа дуудлага худалдаа зохион байгуулагдсан нь хууль зөрчсөн гэж тогтоогдсон хариу ирүүлсэн.
Мөн Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны 1/1127 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байдал үүссэн, П.Батсайхан нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан боловч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хугацаа өнгөрсөн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор үүрэг өгсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2005 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 95 дугаар тогтоолоор хүчингүй болгож байсан.
2020 оны 05 дугаар сарын 28-ны 1/666 тоот Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор халаалтын төвийн барилгыг орон нутгийн өмчид авах шийдвэр гаргасан. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзвэл халаалтын төвийн зориулалттай барилга Алтанбулаг сумын орон нутгийн өмчид байх нь тодорхой болсон тул 103 тоот тогтоолыг гаргасан нь хууль зөрчөөгүй болно. Аптанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Орон нутгийн өмчид авах тухай 103 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байгаа тул П.Батсайханы гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин хариуцагчийн тайлбарын хууль зүйн үндэслэлийн талаар:- Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн маргаан гэхээсээ илүүтэй, хувийн өмчийн маргаан болох нь харагдаж байгаа ба энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүх өмчийн маргааныг асуудлыг шийдвэрлэхгүй, харин өмчлөлтэй холбоотой маргаан үүсэхээр байна.
Зөвхөн иргэн Ц.Болормаагийн гомдлоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд 103 дугаар тогтоол гараагүй, энэ хүмүүс харин гомдол гаргаж явж байж, орон нутгийн өмчийг хууль бусаар авсныг тогтоож, энэ тухай хяналт шалгалтын байгууллагуудаас олон дүгнэлтүүд гарсан байдаг боловч хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэгдээгүй байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас 103 дугаар тогтоолыг гаргасан, энэ маргаан бол ойрын хугацаанд дуусахгүй, тиймээс хамтарч ажиллах нь зүйтэй, 103 дугаар тогтоол нь хуулийн дагуу гарсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч П.Батсайхан, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл,тайлбар, хэргийн оролцогчдын өмгөөлөгч нараас гаргасан хууль зүйн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг хянан хэлэлцэж, үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэлийн Хууль бус захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.3-ын а-д орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, м-д орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих, 19 дүгээр зүйлийн 19.2-т Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 39 дүгээр зүйлийн 39.1-д Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ гэж тус тус заасныг баримтлан Алтанбулаг сумын Халаалтын төвийн барилгыг орон нутгийн өмчид авч, үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэхээр 103 дугаар тогтоолыг гаргажээ. Уг тогтоолд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 128 дугаар тогтоол нь халаалтын төвийн асуудлыг шийдвэрлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал аваагүй, Төрийн өмчийн Хороотой зөвшилцөөгүй нь хууль зөрчсөн тухай дурджээ.
Хууль зөрчиж хувьчлагдсан гэх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвийн барилгын тухайд:
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төвийн барилга нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд сумын Засаг дарга 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 219 тоот албан бичгээр сумын уурын зуухны тогоо тоногдож ашиглагдахгүй байгаа зуухны барилгыг хувьчилж өгнө үү гэсэн хүсэлтийг, халаалтын төвийн барилгыг үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах тухай сумын Засаг даргын тамгын газраас гаргасан актын хамт Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолоор ашиглалтгүй байгаа халаалтын төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, дуудлага худалдааны доод үнийг 2 000000/ хоёр сая/ төгрөгөөр тогтоосон шийдвэр гарсан байна.
Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газраас халаалтын төвийн барилгын дуудлага худалдааг 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, дуудлага худалдаагаар иргэн П.Батсайхан нь 2 сая төгрөгөөр дээрх барилгыг худалдан авсан болох нь шүүхээс Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын архивын баримт бичигт үзлэг хийж авсан бичгийн нотлох баримтууд болох дуудлага худалдаа зохион байгуулах тухай зарлал, П.Батсайханы хүсэлт, дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах, худалдан авах тухай 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот гэрээ, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн орлогын мэдүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Улмаар нэхэмжлэгч П.Батсайхан нь дуудлага худалдаагаар худалдан авсан халаалтын төвийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000071 дугаарт бүртгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 000065262 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 500 м.кв талбайтай, халаалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээрх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ББЦЦ Гэрэлт ХХК-д дээрх барилгыг шилжүүлж, ББЦЦ Гэрэлт ХХК-аас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр халаалтын төвийн барилгыг буцаан шилжүүлэн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах халаалтын төвийн зориулалттай 500м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000071 дугаарт бүртгүүлж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 000719974 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байгаа ба эрхийн улсын бүртгэл, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч П.Батсайхан нь сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот захирамжаар Алтанбулаг сумын Халаалтын төвийн даргаар томилогдож, 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс аж ахуйн тооцоотой менежментийн хувьчлалын гэрээгээр 1 жилийн хугацаатай ажиллаж, цаашид дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Алтанбилэг ХХК-ийг байгуулан дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авч, 2006-2017 он хүртэлх хугацаанд сумын төвийн төсөвт байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангах гэрээ байгуулан, гэрээг аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байсан байна. Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т Алтан булаг сумын айл өрх, төсөвт байгууллагуудыг дулаанаар хангах үйл ажиллагааг шилжүүлж, Алтанбилэг ХХК-ийн дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа дуусгавар болж, харин өөрийн өмчлөлийн халаалтын төвийн барилга болон зуухыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-т гэрээгээр ашиглуулж байна.
Хариуцагч нь иргэн Ц.Болормаа нарын иргэдээс удаа дараа гаргасан өргөдөл, гомдлыг хэлэлцээд маргаан бүхий захиргааны актыг гаргах шийдвэрт хүрсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар иргэн Ц.Болормаа нар болон хариуцагч байгууллагаас Алтанбулаг сумын халаалтын төвийн барилгын хувьчлалыг шийдвэрлэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 128 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн зохион байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дуудлага худалдааны шийдвэр, халаалтын төвийн барилгын хууль ёсны өмчлөгчөөр П.Батсайханыг бүртгэж олгосон эрхийн улсын бүртгэлийн 00719974 тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгуулахаар хууль ёсны шаардлага хангасан гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, өнөөдрийг хүртэл дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 77 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. гэж зааснаар хариуцагч орон нутгийн өмчийн өмчлөгч бөгөөд орон нутгийн өмч шинээр олж авах асуудлыг шийдвэрлэх эрхтэй боловч нэгэнт хүчин төгөлдөр үйлчлэлтэй захиргааны байгууллагын шийдвэртэй, эд хөрөнгө нь хууль ёсны өмчлөгчтэй, хувийн өмчид шилжсэн өмчийг орон нутгийн өмчид авах эх үүсвэрийг хэлэлцэлгүй, нөхөх олговоргүйгээр хувь хүний Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан үндсэн эрхэд халдан, хувийн өмчийг орон нутгийн өмчид авахаар шийдвэрлэсэн захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус байна.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хууль дээдлэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч П.Батсайханы эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Батсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Батсайханд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА