Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Хохирогч Т.О,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2219000000222 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Э.Д

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Т.Оыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 12 удаагийн гүйлгээгээр нийт 4,808,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 06 дугаар сард Дорноговь аймагт амьдардаг байхдаа байрны түрээсийн төлбөрөөс болоод хүүтэй мөнгө зээлнэ гэх зарын фэйсбүүкт байрлуулсан. Тухайн үед Болд гэх хүн надтай холбогдож би зээлье гэж 1,000,000 гаруй төгрөг зээлж байсан. Тэр хүн хол газар амьдарч байгаа хүмүүст туслаад ах, дүү болоод явж болно гэж байнга залгаж, мэнд мэддэг байсан, би царайг нь огт харж байгаагүй. Болд гэх хүнээс би Солонгос улс руу явах сонирхолтой хүн байгаа юу гэж асууж байсан. Тэгээд Отай холбогдсон. Би 2016 онд фэйсбүүк зараар гадаад улс руу зуучилдаг хүнтэй холбогдож миний гадаад паспортыг аваад надад виз гаргаж өгсөн. Болох байх гэж бодоод Отай холбогдсон. Тухайн үед жирэмсэн байснаа мэдээгүй, бүх зүйл өөрөөр эргэсэн. Би виз хөөцөлдөж өгч байгаа учраас эхлээд 1,000,000 гаруй төгрөг авч байсан ...” гэв.

          Хохирогч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Хатанбулаг сумын Ханги-Мандал боомтод шланз барьдаг байсан. 2021 оны 06 сарын дундуур Болд ах над руу Солонгос улс руу хүн зуучилж өгье гэж байна, гаргаад өгье гэж байна гээд Дтэй анх холбоо барьсан. Хуурамч хаяг байсан, өөрийнх нь хаяг байгаагүй. Би тухайн үед бодож байсан. Гадаад паспорт, иргэний үнэмлэх, зэргийн зургийг нь явуулж байсан. надад анх хэлэхдээ 3 жилийн хугацаагаар автомашин засварын газарт зуучилж өгнө гэхээр нь итгэсэн. Сүүлдээ худлаа гэдгийг нь 11 дүгээр сард мэдээд, одоо больё мөнгөө авъя гэж хэлсэн. Одоо нэгэнтээ удсан болохоор гаргаж өг гэж хэлээгүй, гаргаж өгөх нь худлаа, буруу хүнтэй холбогдсон гэдгээ мэдсэн болохоор заавал гаргаж өг гэж хэлээгүй. Дансаар нь орсон 4,800,000 төгрөг гэж байна. Би 5,800,000 төгрөг шилжүүлсэн. Солонгос хүний данс руу мөнгө хийлгэнэ, буудал захиалга гэж яриад байсан. Өөр дансаар орсон мөнгө байхгүй гэж яриад байна ...” гэв.

          Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын дундуур Болд гэх танилтайгаа холбогдоод Солонгос улсын виз гаргаж өгдөг Д гэх хүн байна. Чи тэр хүнтэй холбогдоод үзэх үү гэж надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дтэй холбогдон Солонгос улсын виз гаргуулах талаар учир байдлаа хэлсэн. Д надад 3 жилийн гэрээтэй Солонгос улсад авто засварын газар ажиллуулах талаар санал тавихад нь зөвшөөрч тохиролцоод 2021 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл 5.800.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дугаар хуудас/,

           Гэрч О.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д надтай фэйсбүүкээр танилцуулсны дараа “би Солонгос улс руу хүний виз гаргаж өгч байгаа, та Солонгос улс руу гарах уу, би гаргуулаад өгье” гэхээр нь “ах нь гарахгүй” гэсэн чинь Д “хамаатан садан ах дүү байвал надад хэлээрэй, би гаргаад өгье” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2021 оны 09 дүгээр сард би Дтэй холбогдоод “манай хамаатны дүү Солонгос гарна гэнэ” гэхэд “2 хүн гаргах гээд материалыг нь өгсөн байгаа, танай дүү юм бол нэг хүнийг нь болиулаад танай дүүг гаргаад өгье” гэж хэлэхээр нь би Оыг Дтэй фэйсбүүкээр танилцуулсан. Тэгээд цааш нь юу болсныг сайн мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Э.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 06 дугаар сард фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлнэ гэж зар тавьсан. Тэгэхэд Болд гэх хүн надад хүүтэй мөнгө зээлнэ гэж фейбүүк чатаар хэлсэн. Би тэгээд Болд гэх хүнтэй фейсбүүк чатаар танилцаад мөнгө зээлдэг байсан. Тэрнээс хойш би Болд гэх хүндтэй фейсбүүк чатаар харьцаж байгаад Солонго улс руу явах сонирхолтой хүн байгаа юу би виз хөөцөлдөж өгнө гэж хэлж байсан. Тэгэхэд Болд гэх хүн манай нэг таньдаг дүү Солонгос улс руу явах гээд байдаг юм гэж хэлснээс хойш удалгүй О гэх залуу миний гар утас руу залгасан. Тэгээд би Отай фейсбүүк чатаар харицсан. Би анх Отай 2021 оны 08 дугаар сард виз хөөцөлдөх нэг сая гаран төгрөг авсан, дараа би дахин нэг сая гаран төгрөг /хэдэн төгрөг гэдгийн нь сайн санахгүй байна/ авсан. Би 2021 оны 10 дугаар сард Дорноговь аймгаас нүүж Улаанбаатар хотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдрахаар ирсэн, тэгэхэд манай бага охин миний гэдсэнд байсан. Би Улаанбаатар хотод очоод Ковид-19 өвчин тусаад эмнэлэгт хэвтээд Оын визийг хөөцөлдөх боломжгүй болсон. Би Улаанбаатар хотод ирээд хүүхдээ төрүүлсэн хойно манай хойд аав бурхан болсон би тэгээд энэ талаар От хэлээд энэ виз гаргах асуудал бүтэхгүй юм шиг байна гэж хэлэхэд О надад хэлэхдээ ийм удаан хүлээсэн юм чинь виз гаргаж өг гэж хэлсэн. Би тэрнээс хойш Отай холбогдоогүй байхад өөрөө над руу залгаж виз гаргах асуудал юу болж байна би ажлаасаа гарах гээд байна гэж над руу ярих болгонд нь за би хөөцөлдөж өгье гэж хэлээд багадаа 100,000 төгрөг дээд тал нь 500,000 төгрөг худлаа хэлж мөнгө аван хэрэглээндээ зарцуулдаг байсан. Би нийт Оаас 4,800,000 төгрөг авсан. О нь миний эзэмшлийн данс руу мөнгө хийхдээ дандаа өөрийнхөө нэрийг бичиж хийдэг байсан. Би зөвхөн өөрийнхөө дансыг өгдөг байсан. Ингэж явсаар байгаад 2022 оны 07 дугаар сард О надад хандан миний мөнгийг буцааж бүгдийг нь гаргаж өг тэгэхгүй бол цагдаад хэлнэ гэж хэлсэн би хариуд надад тэр их мөнгийг шууд гаргаж өгөх боломж байхгүй байна хэсэг хүлээчих гэж хэлсэн чинь О 14 хоногийн хугацаа өгье тэр хооронд гаргаж өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 40 дүгээр хуудас/,

          Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/,

          Фэйсбүүк чатаар харилцсан талаар баримт /хавтаст хэргийн 15-32 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Т.Оыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 12 удаагийн гүйлгээгээр нийт 4,808,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох хууран мэхлэх аргаар хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Т.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол 4,808,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Э.Д хохирлыг төлж барагдуулаагүй байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгээс 4,808,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.От олгох нь зүйтэй.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Э.Дгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны олон хүүхэдтэй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Э.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох үүрэг хүлээлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч мэхлэх аргаар хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

          3.Шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгээс 4,808,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.От олгосугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА