Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2015/0309/з |
Дугаар | 221/МА2016/0457 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0457
“******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэпүрэв, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Энхтайван, Р.Энхтүвшин нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 341 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд “*******” ХХК, иргэн Х.*******, Б.*******, Н.******* нарын эзэмшлийн газартай давхцаагүй нэхэмжлэгчийн газар ашиглах байршлын нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр үлдсэн газрын хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэх талаар дахин шинэ акт гартал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 341 дүгээр захирамжийг түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 38 дугаар зүйл 38.1, 38.3, 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны 266 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14 ны өдрийн 280 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт “******* ******* ******* *******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21 ний өдрийн 341 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн, хоёр дахь хэсгийн “******* ******* ******* *******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 3 ны өдрийн 266 дугаартай захирамжийн “*******” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийн буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, захиргааны байгууллагаас болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэрт тусгаагүй орхигдуулсан гэж үзэж байна.
Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас маргаан бүхий 2013 оны 8 дугаар сарын 21 ний өдрийн 341 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж хариуцагчийн захирамж гаргасан явдлыг хуулийн заалтад нийцээгүй гэж дүгнэсэн байж захирамжийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21 ний өдрийн захирамж нь 2012 оны 7 дугаар сарын 10 ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч манай компанид олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Энэхүү захирамжийг гаргахдаа хариуцагч нь хууль холбогдох хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэхгүй, цугларсан нотлох баримтаар гуравдагч этгээдийн газартай давхцалтай эсэх нь нотлогдоогүй байгаа хэрэгт цугларсан баримтад үнэлэн дахин захиргааны байгууллагыг акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байна.
Газрын давхцлын хувьд гуравдагч этгээдийн газартай давхцалтай эсэх нь тодорхойгүй байгаа болно. Газрын харилцаа геодизи зураг зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотод “Инжир” ХХК-аас “******* ******* ******* *******” ХХК-д шилжүүлэн өгсөн газар кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй. Бүртгэлд ороогүй “Үүлэн зээрд” ХХК-ийн зургийг харьцуулахад гуравдагч этгээд нартай давхцалтай гэж тухайн байгууллага гаргасан байна. Давхцал үүсэх нөхцөл нь захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх "...улсын бүртгэлд бүртгэх" ажлыг гүйцэтгээгүйгээс болж нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй юм. Манай компанийн 5 га газрыг хүчингүй болгож 4 га газрыг ******* ХХК нд олгосон, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтай давхцалгүй, шүүхээс үзлэг хийхэд “*******” ХХК-ийн хажуу талд 1 га газар өөр хэн нэгний газартай давхцалтай гэсэн нотлох баримтыг захиргааны байгууллага гаргаж өгөөгүй зэргээс манай ашиглалтын газар нь бусдын газартай давхцалтай болох нь тогтоогдохгүй байна. Газар ашиглах эрхийг хүчингүй болгож ******* ХХК-нд олгосон газар нь бусдын газартай давхцалгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 3 ны өдрийн 266 дугаартай захирамжийн “*******” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон байна. Үндэслэл нь манай компанид газар ашиглах гэрээ эрх олгосон 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 5 дугаар сарын 29 ний өдрийн захирамжаар “Инжир” ХХК нь өөрийн нэр дээр гарах 7 га газраас 4 га газрыг “*******” ХХК-нд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Түүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Газрын албанд явуулсан албан бичиг, “Инжир” ХХК-ийн хүсэлт зэргүүд нь нотлох баримтаар тогтоогдож байна үзсэн байна.
Манай компанид газрын шилжүүлэхээс өмнө “Инжир” ХХК нь өөрийн нэр дээр газар эзэмших эрх олгохыг хүсэж Засаг дарга н.Болдод гаргасан 2012 оны 4 дүгээр сарын 16 ны өдөр 5 га газар эзэмших хүсэлтийг гаргасан байна. /1хх-177 дугаар тал/ Энэхүү хүсэлтээс харахад манай компанид шилжүүлсэн газар нь анхны байдлаар 5 га газар байсан тэр хэмжээгээр шилжиж байсан байхад захирамжинд дурьдсан 7 га газартай хамруулан шүүх нотлох баримтыг дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. “Инжир” ХХК нь 2013 онд Газрын албанд шүүгчийн захирамжийн дагуу манай компанийн нэр дээрх газрыг “*******” ХХК-нд шилжүүлэх хүсэлтийг гаргасан байна. /2хх-69 дүгээр тал/ Энэ үед тус компанийн эзэмшлийн газар нь манай нэр дээр шилжсэн байсан тул тэдэнд газрыг шилжүүлэх хүсэлт гаргах эрх байхгүй байсан юм.
Шүүх шийдвэрийн дүгнэлт гаргахад хууль зүйн үндэслэл болгож Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн буюу дээд шатны байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Засаг даргын захирамж хуульд нийцэж байна гэх дүгнэлтийг хийсэн байна.
Гэтэл энэ үндэслэлээр 2013 оны 7 дугаар сарын 3 ны өдөр манай компанийн ашиглалтын газрыг “Инжир” ХХК-нд шилжүүлэн эзэмших эрхийг олгосон юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхцалгүй байна” гэсэн шаардлагыг зөрчиж байгаа юм. “Инжир” ХХК-нд эзэмших эрх олгосны дараагаар 2013 оны 8 дугаар сарын 21 ний өдөр манай газар ашиглалтын эрхийг хүчингүй болгосон байна. Ашиглалтын газрын эрхийг цуцлаагүй байж газрын давхцуулан Засаг дарга захирамж гаргасан байна.
Түүнчлэн гуравдагч этгээдийн хүсэлтээр Газрын албанд газар ашиглах гэрээний дагуу нийт 11 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хариуцагч байгууллагын 2013 оны 7 дугаар сарын 3 ны өдрийн 266 дугаартай захирамжийн дагуу “*******” ХХК-ийн газар эзэмшүүлэх эрх олгосон нь хуулийн дагуу гэж дүгнэхэд өмнөх 2012 оны 7 дугаар сарын 10 ны өдрийн захирамжийн дагуу гэрээ байгуулан газрын төлбөрт төлсөн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6 "Захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг гаргуулах ..." талаар шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан юм. Манай компанид газар ашиглуулах захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Засаг даргын захирамж хууль ёсны гэж үзвэл өмнөх захирамж, гэрээний дагуу газрын төлбөрт төлсөн төлбөрийг энэхүү хэрэгтэй хамтран шийдвэрлээгүй юм. Газрын төлбөрт төлсөн үнийн дүн нь банкны шилжүүлгээр байгаа түүнтэй холбоотой хохирлын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй тул энэ шийдвэртэй хамтад шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцлийг зөв тодорхойлоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 266 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох (Инжир ХХК-ийн газрын хэсгийг ******* ХХК-д шилжүүлсэн) хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 341 дүгээр захирамж (өөрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон акт)-ийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамжийг үндэслэл болгон эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэхээс өмнө байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлага дахь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны 266 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг зөв гэж үзэх үндэслэл болсон хэмээн дүгнэсэн байна.
Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 4, 21, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл, шаардлагын дагуу үүсэх ёстой учир гуравдагч этгээд “*******” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх хэрэгтэй байжээ.
Иргэд хоорондын өр төлбөрийн маргааныг шийдвэрлэсэн эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл болсон “Инжир” ХХК-ийн 5000 м.кв газар нь 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар[1] олгогдсон бол Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1047 дугаар захирамжаар[2] талуудын (энэ хэрэгт, газрын алба, дүүргийн Засаг дарга хэргийн оролцогчоор оролцоогүй) эвлэрлийг баталсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” зааснаар газрыг гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй бөгөөд “Инжир” ХХК тухайн үед бусдад төлөх өр төлбөртөө дээрх хуулийн дагуу “өөрт үүсээгүй байгаа эрхийг” шилжүүлнэ гэх агуулгаар эвлэрлийн гэрээг байгуулсан байх ба энэ нь нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д хуулийн дагуу шилжсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болох эсэх талаар анхан шүүх хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Нөгөө талаар, анхан шатны шүүх эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрээр олгогдох ёстой, тухайн этгээдэд үүсээгүй байгаа газар эзэмших эрхийг “бусдад төлөх 90.000.000 төгрөгийн өр, төлбөрт тооцон шилжүүлэх” эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон ямар нэгэн шийдэл, заалт байсан эсэх, уг хэрэгт, газрын алба, дүүргийн Засаг дарга хэргийн оролцогчоор татагдаж оролцсон эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг[3] шүүхийн шийдвэртэй хэрхэн уялдаж байгаа зэргийг судалж, дүгнэлт хийлгүйгээр “захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж уг захиргааны актыг гаргасан байна” хэмээн өнгөц дүгнэлт хийсэн байна.
2. Мөн түүнчлэн, анхан шатны шүүх “... газартай давхцаагүй нэхэмжлэгчийн газрын байршлын нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр үлдсэн газрын хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох нь үндэслэлтэй” гэж дүгнэжээ[4].
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд[5]: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн захирамж нь 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч манай компанид олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Энэхүү захирамжийг гаргахдаа хариуцагч нь холбогдох хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэхгүй, цугларсан нотлох баримтаар гуравдагч этгээдийн газартай давхцалтай эсэх нь нотлогдоогүй байгаа хэрэгт захиргааны байгууллагыг акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн байна” гэснийг шалгаж, тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/1321 тоот “Нотлох баримт хүргүүлэх” албан бичигт ““******* ******* ******* *******” ХХК-ийн газрын кадастрын зураг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа тул 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Үүлэн зээрд” ХХК-ийн үйлдсэн зургаар[6] давхцалыг тодорхойлсон” гэжээ. Энэ зураг нь “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газрын биш харин “Инжир” ХХК –ийн эзэмшил газар зураг байх бөгөөд харин нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь “Инжир” ХХК –ийн эзэмшиж байсан гэх хаана байрлалтай 5000 м.кв газрыг шилжүүлэн авсан нь тодорхойгүй байгаа энэ тохиолдолд, дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гуравдагч этгээдүүдийн газартай давхцсан гэж дүгнэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх “*******” ХХК, Х.*******, Б.*******, Н.******* нарын газар нь нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршил, хэмжээг тодорхойлсон кадастрын зураг байгаа эсэхийг бүрэн тодруулж, шилжүүлж авсан гэх газрын байршлыг холбогдох баримт, шаардлагатай бол дүгнэлт гаргуулах ажиллагаа хийлгэж тодорхойлолгүйгээр шийдвэрлэсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн газрын байршлыг тодорхойлсоноор гуравдагч этгээдүүдийн газартай хэрхэн давхцаж байгааг тогтоож, энэ магадлалын үндэслэх хэсгийн 1-д заасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсэн эсэхийг тодруулсны дараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар маргаан бүхий 341 дүгээр актыг түдгэлзүүлэн шийдвэрлэснээр цаана нь шүүхийн шийдвэрт дурьдсанчлан нэхэмжлэгчид эзэмшүүлэх газар үлдэж буй эсэхийг шүүх өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар урьдчилан тогтоосны эцэст Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар шийдэх боломжтой.
Эдгээр үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ