Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00153

 

       “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр 94 442 080 төгрөг бусад зардалд 5 000 000 төгрөг нийт 99 442 080 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй

Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 55 557 920 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч О.Х, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК-тай 15/013 тоот “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ХG955Н маркийн СХG00955V001Е0803 шинэ хүнд даацын механизмийг харилцан тохиролцсоны дагуу боломжит нөхцлөөр 6 сарын хугацаанд төлбөр төлөхөөр хүлээлгэн өгсөн. Гэтэл “Ш” ХХК нь төлбөр төлөхгүй машин механизм нуун далдалж, бид техникээ олж авахаар олон удаа явж, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас аваад гэрээний 3.11-т зааснаар түрээсийн төлбөрийг сарын 15 000 000 төгрөгөөр тооцох болсон. Иймд гэрээний 4.1.7-д зааснаар төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүйгээс худалдагчид учирсан хохиролд 1 ширхэг дугуйны үнэ 2 500 000 төгрөг, техникийн 2 ширхэг аккумляторын үнэ 500 000 төгрөг, техник хурааж авах томилолтын зардалд 2 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг нэмж 155 000 000 төгрөгөөс гэрээний үүрэгт төлсөн 55 557 920 төгрөгийг хасч үлдэгдэл 99 442 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.11-т “Худалдан авагч гэрээний 3.2-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно” гэж заасныг үндэслэн 150 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн гэрээний зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь түрээсийн төлбөр төлснөөр авто ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах эрх үүсэх эсэхийг гэрээнд тусгаагүй, тодорхойгүй байна. Түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудын аль алинд байгаагүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй.

Иймд худалдагч түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг худалдан авагчаас шаардах эрхгүй. Мөн авто ачигчийг хураан авахтай холбоотой гарсан зардалд 5 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба зардлын баримтууд нь “М” ХХК-ийн нэр дээр гарсан, авто ачигчийг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хурааж авсан гэх боловч томилолтын зардлын баримтууд нь тухайн өдрөөс хойш огноотой. Зарим баримтууд нь бүдэг, хуучирсан учир огноо, дүнг тодорхойлох боломжгүй. Зарим тооцооны хуудас огноогүй, мөн Хэнтий аймагт тоног төхөөрөмж хурааж авсан хэрнээ Говьсүмбэр аймгийн цайны газарт хоол идсэн баримт хавсаргасан. “Ш” ХХК-иас дугуй, аккумулятор худалдаж авсан зарлагын баримтыг хавсаргасан хэдий ч тухайн баримт нь авто ачигчийг хурааж авсан өдрийн огноо мөн бодитоор худалдаж авсан эсэх нь тухайн зарлагын баримтаар нотлогдохгүй тул бодит бус зардал хохирлыг хариуцахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүйтний улиралд ажлаа зогсоох шаардлагатай болдог. 2015 оны 9 дүгээр сард олборлолтын техникүүд эвдэрсэн, геологийн үр дүн батлагдаагүй, цаг агаар хүйтэрсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлуудын улмаас олборлолтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ийнхүү олборлолт зогсож компанийн орлого эрс багассаны улмаас авто ачигчийн төлбөрийг төлөх боломжгүй тухай “М” ХХК-д амаар болон бичгээр мэдэгдэж, гэрээний төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан.

“М” ХХК-ийн ажилтнууд 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн урьдчилсан мэдэгдэл өгөлгүй Хэнтийн аймгийн Цэнхэр мандал суманд байрлах уурхай дээр очиж авто ачигчийг авч явсан бөгөөд гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн. “М” ХХК нь гэрээнээс татгалзсан нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 264 дугээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. 

“М” ХХК-ийн авто ачигчийг буцаан авсан үйлдэл болон Иргэний хуулийн дээрх эохицуулалтаас худалдагч буюу “М” ХХК нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийи 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүссэн тул “М” ХХК-д 55 557 920 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөхгүй машин механизм нуун далдалсан, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр техникээ авсан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх заасныг зөрчсөн гэж 55 557 920 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Гэрээний зүйлийн онцлог шинж болох хүнд даацын техник, худалдах үнэ өртөг өндөр, зээлээр худалдаж байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь гэрээний үүргээ биелүүлэхгүй тодорхой хугацаа өнгөрвөл гэрээний үүргийг солихоор тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний 3.11-д “түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ” гэж зааснаар нотлогдоно. Түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 319 дүгээр зүйлийн 319.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас 94 442 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч “Ш” ХХК-ийн 55 557 920 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655 150 төгрөгийг, хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 630 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зуйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний дагуу төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний зөвхөн 1 заалтыг үндэслээд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг эсхүл 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан гэрээний аль нь байгуулагдсан болохыг тодорхойлох боломжгүй юм. Гэрээ байгуулах үеийн талуудын хүсэл зориг нь анхнаасаа авто ачигчийг зээлээр худалдах, худалдан авах тохиролцоо байсан ба "Ш" ХХК нь түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон талуудын хооронд солилцсон албан бичгүүдээс харагддаг. Гэтэл шүүх зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгчийг түрээсийн төлбөр шаардах эрхтэй гэж шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.11-д “Түрээсийн төлбөр шаардах эрх үүсээгүй” гэдгийг дүгнэлгүй орхигдуулсан байна. Мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг анхаарсангүй. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудын аль алинд байгаагүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй нь тодорхой байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “М” ХХК-ийг төлөөлөн М.А болон Б.О нар гарын үсэг зурсан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь нотлогддоггүй. Харин дээрх этгээдүүд нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг нотлохоор хуурамч баримт үйлдэн хэрэгт өгсөн бөгөөд тухайн баримтыг нотлох баримтаас хасуулсан. Нэхэмжлэгчээс М.А болон Б.О нарын бүрэн эрхийг нотолсон баримт өгөөгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.2-т зааснаар тус гэрээнд талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно. Харин худалдагч талаас төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зураагүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг үндэслэн түрээсийн гэрээг байгуулсанд тооцно гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн авто ачигчийг буцааж авсан бөгөөд хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, бусад зардалд 99 442 080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 55 557 920 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүнд даацын механизмыг худалдах, худалдан авахаар тохиролцож, бэлнээр болон хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээг  гэрээнд тусгасан боловч 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр актаар буцаан авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх 8-12/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг 10 сараар тооцож, олох байсан орлого хохирол гэх агуулгаар гэж шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үүргийг сольсонтой холбоотойгоор түрээсийн төлбөр шаардаж байгаа эсэх эсхүл эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж түүнтэй холбоотой түрээсэлж олох байсан орлого шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн дээрх нөхцөл байдал тодорхойгүй байхад сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал хамт шийдвэрлэх эсэх талаар шүүх дүгнэлт өгөх ёстой.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, уг маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                          Д.БАЙГАЛМАА