Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2022/0162/Э |
Дугаар | 2022/ШЦТ/174 |
Огноо | 2022-09-20 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Хохирогч Ү.Б, Н.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2219001920217 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цаг 37 минутаас 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хотхоны урд талын засмал замд 94-25 ДГА улсын дугаартай, Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,
зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин, зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж, хохирогч Н.Төр-Эрдэнийн биед дух ясны баруун дээд хэсгээс доош баруун талын духны хөндийн ар дээд хана болон баруун нүдний ухархайн дээд хана, баруун самалдаг хөндийн дээд хана дайрсан шинэ хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аарцаг ясны хугарал, зүүн шаант ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, толгойн зулгаралт бүхий хүнд гэмтэл, хохирогч Ү.Бийн биед дал ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2022 оны 04 сарын 19-ний өдөр ажил дээрээсээ баруунаасаа зүүн чиглэлтэй Сод Монгол шатахуун түгээх газраас бензин авахаар явж байсан. Тухайн үед ногоон гэрлэн дохиогоор гарч өнгөрөхөд урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл холын гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь өөрийнхөө машины гэрлээр 2, 3 дохисон. Тухайн үед тэр машиныг дөнгөж өнгөрөх үед машины урд талд түс гэсэн чимээ гарсан. Би тухайн үедээ мал дайрчихлаа гэж бодсон. Сандраад тоормосоо гишгэхэд машины урд талаас 2 хүн шидэгдэж ойчсон. Машинаасаа буугаад яаралтай түргэн тусламж, цагдаагийн байгууллага руу залгаж дуудсан. Нэг хүн нь босох гэхээр нь босож болохгүй гээд толгойг нь түшиж хэвтүүлсэн. Тухайн үед Т гуай даараад байна гэхээр нь өөрийнхөө өмсөж байсан хувцсаар хөлийг нь хучиж өгсөн. Эмчтэй нийлж хугарсан хөлд нь чиг тавьж өгсөн ...” гэв.
Хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Намайг эмнэлгээс гарсан даруйд эмнэлгийн байгууллагаас бичиг өгсөн эм, тариаг авч өгсөн. 760,000 гаруй төгрөг гэж тооцож байна, энэ тооцоо зөв. Би найзтайгаа явган хүний гарцын хажуу талаар явж байгаад машинд мөргүүлсэн. Гэхдээ шүүгч болон улсын яллагчаас нэг зүйлийг тунгааж бодоорой гэж хүсэж байна. Ц.М асар их хурдтай яваагүй, хэрвээ 50, 60 километрийн хурдтай явсан бол бид хоёр үхсэн байгаа. Сандарсан байсан, замын цагдаагийн дүгнэлтээр 2 метрийн зайд байсан гэж тэмдэглэсэн байсан. Бид хоёр мөргүүлээд шидэгдсэн. Ц.М буруу яриад байна 50, 60 километрийн хурдтай яваагүй, ийм хэмжээний хурдтай явж байсан бол бид хоёр амьд үлдэхгүй. Замын цагдаагийн тэмдэглэлийг сайн уншаагүй юм шиг байна. Миний хөл хугарсан, эмнэлгээс 1 жилийн хугацаагаар группт оруулсан. Эмчлүүлэгчийн картад бичигдсэн байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс намайг тархи, толгойдоо одоо мартаж, санах, өмдөндөө бааж, шээхээ мэдэхгүй болно. Та 1 жилийн дотор хөл дээрээ босно, гол нь толгойныхоо өвчинд анхаараарай. Ц.М 2 нялх хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэггүй, ганцаараа ажил хийдэг. Надад одоо томографикийн зураг 850,000 төгрөг, ирж очих зардал зэрэг нийт 2,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Үүнээс 460,000 төгрөгийг надад өгсөн. 760,000 төгрөгтөө орсон. Эмнэлэгт 300,000 гаруй төгрөгийн эм, тарианы мөнгө өгсөн. Би өөрөө олон нялх өнчин хүүхэд өсгөсөн. Шүүгч, улсын яллагч бодож үзээрэй амьдралаа авч яваа залуу хүнд ажил төрлөө хийх боломжтой байдлаар ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна ...” гэв.
Хохирогч Ү.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Ц.М үнэн ярьж байна. Бид хоёр явж байсан, машин зөрсөн, яалт ч үгүй хараагүй байх. Бид хоёрыг мөргөж, би ухаан алдсан, намайг авч явж эмнэлэгт хэвтүүлсэн. Би удалгүй эмнэлгээс гарсан. Ц.М надаас уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэв.
Хохирогч Н.Төр-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой... би Бтай гэрийнхээ хашааг цуг янзлах талаар ярилцаж, зөвшөөрөхөөр нь чи тэгвэл манай гэрт очиж хоноё гэж хэлээд Отгонтөгсийн гэрээс Бийн хамт гарч Нарлагшандаас ертөнцийн зүгээр урагшаа байх, мах импексийн хашаанд байх эхнэрийн ажил дээр очиж таксины мөнгө авахаар хамт явсан. Хойноос урагш засмал замаар хөндлөн гарах үедээ би Бийн баруун гар талд явж байсан. Зүүн гар талаас ирж байсан машиныг харан зүүн гараа өргөн замаар гарахад тэр машин Б бид хоёрыг харан хурдаа сааруулж бид хоёрын урдуур гарах үед, бид хоёр тээврийн хэрэгслийн ар хэсгээр тойрон гарсан. Урд талын эсрэг урсгал руу орох үед нэг машин бид хоёрыг мөргөсөн. Тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үедээ Б бид хоёр тухайн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг мөргөсөн. Урд талын хамар буюу копудан дээр нэг хэсэг яван тээврийн хэрэгслийг тоормос гишгэх үед засмал зам дээр ойчсон. Би ойчих үедээ баруун тийш харж засмал зам дээр бүтэн эргэсэн. Би засмал зам дээрээс босоход хоёр хөл дээрээ тогтож чадахгүй унаж байсан. Б бид хоёрыг мөргөдөг машины жолооч машинаасаа бууж ирэн намайг битгий бос гэж хэлж байсан. Нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч Ү.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн 2 дугаар багийн Нарлаг шандад байх Отгонтөгс гэх найзындаа очиход Отгонтөгс эхнэрийн хамт байсан. Миний араас Т орж ирсэн. Отгонтөгс, Т бид гурав 0.5 литрийн архийг хувааж уусан. Би архинаас жижиг аягаар 2 удаа уусан. Т надад хандан манайд очиж хоноод маргааш манай хашааг хамт янзлая гэж хэлэхээр нь би тэгье гэж хариулаад Отгонтөгсийн гэрээс 21 цаг өнгөрч байхад гарсан /гадаа нилээн харанхуй болсон байсан/. Т бид 2 нарлаг шандаас ертөнцийн зүгээр урагш явж “Мах-Импекс” орж Төр-Эрдэний эхнэрээс гэрийнх нь түлхүүрийг авах гэж явах замдаа, засмал замаар хойноос урагш гарах үедээ машинд мөргүүлж ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Энхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагаас гомдол санал байхгүй. Зээлдэгч маань хугацаандаа зээлийн төлөлтөө төлбөрийн хуваарийн дагуу төлж байвал гомдолгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Гэрч Э.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Нарлаг шанд хорооллын урд талд байх асфалтан зам суурингийн доторх зам учир 60 км цагийн хурдтай явж болно. Засмал зам дагасан гэрэлтүүлэг тээврийн хэрэгслийн хурдад хамаарахгүй, үзэгдэх орчин хангалтгүй үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг жолооч сонгож явна ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой 21 цагийн үед Дорноговь аймгийн эмнэлгээс ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 94-25 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн Нарлаг шандын урд талын засмал зам дээр 40-50 км цагийн хурдтай явж байхад эсрэг талын урсгалын тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би тээврийн хэрэгслийнхээ гэрлээрээ дохин хурдаа сааруулан аажуу явах үед гэрэл шилжүүлээгүй тээврийн хэрэгсэл дөнгөж өнгөрөх үед юу ч харагдахгүй гэнэт тээврийн хэрэгслийн урд талд түс хийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарч, хоёр хүн автомашины хамар дээр байхаар нь жоохон явж байгаад тээврийн хэрэгслээ огцом тооромслоход тухайн хоёр хүн тээврийн хэрэгслийн хамраас урагш засмал зам дээр шидэгдэн ойчсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 111 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/0289 дугаартай “Н.Төр-Эрдэнийн биед дух ясны баруун дээд хэсгээс доош баруун талын духны хөндийн ар дээд хана болон баруун нүдний ухархайн дээд хана, баруун самалдаг хөндийн дээд хана дайрсан шинэ хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аарцаг ясны хугарал, зүүн шаант ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, толгойн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/0353 дугаартай “Ү.Бийн биед дал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Улсын 94-25 ДГА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”... 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Төр-Эрдэнийн өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 66-73 дугаар хуудас/,
Хохирогч Ү.Бийн өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 83-95 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-27 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрэл зураг /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №913 дугаартай “... салхины шил 240,000 төгрөг, капут 240,000 төгрөг, толины суурь 50,000 төгрөг, будах зардал 100,000 төгрөг, эд анги солих 45,000 төгрөг, 100 гр будаг 20,000 төгрөг, нийт 695,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 21 цаг 37 минутаас 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Нарлаг шанд хотхоны урд талын засмал замд 94-25 ДГА улсын дугаартай, Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин, зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж, хохирогч Н.Төр-Эрдэнийн биед дух ясны баруун дээд хэсгээс доош баруун талын духны хөндийн ар дээд хана болон баруун нүдний ухархайн дээд хана, баруун самалдаг хөндийн дээд хана дайрсан шинэ хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аарцаг ясны хугарал, зүүн шаант ясны хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, толгойн зулгаралт бүхий хүнд гэмтэл, хохирогч Ү.Бийн биед дал ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Иймд хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Н.Төр-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Ү.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримтаа ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Н.Т “...намайг эмнэлэгт байхад М байнга эргэж, бүх төлбөрийг төлж байсан. Би одоо Улаанбаатар явж эмчлүүлэх гэж байгааг М мэдэж байгаа ба бид 2 төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тохирсон, үүнээсээ өөрийнх нь төлсөн мөнгийг хасаад 1 450 000 төгрөг өгөхөд болно гэж ярилцсан байгаа, тэрийг л өгчихвөл өөр санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснийг шүүгдэгч М хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогч Ү.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Ц.Мд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч нар Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчиж явган хүний гарцгүй газраар үзэгдэх орчин харанхуй нөхцөлд эсрэг урсгалаас ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй гарсан нь хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Мы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн үдээс нь сул 1 хос 2 ширхэг гутал, хар саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, шаргал өнгийн зүүн талын улавч 1 ширхэг, хүрэн өнгийн үдээстэй гутал 1 ширхэг зэргийг хохирогч нарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд. хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Мы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 1,450,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Тд олгосугай.
6.Шүүгдэгч Ц.Мд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн үдээс нь сул 1 хос 2 ширхэг гутал, хар саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, шаргал өнгийн зүүн талын улавч 1 ширхэг, хүрэн өнгийн үдээстэй гутал 1 ширхэг зэргийг хохирогч нарт буцаан олгосугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч Ү.Б нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүгдэгч Ц.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
10.Шүүгдэгч Ц.М тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА