Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

2021         12           30                                         2021/ШЦТ/56

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Н.Пүрэвбаатар,

Шүүгдэгч Г.Т, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн /ҮД:3178/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Г.Т нарт холбогдох 2106 00000 2490 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 35 дугаар байрны 52 тоотод оршин суух, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, “Шударга журам” медалиар шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бэйлийнхэн овогт Нгийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Налайх дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр байрны 19 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Баяр овогт Ганхуягийн Т /РД:УЧ92110715/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Б, Г.Т нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам дээр иргэн Н.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохих, хавирч унагах зэргээр биед нь халдан, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн өгсөн: “... Тухайн өдөр бид хоёр 100 айлаас Дорнод руу юм ачуулах гээд яараад явж байсан. 100 айлын уулзвар дээр түгжрээд байж байхад гарц дээрээс хохирогч машины хажуу тал руу цохисон. Манай дүү буугаад тэр хоёр хоорондоо заамдалцсан. Би машинаасаа буугаад салгах гээд очиход хохирогч намайг түрүүлээд цохисон. Би зөрүүлээд цохитол арагшаа нуруугаараа төмөр хайс руу унасан. Тэнд байсан хоёр залуу боль гээд салгаад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Тын өгсөн: “... Намайг хамтарч зодсон гэх хохирогчийн мэдүүлэг байдаг. Би заамдалцаад салсан болохоос биш цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Пүрэвбаатарын өгсөн: “... Тэр өдөр яараад зам хөндлөн гүйж гарч байтал энэ хоёр залуу шүргэх шахсан. Би машины толийг нь эвхтэл цонхоо онгойлгоод ам мурийсан. Би хаяад явах гэтэл наадхаа барьж байгаа гээд жолоо барьж байсан залуу нөгөө залуудаа хэлэхэд бууж ирээд намайг бариад боож унагасан. Явах гэхэд явуулаагүй. Жолоо барьж явсан залуу бууж ирээд миний гар утсыг булааж аваад утсаар минь нүүр лүү цохихоор нь би цохисон. Жолоо барьж явсан гэх залуу нь Б юм. Т нь араас бариад Б нь цохисон...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Пүрэвбаатарын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цаг 30 минутын үед гэр лүүгээ харих гэж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян цээлийн нүхэн гарцын яг доод явган хүний гарцаар гарч явсан чинь цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн миний баруун гарын хэсгийг шүргэсэн, тэгэхээр нь би толийг нь гараараа цохиж хумьсан чинь шууд хоёр залуу машинаасаа бууж ирээд жолоочийн нөгөө талд сууж явсан эрэгтэй нь миний хоёр гараас барьж аваад хувцасны захаар хоолойг минь боохоор нь би “та хоёр чинь хүн дайрч аллаа шүү дээ, Цагдаагийн байгууллагад дуудлага өглөө шүү” гэж хэлээд гар утсаараа дуудлага дуудах гэсэн чинь нөгөө жолоо барьж явсан залуу нь миний гар утсыг шүүрч өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гар утсаа авах гэж миний хоёр гараас барьсан залуутай ноцолдож байх үед жолоо барьж явсан залуу нь миний нүүр хэсэг рүү гар утсаар маань цохисон, тэгээд миний уур хүрээд жолоо барьж явсан залуугийн нүүр лүү нь 1 удаа гараа атгаж байгаад зөөлхөн цохисон, тэгсэн чинь нөгөө залуу нь хойноос барьж авсан, тэр үед жолоо барьж явсан залуу нь миний нүүр хэсэг лүү нэг удаа цохисон, улмаар намайг тэвэрч авсан залуу нь хөл рүү маань хавирч газарт унагаасан, тэгээд газарт унаад байж байхад нэг залуу миний уруул хэсэг рүү цохисон, улмаар миний гар утсыг надад өгчхөөд шууд машиндаа суугаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэр үед муудалцаад байсан залуу “та нар хүн дайрлаа” гээд уурлаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би яараад дүүгээ салгаж авах гээд очиход тэр эрэгтэй гараараа намайг нүүрэн хэсэгт нэг удаа цохисон бөгөөд хариуд нь тэр хүнийг нэг удаа гараараа цохисон ба тэнд байсан хүмүүс салгацгаагаад бид нар машиндаа суугаад яваад өгсөн... би тэр хүний баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх.11, 27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюундэлгэрийн өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайхаас нөхөр болох Т болон хамаатны ах Б нартай хамт хотод орж ирээд 100 айлаас барилгын материал авах гээд явсан юм. Тэгээд 100 айлаас барилгын материал авчхаад буцаад Сансарын тойргоор уруудаад 13-р хорооллын зам дагуу түгжрээд явж байхад үл таних хүн машины толийг цохиод дараа нь цонхийг цохисон. Тухайн үед манай нөхөр жолоо бариад явж байсан бөгөөд машинаасаа буугаад тэр хүнтэй маргалдаад байсан бөгөөд араас нь манай ах Б бууж очсон. Удалгүй би тэр хоёрыг явъя гэж хэлэх гээд машинаасаа буугаад тэд нар дээр очиход үл таних хэдэн залуучууд зодооныг салгаж байсан бөгөөд тухайн үед манай ахын уруулаас нь цус гарчихсан байсан юм. Тэр үед манай нөхөр хажууд нь зогсож байсан ба нөхөр, ах, бид гурав машиндаа суугаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх.9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10750 дугаартай:

“1. Н.Пүрэвбаатарын биед 21 дүгээр шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,   

“Эм Ди Эл” ХХК-н эмнэлгийн тодорхойлолт /хх.17/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.33-49/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.23-25/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан тухай баталгаа /хх.26/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.34, 44/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Б нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зам дээр иргэн Н.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Пүрэвбаатарын өгсөн: “... жолоо барьж явсан залуу нь миний нүүр хэсэг рүү гар утсаар маань цохисон... нэг залуу миний уруул хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “... би тэр хүний баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10750 дугаартай:

“1. Н.Пүрэвбаатарын биед 21 дүгээр шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бгийн өгсөн: “... Би зөрүүлээд цохитол арагшаа нуруугаараа төмөр хайс руу унасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Пүрэвбаатарын өгсөн: “... Жолоо барьж явсан залуу бууж ирээд миний гар утсыг булааж аваад утсаар минь нүүр рүү цохихоор нь би цохисон. Жолоо барьж явсан гэх залуу нь Б юм... ” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б, Г.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудыг тус гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдалтай уялдуулан харьцуулж, шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж үнэлэхэд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Пүрэвбаатарын биед тогтоогдсон шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтлүүд шүүгдэгч Н.Б уруул хэсэг рүү нь цохиход хохирогч арагш унах үед учирсан байх бөгөөд харин уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Т хамтран оролцсон гэх хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан үйл баримт нь гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар давхар батлагдан тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, улмаар шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөн, энэ талаар гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Эцэст нь шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Н.Пүрэвбаатар нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Бгээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Н.Бд торгох ялын доод хэмжээ оногдуулах тухай дүгнэлтийг түүний өмгөөлөгч гаргасан боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэхээр байх тул дээрх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Н.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тэдгээрийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

          2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

          3. Шүүгдэгч Бэйлийнхэн овогт Нгийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд сануулсугай.

          7. Энэ хэрэгт Н.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Хохирогч Н.Пүрэвбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Бгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР