Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                          

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох эрүүгийн 2219000000247 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    О.М

Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч О.М нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлонгийн 3-304а тоотоос хохирогч У.Уийн эзэмшлийн 720,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг ногоон өнгийн угсардаг төмөр хашааг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч У.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нөхөр бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хот явсан. Баригдаж байгаа барилгадаа цэвэр бохирын шугам татуулахаар шугамын нүх ухуулсан. Тэгтэл нүх ухуулахад хашаа тулаад байна гэж нүх ухаж байсан экскаваторын жолооч утсаар залгаад хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр барилга бариулах гэж байсан хоёр хүнээ очоод хашааг нь авчих гэж хэлсэн. Тэгээд 8 ширхэг төмөр хашааг нь хашаан дотор тавиад нүхийг нь ухлаа гэж хэлсэн. Тэгээд  нүх ухаж байсан жолоочийг орой 19 цагийн үед ажлаа дуусаад явахад нь төмөр хашаанууд байсан гэж хэлсэн. Нөхөр бид хоёр 2022 оны 08 сарын 25-ны өдөр Сайншанд суманд орж ирээд хашаандаа 15 цагийн үед очсон. Тэр үед буулгаж тавьсан гэх 8 ширхэг хашаа байхгүй байсан. Тэгээд экскаваторын жолооч машиндаа унтаж байхаар нь сэрээгээд асуутал би мэдэхгүй гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

         Гэрч Ч.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 08 сарын 24-ны өдөр хажуу хашаанд унагалдайгаар нүх ухаж байсан залуу хашааны гадна талаар газраар булсан гэрлийн утас байгаа юу гэж асуугаад хашааны гадаа зогсож байсан. Би очоод хартал зүс мэдэх М гэх залуу зогсож байсан... энэ хашаа миний хашаанууд байгаа юм. Энийг өргөлцөөд айлын хашаанд оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч нийтдээ 8 ширхэг ногоон хашааг хажууханд байх Дэлгэр гэх айлын хашаанд оруулж тавьсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

         Гэрч Ц.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр... манай зэргэлдээ хашаанд нүх ухаж байсан унагалдайн жолоочтой уулзаад ухаж буй нүхний харалдаа 50 метр нүх ухуулъя гэж ярилцсан. Тэгтэл ажлаа дуусаад дараа нь болъё гэж хэлж байсан. Мөн би хүнээс хэдэн ногоон хашаа авсан. Энэ төмөр хашаануудыг танай хашаанд түр зуур тавьчихаад авъя гэж хэлж байсан. Би тэгэхээр нь тэг тэг гэж хэлчихээд гэртээ орсон. Дараа нь байж байгаад манай гудамжинд байдаг Болдоо гэх хүнтэй төмөр хашаанууд дамжлаад оруулж ирж байсан. Би гарсны дараа нь тоолоод үзэхэд 8 ширхэг төмөр хашаа байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Чойлонгын 3-304 а тоотод хөлсөөр айлын хашаанд аавын эзэмшлийн жижиг экске буюу /унагалдай/-р цэвэр усны шугам ухаж байгаад хашааг нь тойруулж ухах гэсэн чинь айлын кабелын утас таарч магадгүй гээд хажуу айлын хүүхэд явж байхаар нь энэ хавиар кабелын утас газар доогуур явж байгаа юу гэсэн чинь тэр хүүхэд мэдэхгүй гэсэн чинь цаанаас нь том хүн гараад ирсэн чинь урд нь зүс үзэж байсан Болдоо гэх залуу гарч ирэхээр нь асуусан чинь кабел манай хойгуур гарч байгаа гэсэн, би тэгээд Болдоод хандан чи хөгшөөн 2 пиво юм уу эсвэл 1 шил архинд яваад ирээч би чамд 20,000 төгрөг өгье өчигдөр архи уусан чинь дотор жаахан эвгүй байна гэсэн чинь Болдоо би бас уугаад дотор бас муу байна надад сая задалсан архи байна тэрийг уух уу гээд бид 2 Хараа нэртэй 0,5 литрийн архи хамтдаа уусан. Болдоо бид 2 архи ууж дуусгаад би Болдоод хашаанд байсан 8 ширхэг төмөр хашаа миний хашаа байгаа юм аа хамт зөөгөөд өгчих гэж хэлээд бид 2 баруун хойд талын танихгүй айлын хашаа руу 8 хашаагаа зөөсөн. Хашаагаа зөөж дуусгаад дахин нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи ууж дуусгаагүй байхад би гадаа айлын хашаанд унтаад өгсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23, 38 дугаар хуудас/,

           “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-922/4413 дугаартай “... 8 ширхэг төмөр хашааг 720,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ  /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хавтаст хэргийн 43-55, 59-63 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч О.М нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлонгийн 3-304а тоотоос хохирогч У.Уийн эзэмшлийн 720,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг ногоон өнгийн угсардаг төмөр хашааг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулах боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.М нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч У.Уийн эд хөрөнгөд 720,000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад алдсан хашааг буцаан авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч О.Мгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

З.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт  8-аас дээшгүй цагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэххэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч,  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Н.АДЪЯА