Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01928

 

 

 

 2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01928

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ч -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ- т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 00220 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 00087 дугаартай тогтоолоор Ж.Халиунаагаас 62,080,000 төгрөг гаргуулж, О.Дуламсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007595 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 17 тоотод 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн байранд шийдвэр гүйцэтгэгч Цэрэнсодном нь хууль бусаар гарахыг шаардсан байна.

Шүүхийн шийдвэрээр Ж.Халиунаагаас 62,080,000 төгрөг гаргуулж, О.Дуламсүрэнд олгохоор шийдсэн байхад миний байранд, миний өмчид хууль бусаар  ажиллагаа явуулж байна.

Хэрэв миний үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эсхүл шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар заагаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг шийдвэр гүйцэтгэгч хийх ёстой байтал шууд Үндсэн хуулиар заасан өмчлөх эрхэнд шууд халдаж байгаад гомдолтой байна.

Б. би Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007595 дугаартай Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 17 тоот 36 м.кв 2 өрөө орон сууцыг анх 2004 онд төрөөс хувьчлан авч 4 хүүхдүүдийн хамт амьдарч, өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн.

Яагаад миний өмчлөлийн эд хөрөнгөнд  дуудлага худалдаа явуулах, хураан авах, битүүмжлэх гэх мэт үйл ажиллагаа хийж, намайг хөөж байгаад гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд Б. миний эд хөрөнгө дээр хууль бусаар явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 220 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1540 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 87 тогтоолоор Ж.Халиунаагаас 57,523,350 төгрөгийг гаргуулж О.Дуламсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ж.Халиунаад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 04 сарын 06-нд, 2017 оны 04 сарын 22-нд, 2017 оны 08 сарын 29-нд, 2017 оны 09 сарын 14-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ба түүний банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг 2017 оны 10 сарын 18-ны өдөр төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн.

Төлбөр төлөгч Ж.Халиунаа, өмчлөгч Б. нар барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус албанд ирүүлэхийг 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 3/23421, 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 3/24967 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2017 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байрны 17 тоот 3 өрөө орон сууцыг 116,600,000 төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Халиунаа болон хамтран өмчлөгч Б. нарт барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 4/26797 тоот албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 81,620,000 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ж.Халиунаа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 3743 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 1060 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ж.Халиунаа нь үндэслэлгүйгээр удаа дараалан гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч т холбогдуулан, хууль бусаар явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 17 тоот орон сууцыг 116,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хариуцагч  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00220 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1540 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/00087 дугаар тогтоолоор Ж.Халиунаагаас 57,523,350 төгрөгийг гаргуулан О.Дуламсүрэнд олгон шийдвэрлэжээ.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт 2017 оны 03 сарын 15-ны өдөр “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигджээ.

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгаагүй байхад түүний өмчлөлийн орон сууцанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн, орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, шинжээчийн тогтоосон үнэлгээний тодорхой хувиар /үнэ бууруулж/ дуудлага худалдаанд оруулсан учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт өгөхөд:

а/. Шүүхийн шийдвэрт тусгагдаагүй ажиллагаа хийсэн тухайд.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч иргэний өмчлөлийн, хамтран өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийхээс өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.3, 86.4-т заасан ажиллагааг хийсэн байх учиртай.

Хэрэгт авагдсан “Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл” /2017/04/06, 2017/04/22, 2017/08/29-ны өдрүүдийн/, шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Дансны мэдээлэл авч, суутгал хийх тухай” албан бичиг зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтоосон хугацаан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг бэлнээр болон дансанд тушаахыг удаа дараа шаардаж, төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээллийг ирүүлэхийг арилжааны банкуудад мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс төлбөр төлөгч Ж.Халиунаагийн хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахтай холбоотой ажиллагаа хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

б/. Орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01060 дугаар шийдвэрт “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнийн санал өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн” талаар дурдаж, “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 276 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна” хэмээн дүгнэсэн нь хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б. нь орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

в/. Шинжээчийн тогтоосон үнэлгээний тодорхой хувиар /үнэ бууруулж/ дуудлага худалдаанд оруулсан тухайд.

 нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ж.Халиунаагийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203007595 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 17 тоот хаягт байршилтай 36 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 116,600,000 төгрөгийн 70 хувь буюу 81,620,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох, 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч Ж.Халиунаа, хамтран өмчлөгч Б. нарт 2017 оны 10 сарын 30-ны өдөр, 2017 оны 12 сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн байна.

 нь ийнхүү шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох “116,600,000 төгрөгийн 70 хувь буюу 81,620,000 төгрөгөөр” анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар т холбогдох, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 17 тоот орон сууцыг 116,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай, Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.