Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01785

 

 

 

   2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01785

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ө.Уянга, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 21 гудамж, 17 тоот хаягт оршин суух, Идэв овогт Санжаагийн  /рд:АИ74052115/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, Загийн 26-р байр, 36 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Богдын  /рд:МЮ85052115/-д холбогдох,

 

          Гэм хорын хохиролд нийт 8,051,393 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017.03.11-ний өдөр эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулагдахаар явж байх замд цагдаагийн машин дотор ахмад Б. тамхи асаахаар нь би дагаад асаачихсан чинь Б. тамхиа хая пизда вэ гэхээр нь 2 сороод хаячихна гэхэд энэ муу даварсан хулгайч вэ энэ мууг гавлана гэсэн.

Жолоочийн хойд талын хаалгыг Б. гаднаас нь онгойлгоход би урдаас нь буух үед цээжний хэсгээрээ зүүн тийшээ эргэсэн байдалтай байхад Б. урдаас аль гараараа цохисныг мэдэхгүй шууд баруун нүд рүү хүчтэй цохьсон.

Энэ цохилтоос миний баруун нүд хараагүй болж үүний улмаас 9 удаа хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байна.

Хагалгаа хийлгэсний болон эмчилгээний зардалд нийт 8,851,393 төгрөг болсноос бэлнээр 2,800,000 төгрөг авч үлдэгдэл 6,051,393 төгрөгний хагалгаанд орсон зардал, нүд хараагүй болсноос үүссэн бие болоод сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг, нийт 8,051,393 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Б.ид холбогдуулан, хагалгаа хийлгэсний болон эмчилгээний зардал 6,051,393 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,000,000 төгрөг, нийт 8,051,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нь 2018 оны 06 сарын 11-ний өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоолд “... цагдаагийн ахмад Б. нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.ийг саатуулахаар 20-64 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явахдаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин дотор тамхи татлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан ... шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” хэмээгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-3-4х/

Иймд нэхэмжлэгч С. нь хариуцагч Б.оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирлыг шаардах эрхтэй хариуцагч Б. нь нэхэмжлэгч С.ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан бүх зардлыг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч С. нь хагалгаа болон эмчилгээний зардалд 6,051,393 төгрөг зарцуулсан талаархи эмнэлгийн болон төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаагүй боловч шүүх С., Б. нарын хооронд 2017 оны 09 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийг үндэслэн энэ маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан хэлцэлд “Төлбөр төлөгч Б. нь төлбөр хүлээн авагчийн биед учирсан хохирлын эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгний 1,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэхүү хэлцлийг байгуулав” хэмээн дурдсанаас үзэхэд С.ийн эмчилгээний зардалд 6,000,000 гарсан болохыг Б. хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах хүсэл зоригоо илэрхийлж, 1,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

Иймд хариуцагч Б.оос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан зардал 6,000,000 – 1,500,000 = 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.т олгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Сэтгэл санаанд учирсан хохирол 2,000,000 төгрөг баримтаар нотлогдохгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч тал, хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.оос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,551,393 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.