Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0437

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 279 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2022/0501/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.Гомдлын агуулга:

2.1. ...Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан нь нийцсэн байна.... гэсэн нь дутагдалтай дүгнэлт юм. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хариуцагч нь тухайн маргаан бүхий актыг гаргах эрхтэй эсэх асуудлыг дүгнэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино..”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ... Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... гэж тус тус зааж өгсөн байдаг билээ. Дээрх зохицуулалтууд нь эрх зүйн хамгаалалт хүсэж буй нэхэмжлэгчийн эрх ашиг нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүх нь шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бодит дүгнэлт өгөх, хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн няцааж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай билээ. Гэтэл дээрх нөхцөл байдлуудыг тогтоож чадалгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

2.2. Учир нь “Гол, Мөрний Урсац Бүрэлдэх Эх, Усны Сан Бүхий Газрын Хамгаалалтын Бүс, Ойн Сан Бүхий Газарт Ашигт Малтмал Хайх, Ашиглахыг Хориглох Тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж хуульчилж өгсөн. Харин “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална” гээд 56.1.3 дахь хэсэгт “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж зааж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлахыг хуулиар үүрэг болгосон байна. Анхан шатны шүүхээс хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлахдаа зөвхөн “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 13.1.3-т хамааруулан тайлбарлажээ. Гэтэл “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “...эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож...” гэж хууль тогтоогчийн зүгээс эргэлзээгүй байдлаар тайлбарлаж өгсөн.

2.3. Дээрхээс үзэхэд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж буй үндэслэл нь “Гол, Мөрний Урсац Бүрэлдэх Эх, Усны Сан Бүхий Газрын Хамгаалалтын Бүс, Ойн Сан Бүхий Газарт Ашигт Малтмал Хайх, Ашиглахыг Хориглох Тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн хориглолтын үндсэн дээр цуцалж байх тул “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.3 дахь зохицуулалтад хамаарах юм. Иймд “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг олгосны дараа манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Нийслэлийн засаг даргад үүсэхээр байна. Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж зааж өгсөн. Тодруулбал нөхөх олговрыг олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн зохицуулалттай байхад үүнийг шууд зөрчиж манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус юм. Нэгтгэн дүгнэхэд Ашигт малтмалын тухай хууль-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагад нөхөх олговор олгох, мөн хуулийн 56.1 дэх хэсэгт болон 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг бүрэн төлсөн-ийн дараа тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилж өгсөн байхад ийнхүү шууд цуцалж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн зүгээс нөхөх олговрыг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу дээрх хуулийн заалтуудыг зөрчиж шийдвэрээ гаргасан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад няцааж байгаагүй бөгөөд үүнтэй холбоотой тайлбар болон бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

2.4. Дээрх бүгдээс үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0279 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.1. Анх нэхэмжлэгч “Г” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын Татам-3 нэртэй газарт 25 гектар уурхайн талбай бүхий газрыг ашиглах MV-013401 дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон байна.

2.2. Уг тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагад нөхөн олговрыг бүрэн төлсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилж өгсөн байхад ийнхүү шууд цуцалж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж маргажээ.

2.3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолын 6, 8 дугаар хавсралтаар баталсан Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицолтой давхцалтай тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаарх дүгнэлтийг нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсний дагуу тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/1255 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад хүргүүлж, энэ талаар 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/1388 дугаар албан бичгээр сонсох ажиллагааг мэдэгдсэн байна. Хэргийн оролцогчийн хэн аль нь энэхүү сонсох ажиллагаатай холбоотой асуудлаар маргаагүй.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/142 дугаар албан бичгээр “...усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай” гэх лавлагаа, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4163 дугаар албан бичгээр “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ...50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсэд давхцалтай”, мөн яамны “...орон нутгийн усны энгийн хамгаалалтын бүстэй 25.44 га давхцалтай” гэх лавлагаа зэрэг баримтуудаар “Г” ХХК-ийн ашиглах MV-013401 дугаар бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс, усан сангийн хамгаалалтын бүсийн аль алинтай нь бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож байна.

2.5. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, 4.2-т “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй” гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооно.” гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, усан сан бүхий хуулиар хориглосон хязгаарлалтын бүсэд ашигт малтмал ашиглах, газрын хэвлийн нөхөн сэргээлт хийгээгүй зөрчил гаргасан, мөн нийтийн ашиг сонирхол буюу Улаанбаатар хотын усан бүхий газрыг хамгаалах зорилгоор уг тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох бүрэн эрх нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсоны дагуу гаргасан маргаан бүхий актыг хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.7. Энэ талаар анхан шатны шүүхээс “...усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон, Нийслэлийн Засаг дарга онцгой хамгаалалтын бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий талбай нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Г ХХК-ийн MV-013401 дугаартай ашигт малтмалын ашиглалын тусгай зөвшөөрлийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хууль ёсны акт гэж үзэх үндэслэлтэй” гэж үндэслэл бүхий зөв дүгнэжээ.

2.8. Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14, 56 дугаар зүйлд заасан ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтаас үзвэл, энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-013401 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөөцөд авсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэр байхгүй, мөн тусгай хэрэгцээнд авсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...нөхөн олговрыг олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн зохицуулалттай байхад үүнийг шууд зөрчиж манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Усны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН