Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

 

 

 

 

  2022         02          15                                      2022/ШЦТ/220

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.От холбогдох 2106 03761 0142 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 2 дугаар гудамжны 253 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Баатаргалын О /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” караокены гадна иргэн С.Бямбадоржийг үл ялих зүйлээр шалтаглан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Тэр өдрөөс хойш дахин архи амсаагүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бямбадоржийн өгсөн: “Би караокены үүдэнд тамхи татаад зогсож байхад нэг нүдний шилтэй залуу ирээд “чи хэн юм бэ” гээд байхаар нь дуугарахгүй байсан чинь “чи хэн юм бэ” гээд олон асуугаад байхаар нь “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн чинь намайг заамдаад авсан юм. Тэгээд караокеноос гарч ирсэн 2 залуу ирээд нэг залуу нь салгасан чинь хажуу талаас нь нэг залуу намайг түлхсэн. Тэгсэн чинь анх эхэлж надтай муудалцсан нүдний шилтэй залуу намайг заамдаад хашлага руу шахсан чинь би хойшоо унасан. Тэгээд би босоод зогсож байхад намайг анх салгасан залуу намайг явчих гэхээр нь би “цагдаа дуудчихсан байгаа” гээд тэр залуугийн цээж рүү нь 1 удаа түлхсэн чинь тэр залуу миний нүүрэн тус газар буюу дээд уруул, хамрын хэсэгт нэг удаа гараараа цохисон юм... Би тухайн үед “Кристал” караокены камерын бичлэгийг шүүж үзэж байхад Б.О гэх залуу миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байсан. Тэгэхээр надад учруулсан гэмтлийг Б.О гэх залуу учруулсан юм. Б.О гэх залуугаас өөр миний биед гэмтэл учруулсан хүн байхгүй. Сүүлд нэрийг нь мэдэхэд Мэнд-Амар гэх нүдний шилтэй залуу намайг заамдаад хашлага руу түлхэж унагаасан байсан... Б.О гэх хүн эмчилгээний зардал гэж надад 2.000.000 төгрөг барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21-23, 26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мэнд-Амрын өгсөн: “... Би тухайн залуу дээр явж очоод “хэн бэ чи, хаанаас ирсэн хэн бэ чи” гэсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гээд бид хоёр маргалдаад нэг нэгнийгээ заамдалцсан юм. Тэр үед О бид хоёрыг салгасан. Тэгээд Б.О тухайн залууг “чи явчихаа, манай найз согтуу байна” гэсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гээд өдөөд байсан юм. Тэгэхээр нь би тухайн залууг заамдаад түлхсэн чинь хашлага байж таараад бид хоёр хамт унасан юм. О тухайн залууг “чи яваач ээ” гэсэн чинь явахгүй байхаар нь О нүүр хэсэгт нь 1 удаа цохиод барьцалдаад авсан. Би тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй... Анхбаяр, Ундрахбаяр нар тухайн залуугийн биед халдаж цохиогүй, салгасан юм...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10504 дугаартай:

“1. С.Бямбадоржийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... миний гэнэт уур хүрээд нөгөө залуугийн нүүрэн тус газар буюу хамар, дээд уруулын хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон... Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөгийг өөрийнхөө 5720605966 тоот Хаан банкны данснаас С.Бямбадоржийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.29, 59-60/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.51-56/,

Шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.64-70/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-02/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.57-60/,

Хохирогч С.Бямбадоржийн гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.72/,

Шүүгдэгч Б.Оын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.73/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.78/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” караокены гадна иргэн С.Бямбадоржийг үл ялих зүйлээр шалтаглан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Бямбадоржийн өгсөн: “... тэр залуу миний нүүрэн тус газар буюу дээд уруул, хамрын хэсэгт нэг удаа гараараа цохисон юм... Би тухайн үед “Кристал” караокены камерын бичлэгийг шүүж үзэж байхад Б.О гэх залуу миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.21-23, 26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мэнд-Амрын өгсөн: “... О нүүр хэсэгт нь 1 удаа цохиод барьцалдаад авсан...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10504 дугаартай:

“1. С.Бямбадоржийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.45-46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... миний гэнэт уур хүрээд нөгөө залуугийн нүүрэн тус газар буюу хамар, дээд уруулын хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх.59-60/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.51-56/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С.Бямбадорж нь хохиролд 2.000.000 төгрөг хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Б.Оыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Б.Оын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Баатаргалын Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.От сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Бямбадорж нь хохиролд 2.000.000 төгрөг хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР