Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 2219001490162 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Х

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгийн баруун талд хохирогч Э.Мыг зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найз Энхжин, Отгонбилгүүн, Бат-Оргил бид 4 Викториа нэртэй баар орсон. Баарнаас гараад Улсболд гэх найзтайгаа таараад хүргээд өг гээд явсан. Энхжин, Билгүүн нар такси бариад явсан, Бат-Оргил бид хоёр Улсболдтой явсан. М гэх хүүхэд таараад баруун зах дээр ирээд авчих гэсэн. М надтай мэндлээд гар барьсан. Хажууд хэдэн эмэгтэй ирсэн, би ууж байсан ундаагаа Бат-Оргил руу бариад аваарай гээд шидсэн чинь ундаа машин руу цацагдсан. Үүнээс болж маргаан үүссэн. АТМ ороход ахаа карт байхгүй байна гэсэн, тэгээд арын АТМ явсан. М би өөрөө утсаа тавьчихъя гэсэн. Нэлээн согтуу байхаар нь яах юм бэ картаа олчих гэхэд карт байхгүй байна гээд шагаар архи зардаг газар очсон. Чи утсаа тавих гэж байгаа бол Оргилболдтой цуг орчих гэж хэлэхэд за гээд ороод 2 ширхэг пиво авч гарж ирсэн. Нэг пивыг нь уугаад, үлдсэн пивыг нь бид хоёрыг аваад яв гэхээр нь Бат-Оргил бид хоёр гэртээ аваад орсон. Мыг офицерт очиход 3 ах нь таараад хэд хэдэн удаа цохисон гэж хэлсэн маргааш нь Улсболдын дүү хэлсэн” гэв.

          Насанд хүрээгүй хохирогч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найзууд болох Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ нартай холбогдоод Эрдэнэбаатарын төрсөн өдөр гэдгийг мэдсэн. Тэгээд тэд нарын байгаа газар болох 6 дугаар багийн хажууд байрлах 2 давхар түрээсийн байранд очсон. Намайг очиход Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ болон Эрдэнэбаатарын дүү нь байсан. Би тийшээ өөрөөсөө 20,000 төгрөгтэй очсон. Удалгүй Эрдэнэбаатар гараад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд орж ирэхдээ ах гээд нэг хүнтэй хамт орж ирсэн. Тэр хүнийг ер нь танина гэхдээ нэрийг мэдэхгүй байна. Тэр ах орж ирэхдээ 2 ширхэг том савалгаатай пивотой орж ирсэн. Тэрийг нь бид хэд юм ярьж сууж байгаад дуусгачихсан. Түүний дараа тэр ах миний данс руу 10,000 төгрөг хийлгэсэн. Тэгээд нөгөө хэд дансанд орсон мөнгөөр юм авах гээд намайг үлдээгээд гарсан. Тэгээд удалгүй надруу дахиж залгаад надаас карт асуусан. Тэр үед нь би шалгаж үзэлгүйгээр картаа өөртөө байгаа гэж бодоод Баруун зах буюу Мөнхдүүрэн захын АТМ руу явсан. Тэр АТМ рүү очоод биеэ шалгасан чинь миний карт надад байгаагүй. Тэнд очоод нөгөө хэд рүүгээ залгасан чинь тэр хэд одоо очиж байна гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг хүлээгээд АТМ-ын хажууд зогсож байсан чинь цайвар өнгийн приус маркийн машин, хар өнгийн суудлын машинтай хүмүүс зогсоол дээр ирээд зогсчихсон. Тэгсэн чинь хар машинаас нь Х гэх таньдаг хүн гарч ирсэн. Тэр Х гэх хүн миний хажуугаар өнгөрөөд АТМ орж байсан. Тэгээд гарч ирээд “хөөш мөнгө байна уу” гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө приус машинаас нь 2 эмэгтэй хүн бууж ирээд тэр бууж ирсэн хүмүүстэй Х ах муудалцаад байсан. Тэгэхээр нь би Х ахыг хүнтэй муудалцаад хэрэггүй байх гэж бодоод тэврээд өөрийнх нь ирсэн хар машины арын суудалд суулгасан. Тэгсэн чинь Х ах байрлалаа солиод урд талын суудал дээр нь суучихсан. Тэгээд намайг суу гээд арын суудал дээр суулгачихсан. Намайг суусны дараа машинаа хөдөлгөөд шууд Ар шанд руу явсан. Явах замдаа арын Хаан банкны АТМ дээр зогсоод Х ах бид хоёр хамт орсон. Тэнд ороод би Х ахад өөрийнхөө түрүүвчийг үзүүлсэн. Тэгээд буцаад машинд суусан. Тэгсэн чинь Х ах “өө энд чинь виза карт байхгүй юм байна шдээ” гээд намайг эргэж хараад зүүн шанаа руу 2 удаа цохьсон. Тэгээд жоохон цаашаа явж байгаад гэр хороолол дунд очиж зогсоод намайг буулгаж ирээд нүүр рүү 4, 5 удаа цохисон. Тэгээд би тухайн үед уурлаад “би та хэдийг бүгдийг чинь алнаа” гэж хэлээд дахиад цохиулаад зодуулсан. Тэгж зодуулж байгаад Х босгож ирээд “чамд мөнгө байхгүй бол утсаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ахаа надад утас байхгүй” гэж хэлсэн чинь намайг нэгжиж байгаад миний утсыг гаргаад ирсэн. Тэгэнгүүтээ “чамд утас байна шдээ” гэж хэлээд намайг дахиад нэг удаа нүүр рүү цохьсон. Тэгээд миний утсыг хамт явж байсан нэг хүндээ өгөөд шагийн архи зардаг айл руу оруулаад миний утсыг барьцаанд тавиулаад 3 том пиво аваад гараад ирсэн. Тэндээсээ намайг манай найзууд дээр 6 дугаар багийн хажуу талын нийтийн байранд аваачиж буулгасан. Тэгээд би тэр хэдийг явсны дараа найзынхаа гэр рүү нь ороод юм ярьж байгаад гэр болох 8 дугаар цэцэрлэгийн хажуу талын блокон хашаа руу очиж унтсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-18, 21-22 дугаар хуудас/,

         Насанд хүрээгүй гэрч Н.Амин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Пүрэвбат, Эрдэнэбаатар, М, Мөөжөө гэх ах бид тавуулаа 20 цагийн орчимд уулзсан. Тэр үед М 2 ширхэг том пиво авчирсан байсныг бид нар хуваагаад уусан. Тэгээд Мөөжөө ах Улсаа ахыг дуудсан. Улсаа ахыг гэрийн гадна ирэхэд Эрдэнэбаатар Мөөжөө ах, бид гурав гарсан. Харин М, Пүрэвбат хоёр үлдсэн. Бид нар ар шандын тэр хавьд байдаг шагийн архи зардаг айлын гадна байж байхад Х ах гэнэт хажуунаас гарч ирээд “хар Улсаа юу байна” гээд машинд ороод ирсэн. Орж ирээд Мөөжөө ахтай муудах гээд байсан. Тухайн үед Мын карт нь надад байсан. Тэгсэн чинь М надруу чатаар залгаад “картаа авъя” гэж хэлсэн. Тэгээд хаана байгааг асуугаад Мөнхдүүрэнгийн АТМ рүү явсан. Тэгээд замд явж байсан чинь Х миний утсыг булааж аваад Мтой утсаар яриад “хаана байгаа юм” энэ тэр гээд асуусан чинь М танихгүй байх шиг байсан. Тэгээд очиж байгаад уулзая гээд утсаа тасалчихсан. Тэгсэн чинь хажуунаас нь Билгүүнээ гэх ах “чи одоо жоохон хүүхэд зодож яах гээд байгаа юм, наадах чинь Мөөкл шдээ /Мыг тэгж дууддаг/ гэж хэлж байсан. Тэгээд Мөнхдүүрэн захын гадна очоод зогсоход Х түрүүлж буугаад АТМ-ийн хажууд байсан Мтой уулзсан. Тэгчихээд буцаж ирээд хажууд зогсож байсан приус руу барьж байсан юмаа шидчихсэн. Тэгсэн чинь машинаас 2 эмэгтэй бууж ирээд Хтэй муудаад байсан. Тэр үед М Х ахаа та эмэгтэй хүн зодох гээд байгаа юмуу гээд тэврээд яваад байсан. Тэгээд Х суухгүй тэр хавиар баахан орилоод байсан. Тэр үед Мөөжөө ах Эрдэнэбаатар бид хоёрыг дуудаад тэр приус руу суучих гээд суулгасан. Тэгээд приусэнд суугаад шууд хөдөлсөн. Тэндээсээ жолооч болох Хонгороогийн гэрт оччихоод буцаад шууд манай гэр рүү ирсэн. Бид нарыг замд явж байхад Улсаа ах машинтай зөрж байсан. Манай гэрт Мөөжөө ах, Эрдэнэбаатар бид гурав буусан. Тэгээд гэртээ байж байсан чинь М Улсаа ах хоёр гэрт ороод ирсэн. Тэгээд улсаа ах “найзыгаа аваа, найз чинь зодуулчихлаа, наадах чинь тэнэг бацаан байна, Хгийн өөдөөс тэнэг тэнэг юм ярьж байгаад зодуулчихлаа, нэг бол мөнгө байгаа гээд тэгж байснаа байхгүй гээд сонин юм яриад, сая утсаа тавьчихсан, маргаашнаас очиж авна биз гэж хэлж байсан. Тэгээд Улсаа ах яваад өгсөн. М орж ирэхдээ зүүн талын хацар хавдчихсан, хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд бид нар Мын цусыг угааж өгсөн. Тэр үед М нилээн согтчихсон байсан. Тэгээд сонин сонин юм яриад байж байгаад харьлаа, би Их соёнд буудал авчихсан байгаа, тийшээ явж хонолоо” гээд гараад яваад өгсөн ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

          Гэрч Ц.Улсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад Мөөжий залгаад шагийн архи зардаг газар руу явъя хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн машинтайгаа байгаа газар буюу офицер руу очсон. Намайг очиход Мөөжий, Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ нар гарч ирээд миний машинд суусан. Тэгээд шууд Баянцагаан дэлгүүрийн урд байдаг ногоон хашаатай шагийн архи зардаг ганц гэр рүү очсон. Тэнд очоод байж байтал Х гэх танилтайгаа таарсан. Тэгсэн чинь тэр шууд машин руу ороод ирсэн. Тэр үед Амин-Эрдэнэ утсаар яриад явж байхыг нь хараад Х хажуунаас нь орж ирээд Х ах нь байна, сайн уу гээд мэндэлсэн. Тэгсэн чинь тэр утсаар яриад  байсан М хүрээд ирээ, надад мөнгө байна, шагийн юм авъя гэж хэлсэн. Тэгээд байгаа газар нь буюу Мөнхдүүрэн зах руу очсон. Тэгээд очоод байж байтал М картаа алга болгочихлоо гэж хэлсэн. Бидний хажууд Мөөжийтэй приустай 2 охин уулзаж байсан чинь Х машин руу нь юм цацчихсан. Тэгээд тэр машины эзэн 2 охин, Х хоёрын хооронд маргаан үүсээд бид нар салгах гээд нилээн юм болсон. Тэгсэн чинь Мөөжий, Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ гурав приусэнд суугаад яваад өгсөн. Тэд нарын оронд М машинд ороод ирсэн. Эхлээд Мын карт алга болсныг мэдээгүй. Машинд явж байгаад арын Хаан банкны АТМ дээр очоод мэдсэн. Тэгээд буцаж Мөнхдүүрэн очиж картыг нь хайсан. Тэгж байтал М, ах би ер нь утсаа тавьчихъя, тэгээд юм авъя гэж хэлсэн. М өөрөө ер нь нилээн согтуу байсан. Тэгэхээр нь бид нар Баянцагаан тийшээ яваад шагийн юм зардаг айл руу очсон. Тэнд очсон чинь М “ер нь утсаа тавихаа болье” гэсэн. Тэгсэн чинь Х уурлаад “одоо энэ хүртэл явуулчаад яах гээд байгаа юм” энэ тэр гээд байсан. Тэгээд тэр Х, М хоёр гадаа гарч шээсэн. Тэр үед гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Би тэр үед эхнэртэйгээ утсаар ярьж байсан. Тэгээд орж ирэхдээ “уучлаарай ахаа би утсаа тавьчихъя” гэж байсан. Ер нь Х Мыг нээнтэглээд байсан. Тэгээд Мын утсыг Оргил гээд Хтэй хамт явж байсан залуу орж шагийн юм зардаг айл руу оруулж тавиад 2 ширхэг том савалгаатай пиво аваад машинд орж ирсэн. Тэндээсээ гэр байр руу орж байгаад машин дотор байсан Х, Бат-Оргил, М гурав 1 том пивоны талыг хувааж ууцгаасан. Тэнд байж байхад надруу Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ хоёр залгаад Мыг асуугаад байсан. Тэгээд би Бат-Оргил, Х хоёрыг 60 гэрт буулгаад Мыг Амин-Эрдэний гэр рүү оруулж өгсөн. Намайг ороход Амин-Эрдэнэ, Эрдэнэбаатар нар гэртээ, Мөөжий 2 охинтой машинд сууж байсан. Тэнд Мыг үлдээчихээд гэр рүүгээ харьсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

           Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр... Амин-Эрдэнийн гэрт ороход М, Эрдэнэбаатар, Амин-Эрдэнэ бас нэг Бондоок гээд хүүхэд байсан. Тэр дөрөв 2 том пиво уучихсан сууж байсан. Тэгээд бид тав нийлээд 4 том пиво уучихаад байж байхад М дэлгүүр орчихоод ирье гээд гарсан. Орж ирэхдээ дахиад 2 ширхэг том пиво аваад ороод ирсэн. Тэгээд тэр пивонууд ч бас дуусчихсан. Тэр үед цаг орой болчихсон, дэлгүүр хаачихсан болохоор Улсболдыг гэрээс нь дуудаад шаг зардаг айл руу явахаар болсон. Улсболдыг ирэхээр нь Амин-Эрдэнэ, Эрдэнэбаатар бид гурав суугаад явсан. Харин гэрт нь М, Бондоок хоёр үлдсэн. Тэгээд шаг зардаг Баянцагаан гээд дэлгүүрийн урд байдаг шагийн архи зардаг айл руу очсон. Тэнд 2, 3 машин зогсож байхаар нь бид хэд өнгөрөөд булан эргээд зогссон. Тэгээд сууж байсан чинь приус-20 хажуугаар орж ирж зогсоод орилолдоод бууж ирсэн. Тэгээд байж байсан чинь 2, 3 залуу орж ирсэн. Тэд нар Улсааг таньдаг юм билээ. Тэд нарын нэг нь болох чихээ боочихсон залуу надтай муудалцах гээд байхаар нь би чимээгүй болчихсон. Тэр залуучуудын нэг нь Амин-Эрдэнийг дуудаж гаргаад юм яриад байсан. Тэгээд машинд байсан чинь М Амин-Эрдэнэ рүү залгаад “Бондооктой муудчихлаа гараад явж байна” гэж хэлсэн чинь чихээ боочихсон залуу хажуунаас орж ирээд “наадах чинь хүнтэй муудлаа энэ тэр гээд ямар том юм бэ” гээд хэнийг нь асуухад М гэж хэлсэн. Тэгсэн чинь таньдаг бололтой хоорондоо утсаар яриад чихээ боосон залуу “ахдаа нэг юм авч өгөх юм байгаа биздээ” гээд өөрөө эхлээд хэлсэн. Тэгсэн чинь нөгөөдөх нь мөнгө байхгүй энэ тэр гээд байж байгаад буцаад бөөнөөрөө Мөнхдүүрэн зах руу очихоор болсон. Тэгээд Мөнхдүүрэн зах руу Улсболдын машинд танихгүй 4 залуу, Амин-Эрдэнэ, Эрдэнэбаатар, би бараг 8-лаа байсан байх. Тэгээд тэнд очсон чинь Мөнхдүүрэнгийн АТМ дээр М зогсож байсан. Тэнд очоод зогссоны дараа чихээ боосон залуу М руу очсон. Тэгсэн чинь бид нарын ардаас нэг приус-20 дагаад ороод ирсэн. Тэр машинд миний таньдаг Нандиа, Хонгорзул гэх хоёр эмэгтэй найзууд явж байсан. Тэгээд би бууж очоод цонхон дээр нь очоод юм яриад байж байсан чинь чихээ боосон залуу над руу ундааны савтай зүйл шидчихсэн. Тэгсэн тэр нь миний хамрыг оноод миний хамарнаас цус гарчихсан. Бас манай найзын машин руу цацагдчихсан. Тэгсэн чинь манай найзууд намайг өмөөрөөд бууж ирээд нөгөө залуутай муудалцсан. Тэр үед М нөгөө залууг тэвэрчихсэн “ахаа болио” гээд тэврээд явж байсан. Тэгэхлээр нь би Амин-Эрдэнэ, Эрдэнэбаатар хоёрыг аваад приус-20 руу суугаад явчихсан. Тэгээд буцаад нөгөө шагаасаа нэг пиво авчихаад Амин-Эрдэний гэр рүү явсан. Тэгээд тэнд очоод бид гурав буугаад пивоо хувааж уусан. Тэгээд намайг машинтай гадна байж байхад нилээн удсаны дараа Улсболд Мтой хамт ирсэн. Тэгээд цонхоо буулгаад асуусан чинь “энэ чинь ёстой сонин бацаан байна, өөрөө элдэв бусын юм ярьж байгаад зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд Мыг харсан чинь зүүн хацар нь нилээн хавдчихан, хавдсан тал руугаа цусаа татчихсан юм шиг хатчихсан байсан. Тэгээд Улсаа Мыг Амин-Эрдэний гэр рүү оруулж өгөөд гарч ирсэн. Тэгээд удалгүй би Амин-Эрдэний гэр рүү ороход М нөгөө сүүлд авдаг пивийг уучихсан байсан. Тэгээд байж байгаад би Их соёнд нэг өрөө авчихсан байгаа” гээд сонин сонин юм ярьж байгаад гараад явчихсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой баар хааж байхад би эгч Золзаяатай хамт Х ахыг гэр рүү нь хүргэх зорилготойгоор Викториа баар руу очиж байсан. Тэгсэн чинь Х ахтай цуг Бат-Оргил, Энхжин, Отгонбилгүүн гэх хүмүүс хамт байсан. Тэгээд эгч Золзаяагийн машинд багтахгүй болохоор Х ах болон бусад нь буугаад алхаад явчихсан. Тэрнээс хойш мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Ч.Чинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний  шөнийн 01 цаг 20 минутад нэг хүүхэд ганцаараа орж ирээд цэнхэр өнгийн ардаа 4 камертай утсыг барьцаалан 2 том пиво аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Жолоочийн найз нь гээд 5-уулаа сууж байсан. Тэгээд бид нар шууд ар руу яваад арын Хаан банкны гадна очоод Х утсаар яриад байсан хүүхэдтэйгээ хамт ATM рүү орчихоод гарч ирсэн. Х орж ирэхдээ “энэ нэг юм чинь картаа алга болгочихлоо” гээд байна шдээ гээд уурлаад байсан. Тэгээд тэндээсээ Баянцагааны урд байдаг шаг руу очсон. Бид нарыг шаг дээр очоод зогссоны дараа жолоочийн найз нь гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд 4-лээ үлдсэн. Тэгж байтал Х нөгөө утсаар яриад байсан хүүхэдтэйгээ зогсчихсон юм ярьж байгаад хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ өөдөөс битгий хэгжүүрхээд байгаарай гэж хэлээд цохиод байсан. Тэгж байгаад буцаад машин руу 2-лаа орж ирсэн. Тэгээд Х нөгөө хүүхэд рүү хандаад “чи наадахаа тэгээд барьцаанд тавихымуу” гээд дээрэнгүй өнгө аястай хэлсэн чинь нөгөө хүүхэд “заза барьцаанд тавъя гээд” утасныхаа кодыг гаргасан. Тэгсэн чинь Х над руу хандаад “энийг оруулж пивонд барьцаанд тавьчихаад ир” гэж хэлээд нөгөө хүүхдийн утсыг авч өгсөн. Тэгээд би Баянцагааны шаг руу ганцаараа орж 2 ширхэг 2,5 литрийн багтаамжтай Сэрүүн нэртэй пивийг нөгөө хүүхдийн гар утсаар барьцаалаад тавьсан. Тэгээд Х бид хоёр 2 ширхэг пиво аваад Хгийн гэр рүү очиж уусан. Харин нөгөө машины жолооч нь нөгөө хүүхдийг гэр рүү нь хүргээд өгье гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 56-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... М бид нарт өөрийн данснаасаа мөнгө аваад пиво авч өгье гээд Хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэсэн чинь картаа алга болгосон байна гээд машинд орж ирээд, надад хандан “Х ахаа, би гар утсаа барьцаалж байгаад архи шагалж зардаг газар тавиад пиво аваад өгье, та харин тавьж өгч чадах уу” гэхээр нь би “дараа нь янз бүрийн асуудал болохгүй биз дээ” гэж хэлээд Баянцагаан дэлгүүрийн урд талд байрлах монгол гэрийн гадаа ирсэн чинь Отгонбилгүүн харилаа гээд яваад өгсөн. Бат-Оргил, М 2 айл руу пиво авахаар ороод гарч ирэхдээ 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво бариад гарч ирсэн. Бид нар архи шагалж зардаг айлын гаднаас хөдлөөд 100 м газар явж байгаад айлын хашааны хажууд зогсоод Улсболдын машин дотор авсан пивоо уусан. Пивоноос Улсболд уугаагүй, Бат-Оргил, М бид 3 ууж байгаад М согтсон байсан учир 1 пиво дуусгаад харилаа гэсэн чинь Улсболд би хүргэж өгөөд харилаа гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/0166 дугаартай “Э.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

          Хохирогч Э.Мын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 103, 108-130 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 2 дугаар цэцэрлэгийн баруун талд хохирогч Э.Мыг зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Д.Хгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Мын эрүүл мэндэд  хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/0166 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Насанд хүрээгүй хохирогч Э.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй ба “...шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол, гомдол, санал байхгүй” гэж шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Д.Хд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Д.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА