Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2022/0350/Э |
Дугаар | 2022/ШЦТ/384 |
Огноо | 2022-03-15 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/384
2022 03 15 2022/ШЦТ/384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00000 0038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хүннү молл” худалдааны төвд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 23 дугаар байрны 6 давхарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.9 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 699 дүгээр:
1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-1” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-2” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-3” гэж дугаарлсан дотроо 3 ширхэгтэй цаасан хайрцагтай электрон тамхины хошуу мэт зүйл, “1-4” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-5” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “2” гэж дугаарласан “ягаан” өнгийн гялгар ууттай ягаан өнгийн дугариг хэлбэртэй зүйл, “ногоон” өнгийн гялгар ууттай шаргал өнгийн дугариг хэлбэртэй зүйл, “шар” өнгийн гялгар ууттай ягаан өнгийн дугариг хэлбэртэй зүйл, “3” гэж дугаарласан “панзинорм” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл, “магне В6” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-1” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-2” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “1-3” гэж дугаарласан дотроо 3 ширхэгтэй цаасан хайрцагтай электрон тамхины хошуу мэт зүйл, “1-4” гэж дугаарласан электрон тамхины хошуу мэт зүйл, “2” гэж дугаарласан “ягаан” өнгийн гялгар ууттай ягаан өнгийн дугариг хэлбэртэй зүйл, “ногоон” өнгийн гялгар ууттай шаргал өнгийн дугариг хэлбэртэй зүйл, “3” гэж дугаарласан “панзинорм” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл “Магне В6” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл тус бүрээс 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенцийн жагсаалтад багтсан бодис илрээгүй байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Гялгар ууттай жин нь 3.6721 грамм, бохир жин нь 1.1181 грамм, цэвэр жин нь 0.9162 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.7565 грамм болов.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-22/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 702 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн “******* УШ95061651 *******” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “******* УШ95061651 *******” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол” илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,
- *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 41-56/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед найз Гүнбилэгийн гэрт очихоор явсан. Гүнбилэгийн аав нас бараад удаагүй. Ажил явдал нь өнгөрөөд 49 хоног нь дуусаагүй байсан болохоор би очиж уулзах санаатай явсан юм. Найз Гүнбилэгийн гэр нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол 23 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарт 41 тоотод ороход гэрт нь цагдаа нар ирсэн байсан. Намайг оронгуут ямар учиртай, яах гэж явж байгаа талаар асуугаад цүнхэнд үзлэг хийсэн. Тэгтэл миний цүнхнээс өвс гарсан. Би уг өвсийг 2021 оны 07 дугаар сард Зайсан хилл дотор шоунд орж явж байхдаа зүс таних Болд-Эрдэнэ гэх найзаасаа авч байсан. Тэр Болд-Эрдэнэ тухайн үед “надад ийм зүйл байна. Хэрэглэж үзэх үү” гэхээр нь би сонирхоод авсан байсан юм. Би уг өвсийг авснаас хойш 2 удаа ганцаараа хэрэглэсэн юм. Би бол янжуур тамхи доторхыг нь асгаж байгаад дотор нь нунтаг өвсөө хийгээд тамхи шиг сорж татсан. Татсаны дараа ямар нэгэн гаж нөлөө байхгүй ямар нэгэн мэдрэмж надад огт төрөөгүй. Тэгээд л нөгөө өвсөө хаяхгүй өөрийн цүнхэн дотор гялгар ууттай хийсэн байсан. Тэр чигээрээ байж байгаад цагдаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
******* нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 23 дугаар байрны 6 давхарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.9 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 699 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-22/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн хошууч Б.Цогбаярын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 702 дугаар гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Найз Гүнбилэгийн гэр нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол 23 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарт 41 тоотод ороход гэрт нь цагдаа нар ирсэн байсан. Намайг оронгуут ямар учиртай яах гэж явж байгаа талаар асуугаад цүнхэнд үзлэг хийсэн. Тэгтэл миний цүнхнээс өвс гарсан. Би уг өвсийг 2021 оны 07 дугаар сард Зайсан хилл дотор шоунд орж явж байхдаа зүс таних Болд-Эрдэнэ гэх найзаасаа авч байсан. Тэр Болд-Эрдэнэ тухайн үед “надад ийм зүйл байна. Хэрэглэж үзэх үү” гэхээр нь би сонирхоод авсан байсан юм. Би уг өвсийг авснаас хойш 2 удаа ганцаараа хэрэглэсэн юм. Би бол янжуур тамхи доторхыг нь асгаж байгаад дотор нь нунтаг өвсөө хийгээд тамхи шиг сорж татсан. Татсаны дараа ямар нэгэн гаж нөлөө байхгүй ямар нэгэн мэдрэмж надад огт төрөөгүй. Тэгээд л нөгөө өвсөө хаяхгүй өөрийн цүнхэн дотор гялгар ууттай хийсэн байсан. Тэр чигээрээ байж байгаад цагдаад баригдсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг ориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
*******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, *******гийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Relx” гэсэн бичиглэлтэй цахилгаан тамхины иш, ногоон, шар, ягаан өнгийн ууттай “hers” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг дугуй зүйл, “панзинорм”, “магне В6” гэсэн нэртэй эм, эмийн таблет 2 ширхэг, гялгар уутны хамт 3.7 грамм жинтэй “өвс” мэт зүйлийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Relx” гэсэн бичиглэлтэй цахилгаан тамхины иш, ногоон, шар, ягаан өнгийн ууттай “hers” гэсэн бичиглэлтэй 3 ширхэг дугуй зүйл, “панзинорм”, “магне В6” гэсэн нэртэй эм, эмийн таблет 2 ширхэг, гялгар уутны хамт 3.7 грамм жинтэй “өвс” мэт зүйлийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА