Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00102

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 26 251 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.Г, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч “Ч” ХХК-тай 2014 оноос хамтран ажилласан бөгөөд анх 2014 онд Барилга мегастор худалдааны төвийн В1 давхрын 8 тоот хаягт байрлах 47 м.кв талбайг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслүүлээд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээний хугацааг дуусгавар болгосон. Энэхүү хугацаанд түрээслэгч тал нийт 19 сарын түрээсийн төлбөрт 17 993 000 төгрөг төлөхөөс 12 870 000 төгрөг төлж, үлдэгдэл 5 123 000 төгрөгийг сар бүрийн түрээсийн төлбөр хугацаа хэтэрсэн учир алданги тооцож, 2 561 500 төгрөг нийт 7 684 500 төгрөгийг нэхэмжилж байна. 

Хоёрдахь гэрээний хувьд Барилга мегастор худалдааны төвийн 7А тоотод байрлах 49 м.кв талбайн гэрээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, 23 сарын түрээсийн төлбөр 25 125 120 төгрөгөөс төлсөн 15 107 120 төгрөгийг хасч, дутуу 10 018 080 төгрөгийн төлбөрөөс алданги тооцоход 5 009 040 төгрөг, нийт 15 027 120 төгрөг болсон юм.

Гурав дахь гэрээний хувьд 1 дүгээр давхрын 5а тоот хаягт байрлах 21 м.кв талбайн гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 сар 15 хоногоор тооцож, түрээсийн төлбөрт 4 017 000 төгрөг төлөхөөс хариуцагч 1 657 080 төгрөгийг төлж, үлдэх 2 359 920 төгрөгийг төлөөгүй тул алдангид 1 179 960 төгрөг тооцож, нийт 3 539 880 төгрөг болсон. Эдгээр төлбөрт түрээсийн гэрээний 7.5-д заасан нэмэлт цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг тавьсны 7 000-10 000 төгрөгийг нэмсэн. Иймд хариуцагчаас нийт 26 251 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай гэрээ байгуулж, Барилга мегастор төвийн В1 давхрын 08 тоот павильоныг түрээслэсэн бөгөөд энэхүү гэрээ 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болсон гэж байгааг гайхаж байна, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бид В1 давхраас 1 давхрын 7А гэх павилион руу нүүхдээ дараагийн гэрээ байгуулах шаардлага гарснаар нотлогдоно. Энэхүү 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 4 700 000 төгрөг төлснөөс гадна 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 7 670 000 төгрөг төлсөн бөгөөд хаалга нийлүүлсэн 2 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасна гэж байсан. Хожим 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмнөх үлдэгдэл 500 000 төгрөгийг төлсөн. Бид энэ хугацаанд нийт төлөх ёстой 16 920 000 төгрөгөөс 12 870 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4 050 000 төгрөг төлөхөөс дэнчингийн 1 316 000 төгрөгийн хасахад үлдэгдэл 2 734 000 төгрөг болох юм.

Хоёрдахь гэрээний хувьд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1 давхарт шилжиж, 7А павилионыг түрээслэсэн бөгөөд дэнчинд 1 000 000 төгрөг төлж, гэрээнд зааснаар үндсэн төлбөрийг 1 082 400 төгрөг гэж тохирсон боловч сар бүр 865 900 төгрөгийг төлөх хөнгөлөлт өгсөн. Гэвч нэхэмжлэгч тал уг тохиролцоогоо зөрчсөнөөс гадна үндэслэлгүйгээр 10 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээслэгч тал 2016 оныг дуустал түрээсийн төлбөрт 9 635 120 төгрөгийг бүрэн төлсөн байтал түрээсийн гэрээний 7.5-д зааснаар түрээсийн төлбөрт цахилгаан, дулааны зардлууд орсон байхад ямар үндэслэлээр 7 000-10 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Дээр дурдсан 875 920 төгрөгийг төлж байсныг нягтлан үзвэл үндсэн төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт үзүүлэхэд 865 920 төгрөг болж байна. Манай компани 2017 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд 875 920 төгрөгөөр тооцож 1, 5, 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт нийт 4 379 000 төгрөг төлсөн бөгөөд төлөөгүй 2, 3, 4, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 3 463 000 төгрөгийг хожим төлж, дэнчингийн 1 000 000 төгрөгийг хасвал 2 463 680 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 5А тоот павильоны түрээсийн гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон байхад түрээслэгч тал 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар баримтгүй тул уг үйл баримтын талаар маргахгүй. Гэрээнд зааснаар үндсэн төлбөр 462 000 төгрөгийг 7 сарын хугацаанд 3 234 000 төгрөг төлж, үүн дээр дэнчиг нэмж тооцвол 3 696 000 төгрөг төлөхөөс 1 657 000 төгрөг төлсөн. Харин цахилгааны төлбөрийг 5А, 7А түрээсийн гэрээн дээр заасан ба 462 000 төгрөгт цахилгааны төлбөр орсон байхад нэмж 10 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 038 920 төгрөг байхад 3 544 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай компаниас шүүхэд гаргасан тайлбараа төлбөр төлсөн баримтанд тулгуурласан бөгөөд дээрх 3 павильоныг түрээслээд түрээсийн үлдэгдэл төлбөр 6 776 660 төгрөгийн тооцоо гаргасан тул 26 305 230 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Бид, энэхүү нэхэмжлэлийг хүлээн авсны дараагаар “М” ХХК-д хандаж үлдэх түрээсийн гэрээний зүйлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Ч” ХХК-иас 22 324 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 926 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 477 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 269 574 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад 2016 оны 02 дугаар сарын 01-ний түрээсийн гэрээгээр 1 сарын төлбөрт 1 082 400 төгрөг гэж бичсэн боловч харилцан тохиролцож 20 хувийг хасч, 865 920 төгрөг, цахилгааны төлбөрт 10 000 төгрөг нийт 875 920 төгрөг байхаар төлбөр хийгдэж байсан талаар тайлбарлахад нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй байхад шүүх үүнийг тодруулж асууж тооцоо хийж үзсэн атлаа энэ байдлыг орхигдуулж, дүгнэлт хийлгүйр шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн гэрээнүүдэд цахилгааны төлбөр төлөх асуудлын талаар тодорхой заасан байхад буруу тайлбарласан, алданги нэхэмжилэх эрхгүй буюу хуулийн шаардлага хангаагүй заалтыг хэрэглэсэн зэрэг зөрчлүүд гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч гэрээний агуулгыг тайлбарлах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ч” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26 251 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 01, 2016 оны 02 дугаар сарын 01, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 3 түрээсийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Барилга Мегастор худалдааны төвийн В1 давхарын 8 тоот, 1 давхрын 7А, 5А тоотод байрлах павилонуудыг тус тус түрээсэлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх 8-16/

Хариуцагч байгууллага 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, алдангид нийт 7 485 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, алдангид нийт 3 404 880 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн талаар давж заалдах гомдол гаргаагүй, харин 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу түрээсийн төлбөр, цахилгааны төлбөрийн хамт 1 082 400 төгрөг  эсвэл 875 925 төгрөг байх эсэх талаар  талууд маргасан байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлохоор зохицуулсан. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр сар бүр төлөх түрээсийн төлбөр 1 082 400 төгрөг, цахилгааны төлбөр 10 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх түрээсийн гэрээний 6.9-д “шаардлагатай гэж үзвэл түрээслэгч талын хүсэлтээр түрээслүүлэгч түрэээсийн төлбөртэй холбогдсон хөнгөлөлт үзүүлж болох ба түрээсийн гэрээний үүргийг зөрчих тохиолдолд хөнгөлөлтийг цуцлах” талаар заажээ. Иймд талуудын хооронд түрээсийн гэрээний төлбөрөөс хөнгөлөлт эдэлсэн гэх хариуцагчийн тайлбарыг энэхүү гэрээний заалт, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үнэлэх боломжтой.

Түрээсийн гэрээнд түрээсийн төлбөртэй холбоотой хөнгөлөлтийн хэмжээг тодорхой заагаагүй боловч хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу нийт 17 удаа төлбөр төлөхдөө 15 удаагийн төлбөр дээр 875 920 төгрөг төлснийг нэхэмжлэгч зөвшөөрөн хүлээн авч байсан нь хэрэгт авагдсан түрээсийн төлбөрийн тооцооны баримт /хх 49-62/-аар тогтоогдсон, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн тооцоог сар бүрээр тооцож гаргасан тооцооны хүснэгтийн задаргааг дээрх баримтуудтай харьцуулан үнэлэхэд сарын түрээсийн төлбөр 865 920 төгрөг, цахилгааны төлбөр 10 000 төгрөгийн үнэтэй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Түрээсийн төлбөрийн тооцооллоос 2017 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй учраас 2 сарын түрээсийн төлбөр төлөөгүй үнийн дүнг шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцоход 420 480 төгрөг, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алданги тооцоход 367 920 төгрөг болно. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны түрээсийн төлбөрт алданги тооцох үндэслэлгүй тул 9, 10 сарын төлбөрт алданги тооцохгүй, мөн 12 сарын түрээсийн төлбөрийг шаардах эрх үүсээгүй байхад нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 18 394 320 /875 920 төгрөг*21 сар/ төгрөг төлөх үүрэгтэйгээс 15 106 800 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон байна. /хх 56-60/ Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 287 520 /18 394 320-15 106 800/ төгрөг дээр  дурдсан 2 удаагийн түрээсийн төлбөрийг хожимдуулсны алдангид 788 400 төгрөгийг нэмж тооцон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний төлбөрт 4 075 920 төгрөг төлөх үндэслэлтэй.

Иймд хариуцагч “Ч” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний төлбөрт 7 485 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөрт 3 404 880 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрэээний төлбөрт 4 075 920 төгрөг нийт 14 965 800 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/03576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “22 324 800,00” гэснийг “14 965 800” гэж, “3 926 700.00” гэснийг “11 285 700” гэж, 2 дахь заалтад “269 574” гэснийг “232 779” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                                        Д.БАЙГАЛМАА