Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 158/2024/0011/З |
Дугаар | 221/МА2024/0436 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0436
Ц.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: Ц.М
Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус аймгийн Татварын хэлтэс
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 158/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Маас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Булган аймгийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 232239 регистерийн дугаартай Ххоршоог “татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгуулах, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Ххоршооны тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг даалгуулах”-аар маргасан.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хоршооны тухай хуулийн /1998 он/ 23 дугаар зүйлийн 23.1, 23.4.10, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ээс Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт”-ыг хүчингүй болгох, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Ххоршооны бүртгэлийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх Ц.М-ыг 2008 оны 05-р сарын 22-ны өдөр Ххоршооны бүх гишүүдийн хуралд оролцоогүй гэх нь нотлогдоогүй байна гэсэн. Тухайн үед бүх гишүүдийн хурал болоогүй ээ, ийм хуралд оролцоогүй гэх гэрч М.Б буюу хурлын тэмдэглэлд нэр нь дурдагдсан хоршооны гишүүн бус этгээдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Ц.М нь тухайн үед хуралд оролцсон бол өнөөдөр хоршоог татан буулгасан тухай шийдвэрийг хууль бус гэж маргах үндэслэл болохгүй билээ. Булган аймгийн татварын хэлтэс нь 2008 оны 06-р сарын 17-ны өдөр Ххоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдсан гэх үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлийн картаас хасалт хийсэн ба улсын бүртгэлийн байгууллага хасалт хийхдээ Сэлэнгэ сумын засаг даргын 2008 оны 06-р сарын 05-ны өдрийн 1/150 дугаартай албан бичгийг үндэслэж бүртгэлийг хийсэн. Шүүх шийдвэрт Хоршооны бүх гишүүдийн хурал нь бүртгэл байгууллагад хандахаар байна гэж дүгнэсэн боловч улсын бүртгэлийн байгууллага бүх гишүүдийн хурал хандаж байгаагүй нь нотлогдох юм. Энэ үйл баримт 2003 оны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 16, 24, 25 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал Хнь хоршооны эрх бүхий дээд байгууллага буюу бүх гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд тус хоршоог татан буулгах хурал зарлан хуралдуулж, татан буулгах тухай эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх тухай өргөдөл гаргаж байгаагүй атал Ххоршооны гишүүн бус огт танихгүй иргэн хоршоог татан буулгах тухай хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, тухайн тэмдэглэлийг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч татан буугдсан тухай бүртгэлийг хийсэн байна.
3.3. Анхан шатны шүүх улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд аливаа бүртгэлийг хийхдээ, тухайн баримт бичгийг үнэн зөв эсэхийг нягтлан шалгах эрхгүй гэж дүгнэсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн өргөдлийг хүлээн авахдаа хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх, бүртгүүлэхдээ өргөдөл гаргах эрхтэй этгээд бүртгүүлэх талаар 2003 оны улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 16, 25 дугаар зүйлүүдэд хуульчлан зохицуулсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага хуулиар тодорхойлсон баримт материалын бүрдүүлбэргүй, өргөдөл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нягталж шалгалгүй бүртгэлийн ажиллагааг хийсэн нь хууль бус байна. Түүнчлэн Ххоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хоршооны тэмдэглэл нь хууль зүйн хувьд болон хоршооны дүрэм 1998 оны хоршооны тухай хуульд нийцэхгүй байхад шүүх үндэслэл болгосон буюу Ххоршооны үүсгэн байгуулсан 9 гишүүнд хурлын тэмдэглэл дурдсан М.Б, М.Т, Г.Б, Л.Г нар нь хоршооны гишүүд биш байхад шүүх түүнийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна.
3.4. Мөн Х хоршоо 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулсан эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд төдийлөн ач холбогдолгүй юм. Учир нь хоршоо үйл ажиллагаа явуулсан, явуулаагүйгээс үл хамаарч, бүх гишүүдийн хурал нь хууль, дүрмийн дагуу явагдаж төрийн эрх бүхий байгууллагад хуульд заасан бүрдүүлбэрээр эрх бүхий этгээд бүртгүүлсэн үү, түүнчлэн тухайн шийдвэр нь хоршооны хууль, дүрэмд нийцсэн эсэхийг шүүх тал бүрээс нь дүгнэх ёстой байсан. 2008 онд Ххоршоо нь бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулж хоршоог татан буулгасан шийдвэр гаргасан бол энэ талаар тогтоол байх ёстой. Тус тогтоол /шийдвэр/-г улсын бүртгэлийн байгууллага үндэслэж бүртгэх юм. Гэтэл төрийн байгууллагад Ххоршоотой холбоотой бүх бүртгэлийн материалыг шүүхэд гаргаж өгсөн тус баримтуудад бүх гишүүдийн хурлын тогтоол /шийдвэр/ байхгүй байсан. Тухайлбал хурлын тэмдэглэл гэдэгт хурал, зөвлөгөөн, уулзалт, ярианы явц, хурлаас гарах шийдвэрийг хэлэлцсэн асуудал тус бүрээр тодорхойлон тэмдэглэсэн баримт бичгийг хэлнэ. Харин Тогтоол гэдэгт Асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримт бичгийг хэлэх юм. Тэгэхээр хурлын тэмдэглэл нь хурлын үйл явцыг баримтжуулах бол тогтоол нь тус хурлаар хэлэлцсэн асуудлыг яаж шийдвэрлэсэнийг батлан гаргаж буй баримтийг ойлгохоор байна. Энэ талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.
3.5. Мөн Х хоршооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хуурамч гэдгийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандах гэсэн боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хандах боломж үүсээгүй юм. Тодруулбал хурлын тэмдэглэл 2008 онд гарсан бид 2022 онд Хоршоо татан буугдсан талаар мэдсэн ба энэ талаар анхан шатны шүүх хуралдаан тайлбарласан байдаг. Иймд анхан шатны 2024 оны 05-р сарын 02-ны өдрийн дугаар 14 шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодит үнэлж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
2.1. Нэхэмжлэгч Ц.Маас Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 232239 регистерийн дугаартай Ххоршоог “татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгуулах, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Х хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг даалгах”-аар маргасан.
2.2. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Х нэртэй хөдөө, аж ахуйн хоршоог нэр бүхий иргэд нэгдэн байгуулахаар шийдвэрлэж, 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөдөө аж ахуйн Х хоршооны дүрмийг баталж, 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Татварын хэлтэст Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтыг холбогдох баримтын хамт хүргүүлснээр Татвар суутган төлөгчийн бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.
2.3. Маргаан бүхий Булган аймгийн Татварын хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын картаар Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж байсан Ххоршоог татвар төлөгчөөс хасаж, улсын бүртгэлд бүртгэсэн байна.
3. Нэхэмжлэгчээс “...хоршоог татвар төлөгчийн бүртгэлээс хасалт хийхдээ хоршооны бүх гишүүдийн хуралдаанд үндэслэсэн гэх боловч уг хуралдаанд гишүүн бус этгээдүүд оролцож шийдвэр гаргасан тул тус хуралдаан хууль бус байна, ...Хоршооны дүрэмд зааснаар хоршоо нь хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэснийг зөрчсөн байхад нягтлан шалгаагүй, Ц.М-д хоршоог татан буулгасан тухай мэдэгдээгүй, нийтэд мэдээлээгүй гэж, хариуцагч Татварын хэлтсээс “...Ц.Маас бусад гишүүд гомдол, санал гаргаагүй, …нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн үед Х хоршоог татан буулгасан тухай нийтэд мэдээллэсэн гэж, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс “...тухайн үед үүсгэн байгуулах болон татан буугдахтай холбоотой бүртгэл Татварын хэлтэс дээр бүртгэгдэж байсан, Татварын хэлтсийн тайлбарыг дэмжиж байна” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Анхан шатны шүүхээс “...Сэлэнгэ сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/150 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн Ххоршооны хурлын тэмдэглэлийг улсын бүртгэгч хүлээн аваад уг хоршооны гишүүдийн шийдвэр гэж үзсэнийг буруутгах боломжгүй, Учир нь уг баримтыг хүлээн авсан улсын бүртгэгч хуурамч гэдгийг тогтоох эрхгүй ба хянан шалгах боломжгүй тул хуурамч баримтыг нягтлан шалгаагүй гэж улсын бүртгэгчийг буруутгах үндэслэлгүй, … тэмдэглэлийг хуурамч, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, ...тус хоршоо нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, ...нэхэмжлэгчид хоршоог хуулийн этгээдийн бүртгэлээс хассан талаарх мэдээллийг мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээгээгүй, ... нэхэмжлэгч талаас хоршоо татан буугдаагүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан гэх үйл баримтаа нотолж чадаагүй тул маргаан бүхий захиргааны актаас болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол ямар хэмжээнд хөндөгдсөн, бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...Сэлэнгэ сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/150 дугаар “Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан “Х” хоршоо нь сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй тул татвар төлөгчийн улсын бүртгэлээс хасалт хийж өгнө үү” гэх албан бичиг, Х хоршооны хурлын “...Х хоршоог татан буулгах асуудлыг хэлэлцсэн Х хоршооны хурлын тэмдэглэлд Х хоршоо нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул улсын бүртгэлээс хасуулан татан буулгах тухай хэлэлцлээ” гэх тэмдэглэл зэргийг хавсарган ирүүлсний дагуу 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х хоршоог гишүүдийн шийдвэрээр татан буугдсан гэх үндэслэлээр Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын картаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд хасалт хийсэн” үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...улсын бүртгэлийн байгууллага хуулиар тодорхойлсон баримт материалын бүрдүүлбэргүй, өргөдөл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг няталж шалгалгүй бүртгэлийн ажиллагааг хийсэн нь хууль бус байна. Түүнчлэн Ххоршоог татан буулгах тухай бүх гишүүдийн хоршооны тэмдэглэл нь хууль зүйн хувьд болон хоршооны дүрэм 1998 оны хоршооны тухай хуульд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь, ... хавсаргана гэж, Хоршооны тухай хууль /1998 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасны дагуу хоршооны гишүүдийн хурлыг ойлгоно”, 23.4-т “Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ”, 23.4.10-т “Хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах” гэж тус тус заасны дагуу Булган аймгийн Татварын хэлтэст ирүүлсэн Сэлэнгэ сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/150 дугаартай албан бичиг болон Х хоршооны хурлын тэмдэглэлийг ирүүлсний дагуу бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд “хуурамч баримтыг нягтлан шалгаагүй” гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН