Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01800

 

 

 

   2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01800

        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Гааль 3-р байр, 22 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дашравдангийн  /рд:ЧЗ85041318/-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 3-р хороолол, 12-р байр, 30 тоот хаягт оршин суух, Улаан овогт Жамбалын  /рд:ПЭ75102304/-т холбогдох,

 

          Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Дашравдан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2005 оны 07 сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 189 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Санзайн зуслангийн 400 м.кв бүхийн газрыг эзэмших болсон. Улмаар 2006 онд Япон улс руу суралцахаар явахдаа Аюуми нэртэй сургалтын төвөөр дамжуулан явсан бөгөөд тус газартай барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй байсан.

Гэтэл 2017 онд Оюунбилэг гэх эмэгтэй Ж.т зарсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Оюунбилэг өмнө нь Аюуми сургалтын төвийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан болохыг тус төвийн захирлаас мэдсэн.

Дээрх хоёр иргэн анхны эзэмшлийн гэрчилгээтэй байгаа бөгөөд эрх шилжүүлэн авсан гэрээ байхгүй, барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэрээ баримт байхгүй атлаа тус газрыг миний газар хэмээн хэлж Ж. болон түүний ах Мөнхбат нар өөрсдийн байшинг барьж байна.

Маргаж байгаа газар нь өнөөдрийг хүртэл Д. миний нэр дээр байсан бөгөөд өөрийн эзэмшлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж бодож шинээр авсан. Тус газар нь ямар нэгэн байдлаар Аюуми сургалтын төв эсхүл Оюунбилэг болон Ж. нарын эзэмшилд байхгүй байгаа мөн барьцаанд тавигдаагүй байгаа болно. Би утсаар Оюунбилэг гэх хүнтэй холбогдоход та нар залилж миний газрыг авсан биз дээ гэж хашгичдаг, та нарыг шүүхэд өгсөн гэж хэлдэг боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар тийм нэхэмжлэл гаргаагүй болно.

Энэ маргаантай холбоотойгоор 2017 оны 07 сараас эхлэн газрын албанд хандаж Ж., Мөнхбат нарын хоёр торхон байшин барихыг зогсоохыг шаардаж өргөдөл өгсөн бөгөөд тус өргөдлийн хариу 2018 оны 06 сарын 11-ний өдөр гарсан.

Энэ хууль бус үйлдлийг зогсоохыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн барьсаар байна. Сүхбаатар дүүргийн Газрын албаны зохион байгуулагч Чинсанаа болон кадастрын хүмүүстэй очиж хэмжилт хийхэд нэг торхон байшин нь манай 400 м.кв газарт бүхлээрээ орсон байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Санзайн зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Оюунбилэг миний бие хууль, төрийн байгууллагад 32 жил ажиллаж байгаа болно. Үндсэн ажлаас гадуур “Аюуми” ХХК-д 2006-2010 оны хооронд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд ЧЗ85041318 регистрийн дугаартай Д.Тулгын Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзайн зуслангийн зориулалттай ГД:052969 дугаар бүхий кадастрын зураггүй гэрчилгээг “Аюуми” ХХК-иас ажлын хөлсөндөө авч улмаар 2012 оны 06 сарын 17-ны өдөр Санзайн зусланд өөрөө газраа сонгож “Вектор Меп” ХХК-иар эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас нээлгэн кадастрын зураглал хийлгэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж кадастрт оруулсан болно.

Д. нь кадастрын зураглалыг оруулж байх үед Япон улсад визийн хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч байсан. Аав Дашравдан нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр дээрх кадастрын зураглалтай газрын гэрчилгээг үрэгдүүлсэн гэж бичиг баримт бүрдүүлэн шинээр газрын гэрчилгээ, кадастрын зураглал гаргуулан гэрээ хийж бидний татсан хашааны хамт бусдад худалдсан байна.

Энэ хашааны газарт дүү Ж., Ж.Мөнхбат нарт 4,000,000 төгрөгөөр худалдаж, хамтарч 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зуслангийн байшин барьж байхад Сүхбаатар дүүргийн Газрын алба зогсоогоод байна.

Дээрх газрын худалдан авсан гэх иргэд 2017 оны 04 сараас эхэлж маргаж байгаа билээ. “Аюуми” ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсөндөө өгчихөөд одоо надаас 10,000,000 төгрөг өгвөл би бичиг хийж өгнө, үгүй бол өгөхгүй гэж хэлээд худалдан авсан гэх иргэнийг газрын албанд 2018 оны 05 сарын 23-ны өдөр дагуулан очин нэр шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Дээрх Сүхбаатар дүүргийн Санзай дахь зуслангийн газрын гэрчилгээ, оюутан суралцуулах гэрээ, барьцааны гэрээ бүгд надад эх хувиараа байгаа болно. Газрын гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга 2018 оны 04 сарын 26-ны өдөр хурааж авсан болно.

“Аюуми” ХХК нь 12 жилийн өмнө энэ бичиг баримтыг хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд албан ёсоор өгчихөөд 05 сарын байдлаар залилан хийж булааж авсан мэтээр ярьж яваа нь хүний ёсонд нийцэхгүйгээр барахгүй 32 жил төрийн байгууллагад ажилласан хуульч миний нэр хүндэд халдаж байна.

Мөн 2018 оны 05 сарын 02-ны өдөр тодорхойлолт хийж өгөхдөө 2,000,000 төгрөг авсан уг нь би нэр шилжүүлэх тодорхойлолт хийж өгөх байх гэж дээрх мөнгийг өгсөн юм. П.Саранчимэг нь хүссэн хүсээгүй миний ажлын тодорхойлолтыг хийж өгөх ёстой. Энэ байдлуудаас харахад П.Саранчимэг нь мөнгөнөөс өөр зүйл бодохгүй болсон юм байна гэдгийг сайн ойлгосон болно. Одоо Дашравдан болон Бурмаа нараас 10,000,000 төгрөг авсан гэж ойлгож байна. Мөн ажлын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байна. Миний гарын үсэг биш, тамгагүй байна.

Иймд би өөрийн биеэр хувийн компаниар кадастр хийлгүүлж Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлтийг бичгээр гаргаж 2012 оны 06 сард кадастрт оруулсан Сүхбаатар дүүргийн 15-р хороо Санзайн зуслангийн кадастрын зураглалыг оруулсан, үндэслэл нь 2012 оны 06 сард Д. нь Япон улсад амьдарч байсан, үрэгдүүлсэн гэж Дашравдан нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр газрын гэрчилгээ, кадастрын гэрээ хийх хүсэлт гаргах үед мөн хүү  нь Япон улсад байсан, “Аюуми” ХХК-ийн хуулийн зөвлөх С.Оюунбилэг кадастрын зураглал оруулсан зэргийг анхааран үзэж, холбогдох газруудаас нотлох баримт гаргуулах хүсэлт зэргийг ханган шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ж.т холбогдуулан, бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 сарын 08-ны өдрийн 189 дүгээр захирамжаар иргэн Д.д Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Санзайд байршилтай 0.04 га хэмжээтэй газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-32х, 39х/

Дээр дурдсан Засаг даргын захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2015 оны 05 сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18640336710354 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар Д.д эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ. /хх-38х арын нүүр, 36х/

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 14/1120 тоот албан бичигт 18640336710354 дугаарт бүртгэлтэй газар нь иргэн Д.Тулгын нэр дээр бүртгэлтэй хэмээгээд холбогдох газрын байршлын кадастрын зургийг хавсаргажээ.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу газрыг хууль ёсоор эзэмшигч Д. нь өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг Ж.ээс шаардах эрхтэй ба мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу Ж. нь газрыг чөлөөлөх үүрэгтэй байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болох нь ойлгогдож байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдагдсан “... кадастрын зураглал хийлгэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж кадастрт оруулсан...”, “Энэ хашааны газарт дүү Ж., Ж.Мөнхбат ... хамтарч 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зуслангийн байшин барьж”, “Дээрх Сүхбаатар дүүргийн Санзай дахь зуслангийн газрын гэрчилгээ, оюутан суралцуулах гэрээ, барьцааны гэрээ бүгд надад эх хувиараа байгаа”, “... өөрийн биеэр хувийн компаниар кадастр хийлгүүлж Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлтийг бичгээр гаргаж 2012 оны 06 сард кадастрт оруулсан...” гэсэн үндэслэлүүд нь хариуцагчид газар эзэмших эрх үүсгэхгүй бөгөөд “Аюуми” ХХК нь өөрийн эзэмшлийн бус газрыг бусдад ажлын хөлсөнд тооцон өгөх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Д.Тулгын хууль ёсоор эзэмшиж буй газрыг хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч тал 2018 оны 07 сарын 02-ны өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбараа 2018 оны 08 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан.

Хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 07 сарын 31-ний өдөр хэргийн материалтай танилцаж, 2018 оны 08 сарын 02-ны шүүх хуралдаанд өөрийн биер оролцсон.

Хариуцагчийн төлөөлөгч 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд хэргийн материалтай танилцсан баримтанд гарын үсэг зураагүй боловч хавтаст хэргийн 41-63 хуудаст авагдсан тайлбар, нотлох баримтуудыг хариуцагчийн төлөөлөгч өөрөө гаргаж өгсөн тул танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй.

2018 оны 09 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийн дагуу 2 хуудас нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн, нэхэмжлэгч талаас 2 хуудас “Тодорхойлолт” гэсэн баримтыг гаргаж өгсөн.

 

 Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан товлогдсон өдөр, цагаас өмнө шүүхэд ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640336710354 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ж.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.