Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2219000000240 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         О.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч О.Б нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Тыг “өмнө нь намайг зодсон” гэх зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь баруун шууны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өмнө нь намайг төвд алхаж явахад тоосгоор цохиод зугтаасан. Тухайн үед намайг Улаанбаатар хот явж яаралтай үзүүл гэсэн. Манай таньдаг хүн Улаанбаатарт ажилладаг очиж үзүүлэхэд эрүүний чинь дээд савхан яс гэмтэлтэй байна гэж хэлсэн. 07 сарын 30-ны өдөр манай найзын эхнэр Уранзул хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь хамт дэлгүүр явахад дэлгүүрийн гадаа 3, 4 хүн зогсож байсан. Дэлгүүр ороод гарч ирэхэд муухай хараад зогсож байсан. Тэгэхээр нь би Уранзулаас энэ намайг тоосгоор цохисон залуу мөн үү гэхэд мөн гэсэн. Уранзулын дүүгийнх нь ангийн хүүхэд байсан. Тэгээд утсаар яриад ийм зүйл болсон. Өс хонзон байдаг бол хэлээрэй, залуу хүн болохоор чинь би чамд юм хэлээгүй шүү, эргээд хэлэх зүйл байвал хэлээрэй гэхэд чи дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэсэн. Би учраа олох гэж байна гэж бодсон боловч цээж нүцгэн, ардаа 2, 3 залуу дагуулсан ирсэн. Би тухайн үед хүүхэдтэйгээ очоод машинаас яасан бэ гээд буухад намайг өрөлт аваад зодолдъё гээд байсан. Тухайн үед юм янзалж байгаад халаасандаа отвёрка байсан. Өмнө нь намайг тоосгоор цохисон болохоор энд тэндээ юм нууж байгаад цохичих вий гэж бодоод өөрийгөө хамгаалж цохисон. Тухайн үед тэнд муудалцсан бол асуудал хүндрэх байсан ... гэв.

          Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр... Б залгаад “Өлгийт үү” гэж асуухаар нь “Тийм байна” гэхэд “Бавил байна, хоёулаа одоо дутуугаа гүйцээх үү, чи хаана байна” гэхээр нь “Баянцагаан дэлгүүрийн ойролцоо найзындаа байна” гэсэн. Тэгтэл “тооцоогоо дуусгая, гараад ир” гэхээр нь би найз Төгөлдөр, Оргил нарын хамт гарсан. Тэгээд Баянцагаан дэлгүүрийн хойд талын зам дээр сууж байтал шороон замаас цэнхэр өнгийн Тоёота приус маркийн машинтай ирээд цонхоор “наашаа хүрээд ир, бацаануудаа” гэж дуудахаар нь очиход “яах гээд гариг андуураад байна, бацаан, шээс” гэх мэтээр хэлээд байхаар нь “яг яах гээд байгаа юм” гэхэд “машинд суучих, хоёулаа зайд гарч байгаад зодолдъё” гэхээр нь “тэгье” гэж хэлээд машиных нь хойд талын хаалгыг нээхэд хойд талын сандал дээр нь бага насны хүүхэд унтаж байхаар нь би буцааж хаалгыг нь хаачихаад “би өөрөө араас чинь алхаад очъё” гэсэн. Тэгтэл Баянцагаан дэлгүүрийн хойд талын тоглоомын талбайн харанхуй хэсэгт машинтайгаа түрүүлж очоод зогсоод намайг хүлээж байгаад миний өөдөөс тосоод ирээд “зодолдъё” гэхээр нь “за тэгье” гэсэн. Тэгсэн чинь “за байж бай, эхлээд хоёулаа учраа олъё” гэхэд нь “тэгж болно, би таныхаар болъё” гэж хэлээд бид маргалдаж байтал машиныхаа багажны хэсгийг ухаж байгаад улаан хар өнгийн иштэй төмөр отверка гаргаж ирээд шууд миний цээж рүү далайгаад байхаар нь “зоовол зоо” гэсэн чинь гудамжинд муухай хашхираад “муу бацаан минь гэдсийг чинь нэвт сүлбэнэ шүү” гэж хэлээд миний баруун гарын шуу руу хатгачихсан. Тэгээд өөрийнхөө машинд суучихаар нь би өөрийнхөө гар утсыг халааснаасаа гаргаж ирэх хооронд машинтайгаа ирээд намайг мөргөчихөөд зугтаасан. Намайг мөргөх үед би үсэрчихсэн болохоор тухайн мөргөлтөөс болж гэмтэл аваагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 58 дугаар хуудас/,

          Гэрч Д.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл Т Оргил бид хоёрт хандаж “наанаа байж бай” гэж хэлээд явсан. Бид хоёроос зүүн зүгт 50 м зайд очсон. Тэгээд бид хоёрыг ажиглаж байхад Ттой маргалдаад байсан хүн нь машиныхаа багажыг нээгээд хаачихаар нь ямар нэгэн зүйл авчихлаа гээд дөхөөд алхаж байтал тэр хүн буцаад машиндаа суугаад Тыг мөргөхөд нь Т машиных нь хажуу хэсгээр нь даваад унаж байгаа харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

          Гэрч Х.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчим дэлгүүр явчихаад ирэхдээ хүнтэй маргалдаж муудсан талаар ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

          Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Баянцагаан дэлгүүрээс найз Уранзулын хамт гарч ирэхэд дэлгүүрийн гадна 2022 оны 04 дүгээр сард маргалдаж байсан Т гэх залуу зогсож байсан. Тэгтэл манай найз Уранзул “чамайг минералын гадаа тоосгоор цохиж байсан залуу чинь энэ юм байна лээ ш дээ” гэхээр нь Уранзулаас дугаарыг нь аваад Ттой ярихад “эргээд хүрээд ир, дэлгүүрийн үүдэнд байж байна” гэхээр нь Уранзулыг хүргэж өгөөд буцааж очиход Т 2-3 хүнтэй хамт зогсож байсан. Т надтай зодолдъё гээд дайрах гээд байсан бөгөөд намайг заамдах гээд байхаар нь би өмдний халаасанд байсан отверкийг гаргаж ирээд өөрийгөө хамгаалж баруун гарынх нь шуу руу 1 удаа хатгах шиг болсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 56 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0407 дугаартай “Б.Тын биед баруун шууны шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

          Хохирогч Б.Тын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч О.Б нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Тыг “өмнө нь намайг зодсон” гэх зүйлээр шалтаглан отвёркоор баруун гарын шуу хэсэгт нэг удаа дүрж, машинаараа мөргөж эрүүл мэндэд нь баруун шууны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч О.Бын үйлдлийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд баруун шууны шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/0407 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж улмаар магинаар мөргөж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Т нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 64-65 дугаар талд авагдсан байна.

          Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА