Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 114/ШШ2021/0010

 

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 114/ШШ2021/0010

Дархан-Уул аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 114/2021/0006/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойномыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХКомпани /Улсын бүртгэл *******, Регистр *******/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28-01-21/09 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагч Улсын ахлах байцаагч *******, ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХКомпаниийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Ишээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Гаалийн газраас танай байгууллагад 150 сая төгрөгийн торгууль ногдуулсан акт тавьсан, манай үйл ажиллагаанд шалгалт хийгдэхэд хангалтгүй дутуу хийгдсэн байна гэдэг үндэслэлээр акт тавигдсан энэ акт Хаан банк ХХК-д холбоотой учир танайд хамааралтай байгаад байна. Танай байгууллага энэ асуудлыг мэдсэн үү? Мэдэгдсэн үү гэдгийг манай албаны утсаар акт гарснаас хойш Дархан-Уул аймгийн Гаалийн газраас анх ярьсан. Манай байгууллагын зүгээс буруутай үйл ажиллагаа болсон бол бидний эрх ашиг хөндөгдөж байх тул бидний зүгээс тайлбар өгөх холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх буруугүй гэдгээ нотлох байсан. Тэрхүү боломжийг огт олгоогүй, хийгдээгүй. Гаалийн газраас гуйж тухайн актыг хуулбарлуулж авсан.

Мэдсэн даруйдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага зөрчсөн хууль бус акт учир хүчингүй болгооч гэж анх Санхүү хяналтын албанд нь гомдлоо гаргасан. Акт гарах болсон шалтгаан нь ******* компанийн гаалийн татвар, баталгаа гаргасантай холбоотой 2 сар баталгааны хугацааг зөрчсөн, баталгааны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр. Татварын ерөнхий газраас огт мэдэгдэл ирээгүй байхад манай байгууллага баталгааны төлбөрийг огт төлөх боломжгүй юм. Татварын ерөнхий газраас баталгаа гартал нэхэмжлэлээ ирүүлдэг, үүрэг зөрчигдсөн гэж үзвэл мэдэгдэх ёстой мэдэгдсэн бол бид ямар нэгэн арга хэмжээ авч энэ акт гарахгүй байсан юм. Хаан банк нь ******* ХХК болон Гаалийн ерөнхий газрын хооронд Гаалийн бүрдүүлэлтийн төлбөрийн баталгаа гаргах тухай гэрээ хийсэнтэй холбогдуулан харилцагчийн хүсэлтээр захиалагчид 2,432,691,000 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн баталгааг 2019-11-18-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаагаар гаргасан ба төлбөрийн үүрэг гүйцэтгэгчийн 20/13 хүсэлтийг үндэслэн үндсэн баталгааны хугацааг 2020 оны 03 сарын 17-нийг хүртэл сунгасан.

Эрх бүхий байцаагч нар нь Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 3-т зааснаар Хаан банк ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан. Гэтэл оролцуулах байтугай акт гаргаснаа ч мэдэгдээгүй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-т зааснаар захиргааны шийдвэр акт гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай бичгийг бүрдүүлж өгөх эрхтэй гэж заасан. Энэхүү эрхийг хязгаарласан. Хэрвээ мэдэгдсэн бол өөрийн буруугүй гэдгийг нотлох боломжтой байсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад үүсэж болох ач холбогдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэж зааснаар энэхүү ажиллагаа огт хийгдээгүй.

Мэдэгдэлтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 1-т захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэж заасан. Мэдэгдэх үүрэг нь акт гаргасан этгээд буюу байцаагч нар байхаар хуульчилсан. Мөн хуулийн 43.4-т хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсэг зурж баталгаажуулна гэж зааснаар бидэнд гардуулах ёстой байсан.46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэснээр бидэнд мэдэгдсэнээр акт хүчин төгөлдөр болно энэ акт бол хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байгаа ба утсаар ярьсан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Үнэхээр мэдэгдсэн бол шалгаж тогтоогоод, буруутай байсан бол төлөх нь үүрэг юм. Дээрх шаардлагуудыг огт биелүүлээгүй байх тул энэ акт хүчин төгөлдөр байх үндэслэлгүй байна, актыг байцаагч нар маань Гаалийн газарт тогтоогдсон актыг гардуулсан. Хаан банк ХХК нь эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа этгээд юм. Гаалийн газарт актыг хүлээлгэн өгч танилцуулсан шигээ манай байгууллагад яг тэгж танилцуулж гарын үсэг зуруулж хүлээлгэж өгөх ёстой байсан. Актаа Гаалийн газрын дарга билүү нягтланд нь гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан байсан. Гаалийн газар нь тухайн үед хамтдаа нэхэмжлэл гаргая гээд явж байсан. Дараа нь бид төлөхгүй , манай үйл ажиллагаанд хамааралгүй байсан учраас нэхэмжлэл гаргаагүй тайлбар өгөөд дуугүй болсон. Гаалийн баталгааны талаар Татварын ерөнхий газраас татгалзах зүйлгүй гэсэн хариуг Хаан банк ХХК-нд өгсөн байдаг тэр зүйлийг огт ярихгүй байна. Гэтэл хууль зөрчсөн гэж үзсэн бол яагаад Татварын ерөнхий газарт хандаагүй юм. Гаалийн газраас манай байгууллагад актын талаар акт гарсны дараа мэдэгдсэн гэдгийг дээр тайлбартаа тодорхой хэлсэн. Актаа тухайн үед манай салбарын ажилтанд яагаад гардуулж өгөөгүй юм бол гардуулах бүрэн боломжтой байсан ба гаалийн газраас бидэнд имэйлээр мэдэгдсэн, *******ыг хүү төл гэсэн актыг хараарай гэж явуулсан байсан, гаалийн газраар дамжуулж байгаа нь ойлгомжгүй. Захиргааны ерөнхий хуульд өөрт нь мэдэгдэх тухай зохицуулалт байгаа утсаар ярьсан тухайд тодорхой бус манай салбарыг хариуцсан мэргэжилтэн дарга гэж байгаа, иймд актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч улсын ахлах байцаагч *******гээс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гаалийн газар дээр хийсэн шалгалтаар 2019-2020 оныг дамнан хийгдсэн ******* ХХК-ны гаалиар импортолж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой татвар түүний төлөлтэй холбогдолтой асуудлыг ******* байцаагчийн хамт хамтарч шалгасан. Энэхүү шалгалтын хугацаанд Хаан банк ХХК нь гаалийн баталгааны хугацааг 2 дахь удаагаа сунгаж өгсөн нь Засгийн газрын 2009 оны 89 дүгээр тогтоолыг зөрчсөн ба Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргах журмын 6 дугаар зүйлийн 6.1-д банкны баталгааны хугацаа нь гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хийснээс хойш 2 сар хүртэл хугацаанд хүчинтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд Гаалийн тариф, татварын тухай хууль болон энэхүү журамд банкны баталгааг сунгаж болно гэсэн заалт тусгагдаагүй учир дараагийн удаад дахиж яагаад банкны баталгаа гаргаж өгөх үндэслэл үүссэн бэ? гэдэг талаар холбогдох гаалийн байцаагч, мэргэжилтэнд нь танилцуулж холбогдох газруудыг дуудахыг мэдэгдсэн. Гаалийн газраас Хаан банк-ны имэйл хаягаар хүсэлт явуулж акт тогтоох талаар улсын байцаагч *******тэй холбогдоно уу гэж мэдэгдсэн мэдэгдэл нь байгаа ба тус баталгааны талаар тайлбар ирүүлээгүй тул тухайн өдөр үдээс хойш холбогдох ажилтан уруу нь утсаар холбогдож асуухад хуулийн мэргэжилтэн байна ******* гэсэн утсаар холбогдсон тайлбараа ирүүлэхийг шаардсан. Тайлбар ирүүлээгүй учир актыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэн актыг гаргасан. Бидний гаргасан улсын байцаагчийн акт дээр би өөрөө гарын үсэг зурсан тул Хаан банк ХХК-аас актыг эс зөвшөөрч гомдол ирэхэд өөрийн гаргасан актыг хянаж шийдвэр гаргах боломжгүй тул дараагийн шатны арга хэмжээг авна уу? гэсэн хариуг хүргүүлсэн юм.

Акт тогтоосны дараа Гаалийн газраас танай байгууллагад имэйл хаягаар актыг явуулсан нотлох баримтыг хавтаст хэрэгтэй танилцахад олж харсан. Татварын ерөнхий газраас тогтоосон банкны баталгааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичгийг мөн хэргийн материалтай танилцах үедээ харсан. Шалгалт хийж байх хугацаанд тус баримт байгаагүй. Би шалгалт хийгээд акт тогтоохынхоо өмнө Гаалийн газрын цахим шуудангаар баталгаа гаргаж өгсөн төв рүү имэйл явуулж мэдэгдсэн. Энэхүү үйлдэл нь мэдэгдсэн гэдгийг батлаад байгаа юм. Шалгалтаар илэрсэн зөрчлийг Хаан банк ХХК-наар төлүүлж холбогдох арга хэмжээг авч ажилла гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 9.8-т заасан үндэслэлээр актаа тогтоосон. Гаалийн газарт акт тогтоогоод Хаан банк ХХК-аар төлүүлэх үүрэг өгсөн бидний тавьсан акт үндэслэлтэй гэв.

Хариуцагч улсын ахлах байцаагч *******ээс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Акттай холбогдуулан Хаан банк ХХК нь ямар ч буруугүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийг биелүүлэх үүрэгтэй. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д гаалийн болон бусад татвар төлөх баталгааг банк гаргасан бол тэдгээр татварыг төлөх баталгааны хугацаа дуусмагц татвар төлөх үүргийг банк хүлээнэ, мөн хуулийн 45.1-д энэ хуулийн 41.2.2-т заасныг дагуу мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргасан бөгөөд мэдүүлэгч нь уг баталгаанд заасан хугацаанд тэдгээрийг төлөөгүй бол банк татварыг гаалийн байгууллагад төлөх үүрэгтэй, 45.2-д банк энэ хуулийн 45.1-д заасны дагуу татварыг төлөөгүй бол гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0,3 хувиар тооцон хоног тутам хүү төлнө гэж, хуулийн 41.2.2-д банкны баталгаа гаргах гэж тус тус зааснаар Хаан банк нь баталгааны хугацаа дуусмагц татварыг төлөх үүрэгтэй байсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар холбогдох байгууллагаар дамжуулж мэдэгдсэн хуульд заасан үндэслэлээр акт тогтоосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар огт үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулах тухай бид бүхэн сайн мэднэ. Гаалийн газар болон ******* ХХК-д холбогдсон, мэдэгдсэн. Гаалийн тухай хуулийн 3.1.2, 294 дүгээр зүйлийн 1-д зааснаар төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулах гэснийг үндэслэн хүү ногдуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-аас Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28-01-21/09 дугаар актыг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

сарын 23-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Гаалийн газрын 2019, 2020, 2021 оны эхний 2 сарын санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагааны баримтад хяналт шалгалтыг хийж, Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг баримтлан Гаалийн байгууллагаас ногдуулсан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 153,742,0 мянган төгрөгийн хүү ногдуулан ******* ХХК-ийн Чингэлтэй ТТТ-өөр төлүүлэхээр 28-01-21/09 дугаар акт тогтоосон байх бөгөөд актадаа ******* 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гаалийн Ерөнхий газарт 2,432,691,0 төгрөгийн төлбөрийн баталгаа гарган хүргүүлсэн ба төлбөрийн баталгааны бичигт дурдсан 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Гаалийн байгууллагаас тогтоосон татварын үлдэгдэл болох 2.2 тэрбум төгрөгийг ******* компани төлөөгүй байхад баталгаа гаргасан ******* баталгааны төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 45 дугаар зүйлийн 45.1, мөн төлбөрийн баталгааг 2 дахь удаагаа 2 сараар гарган өгсөн гэх үйлдэлд нь хугацаа хэтрүүлсэн татварт хүү тооцон ногдуулаагүй нь Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.

Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д аж ахуйн нэгж, байгууллага ...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэмийн 6 дугаар зүйлийн 6.3-д ...санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь ...эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 6.3.1-д санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах, мөн 7.5-д санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь ...акт бичих эрхтэй байх бөгөөд 6.3.3-д хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах гэж тус тус хуульчилжээ.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах улсын байцаагч нараас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч *******анд мэдэгдсэн буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 20 минутад Гаалийн газраас имэйл явуулсан, Гаалийн газрын дарга, ахлах нягтлан бодогч, татвар орлогын нягтлан бодогч нарт зөрчил илэрсэн тухай бүр биечлэн уулзаж мэдэгдсэн, хамаарал бүхий байгууллагуудад танилцуулахыг мэдэгдэж, Гаалийн газрын албан тушаалтнууд Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгчээс хариуцагч нар нь захиргааны актыг манай *******анд өнөөдрийг хүртэл гардуулаагүй, акт хүчин төгөлдөр болоогүй, Захиргааны Ерөнхий хуулийн 13.3, 15.1, 25, 26 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй, буруугүй гэдгээ нотлох тайлбар, нотлох баримт гаргаж өгөх санал гаргах боломжоор хангаагүй, хөндлөнгийн байгууллага болон Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас мэдээлэл авсны дагуу актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай нэхэмжлэлээ гаргасан гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана, Дотоод аудитын дүрмийн 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 5045/21/286 албан бичгээр аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдлоо гаргаж, тухайн алба нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр 34-1 албан бичгээр хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн, мөн 2021 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 3231 дугаарын албан тоотоор Монгол улсын Сангийн сайдад гомдлоо гаргасан боловч гомдлын хариуг өнөөдрийг хүртэл албан ёсоор өгөөгүй байгаа нь Дотоод аудитын дүрмийн 11.2-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн байх ба шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо холбогдох байгууллагуудад гаргасан байх тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус зааснаар захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө гаалийн байгууллагаас ногдуулсан татварыг хугацаанд нь төлөөгүй үндэслэлийг шалгаж тогтоох, ******* ХХК Татварын Ерөнхий газар болон *******наас бичгээр тайлбар, тодруулга авах, шаардлагатай мэдээлэл нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулж, цуглуулах, бүрдүүлэх замаар холбогдох нотлох баримтад дүн шинжилгээ хийж, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, үнэлэх үүргээ бодитоор хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Татварын ерөнхий газраас мэдэгдэл ирээгүй байхад манай байгууллага баталгааны төлбөрийг огт төлөх боломжгүй ба татварын ерөнхий газраас баталгаа гартал нэхэмжлэлээ ирүүлдэг, үүрэг зөрчигдсөн гэж үзвэл мэдэгдэх ёстой мэдэгдсэн бол бид ямар нэгэн арга хэмжээ авч өөрийн буруугүй гэдгийг нотлох боломжтой энэ акт гарахгүй байсан гэж, хариуцагчийн Акт тогтоосны дараа Гаалийн газраас танай байгууллагад имэйл хаягаар актыг явуулсан нотлох баримтыг хавтаст хэрэгтэй танилцахад олж харсан. Татварын ерөнхий газраас тогтоосон банкны баталгааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн бичгийг мөн хэргийн материалтай танилцах үедээ харсан. Шалгалт хийж байх хугацаанд тус баримт байгаагүй гэх тайлбарууд, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Улмаар Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргахаас өмнө төлбөрийн баталгаа гаргасан *******анд мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй ба бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх тусгай зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаагүй нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Маргаан бүхий актыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гаалийн байгууллагаас ногдуулсан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 153,742,0 мянган төгрөгийн хүүг *******аар төлүүлэхээр /актын үндэслэл хэсэгт Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалтыг баримталсан байсан ба энэхүү хуулийн 294 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь хүчингүй болсон байна/ актыг тогтоосон бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа *******анд мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулж, актыг гардуулахаар Дотоод аудитын дүрмийн 6.3.3-т актыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.4-т хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно, 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж хуульчилснаар Хаан банканд мэдэгдэх байсан ба дээрх актыг шалгагдаж буй Гаалийн газрын албан тушаалтнуудад гардуулж, Гаалийн газраар дамжуулан *******анд актыг хүргүүлсэн нь Гаалийн газраас ******* руу явуулсан имэйлүүд болон утсаар ярьсан тухай баримт, гэрч Х.Алтанзулын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн захиргааны актад Гаалийн газрын холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурсан, сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд Гаалийн газрын дарга, ахлах нягтлан бодогч болон татвар хураамж хариуцсан гаалийн улсын байцаагч нягтлан бодогч нарт холбогдуулан дээрх ажиллагааг явуулсан, Гаалийн газарт чиглэгдсэн актын гардуулалт гэж үзэх үндэслэлтэй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд үндэслээгүй байна.Тодруулбал: Хаан банк ХХК-д хандаж сонсгол ажиллагааг хийж, төлбөрийн баталгааны хугацаатай холбоотой нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж,захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, актын гардуулалтыг хийж баталгаажуулах байжээ.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-д сонсгох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэж, тайлбар гаргах эрх, оролцоог хангаагүй ба бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх тусгай зарчимд нийцүүлэн шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28-01-21/09 актыг хүчингүй болгох нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч нараас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.3-д заасны дагуу хүү ногдуулах үндэслэлийг нотлох баримтаар тогтоож, энэ талаар холбогдох баримтад үндэслэн акт гаргах эрх хуулиар олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч *******, ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28-01-21/09 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА