| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 186/2019/0366/Э |
| Дугаар | 784 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 784
Г.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Г.Н-д холбогдох эрүүгийн 1911005820307 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж овгийн Г-ын Н, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ФБ.............../,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
Г.Н нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батбаатарын “Луна” 2800 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овгийн Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм бүруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан
ирсэн зүйлгүй, Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол,
эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх
тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасныг тайлбарлаж, сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасныг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг дурдаж өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Г.Н нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батбаатарын “Луна” 2800 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч О.Батбаатарын “...Н “утас чинь байна уу” гээд асуухаар нь би “байгаа” гэж хэлээд утсаа гаргаж ирэхэд “наадхыг чинь ломбарданд тавина” гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн үед согтуу над руу агсараад байхаар нь би нэг их юм хэлээгүй. Тэгээд гар утсыг минь хороололд байх ломбарданд Н жолоо барьж байгаа найзынхаа хамтаар орсон юм. Тэгээд гарч ирээд хороололд байх хоолны газарт орж хоол идсэн. ...” /хх 22-23/,
гэрч Э.Билгүүний “...машинд орж ирээд суугаад ярихдаа Насаа тэр залуугийн гар утсыг нь ломбарданд тавихаар болоод ярьсан байсан. Тэгээд би найз Насаагаас “болох юм уу” гэж асуухад “зүгээрээ болно асуудалгүй, би хэлсэн, чи надад хороолол яваад ломбард ороод өгчих, би машинд чинь бензин хийж өгнө” гэж хэлэхээр нь “за за” гээд зөвшөөрөөд ломбард явсан юм. ...Хорооллын Өргөө кино театрын хажуу талд байх нэрийг нь мэдэхгүй ломбард руу Нын хамтаар орсон. Н өөрийн бичиг баримтаар тэр залуугийн гар утас болох нэрийг нь мэдэхгүй саарал өнгийн том гар утсыг 60.000 төгрөгөөр тавьсан юм. ...” /хх 14-15/ гэх мэдүүлгүүд,
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Н-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Н-ыг хохирогч О.Батбаатарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Г.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Прокурор Ц.Батбямбын бичсэн “...шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан зүйлийг тайлбарлан, сануулж бичээгүй...” талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хуульд тодорхой заасан тул тухайн үед нь эрх бүхий байгууллага уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Түүнчлэн шүүхээс эсэргүүцэлд дурдсан асуудлаар шийдвэр гаргаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ