Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2222000000001 дугаартай хэргийг 2022 оны  01 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 сарын 21-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, дээд боловсролтой, хими, биологийн багш мэргэжилтэй, Д аймгийн “” сургуулийн биологийн багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Д аймгийн С сумын 9-р баг Мандалын 17-9 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Э-ын Б РД:/ /.

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

     Шүүгдэгч Э.Б нь Д аймгийн С сумын харьяат иргэн Ц.Б-аас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк чат буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож идэшний үхэр зарах гэж байгаа мэтээр итгүүлэн урьдчилгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2 хүнд нийт 2.000.000 төгрөгийн өртэй байсан юм. Түүнийгээ өгөхгүй нилээн удсан болохоор тэр хүмүүс мөнгөө авъя гээд өдөр, шөнөгүй залгаад их хэцүү байсан.  Тэгээд би 2021 оны 11 сард б гэсэн хуурамч цахим хаягаас “Үхэр зарна” гээд 93314665 утасны дугаар бичээд зар тавьсан. Ч гэх хүн хэдэн төгрөгөөр үхэр зарах юм гэж холбогдсон. Тэгэхээр нь нэг үхэр нь 1.400.000, нэг нь 1.200.000 гэж хэлтэл би хүүгээ чам руу яриулна гэсэн. Тэгтэл нэг залуу  утсаар холбогдоод “2 үхэр худалдаж авъя” гэхээр нь би 12 сарын эхээр хүргэж өгнө гэж хэлсэн. Харин банкны зээл татах гээд байна гээд тэр хүнээс урьдчилгаа 2 сая төгрөг авсан. Тэр мөнгөө шавь О гэдэг хүний данс руу шилжүүлж авсан. Тэр үед миний данснууд бүгд хаалттай байсан. Удалгүй хэд хоноод С сумаас зүүн хойш байдаг ах, эгч рүүгээ явсан. Тэр хойгуур үхэр авна гэсэн хүн над руу хэд, хэд залгасан байсан. Би аймгийн төв дээр ирээд зулын 25 өнгөрөөгөөд 2 үхрийг чинь авч ирж өгнө гэж хэлсэн. Би эхлээд өрөө дарчихаад дараа нь ах, эгч нартаа учирлаж байгаад 2 үхэр аваад тэр залууд өгнө гэж бодож байсан юм. Надад малын А дансанд үхэр байдаггүй, бага малууд л байдаг. Би  2 хүнд нийт 2 сая төгрөгийн өртэй байсан. Бас мөнгө олдохгүй байхаар нь зар тавиад, ах, эгч нараасаа үхрийг авч өгнө гэж бодсон. Өр ширээ дарах гэж байсан юм. 2022 он гаргаад 01 сарын 10-ны дотор даруйхан хүнээс авсан 2.000.000 төгрөгөө шилжүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх хуудас/

 

Хохирогч Ц.Б                                      Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 сарын 04-ний өдөр манай ээж Ч нь фэйсбүүк дээр үхэр зарна гэсэн зар байна гэсний дагуу би 88943346 дугаараар холбогдоход өөрийгөө Болортуяа гэх эмэгтэй хязаалан, соёолон 2 үхэр зарна, банкны зээлээ төлөх гэж байгаа юм гэсэн бөгөөд өөрийгөө Цагаандэлгэр сумаас зүүн урагш “Цагаан хад” гэх газар байдаг гэж ярьсан. 2 үхрээ нийтэд нь 2.600.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед надтай ярьсан эмэгтэй 2021 оны 11 дүгээр сарын 25-ны үед аймаг орох ажилтай тэгэхдээ хүргэж өгье гэж тохиролцсон. Аймгаас машинтай очоод авъя гэхээр хэрэггүй аймаг орохдоо аваад очно гээд байсан юм. Тэгээд тухайн өдрөө  “Банкны зээл төлөх гээд байгаа юм урьдчилгаа өгөх боломж байна уу?” гээд байхаар нь би урьдчилгаа 2 сая төгрөг шилжүүлэхээр болж Төрийн банкны нэг данс хэлсэн түүн рүү шилжүүлэх гэтэл банк хоорондын гүйлгээ болохгүй байхаар нь Хаан банкны данс асуухад О гэх эзэмшигчтэй 5459102404 гэсэн данс явуулаад “Манай дүүгийн данс байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн данс руу өөрийн 5450261532 тоот данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш нэг ч удаа утсаар яриагүй, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мессеж бичихэд 2021 оны 11 дүгээр сарын 29-нд очно утасны сүлжээ унаад байна гэж мессеж бичсэн. Түүнээс хойш холбоо барихгүй алга болж намайг залилсан. Манай ээж л анх зар харж над руу ярьсан. Тухайн зар дээрээ 99957724 гэсэн утасны дугаар тавьсан байсан. Над руу ярихдаа 88943346 гэсэн дугаараас яриад байсан. Сүүлд үзэхэд тухайн хүн нь 2-3 фэйсбүүк хаягнаас үхэр, бага мал зарах зар тавьсан байсан. 30 гаран насны л хүн санагдсан. Надтай ярьж байхад цаана нь жаахан хүүхэд уйлагнаад байсан. Би залилуулсан мөнгөө олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9-10 дугаар хуудас/                   

 

  Гэрч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 онд Д аймагт МСҮТ-д сурч байхад Б нь манай сургуулийн химийн багш байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай багш болох Э.Б над руу фэйсбүүк чатаар чамд интернет банк байгаа юу? гэхээр нь байгаа гэхэд миний интернет банк болохгүй байна. Чи интернет банкаа ашиглаад мөнгө шилжүүлээд өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дансыг өгөхөд миний данс руу 2 сая төгрөг орж ирэхээр нь Төрийн банкны ... дугаартай данс руу хийлгэсэн. Э.Б багшаас асуугаад хэн гэдэг нэртэй хүний данс юм бэ? гэхэд манай хүү болох Мөрөнгийн данс гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

       Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.Б нь манай төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Одоо аав, 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, Говийн-Ирээдүй цогцолбор сургуульд багшилдаг. Ааш зангийн хувьд давгүй, хүнтэй их хүндэтгэлтэй харьцдаг, урьд нь хэрэгт орооцолдож байгаагүй байх гэж бодож байна. Дээд боловсролтой хүн болохоор их л даруу төлөв, хүн хуураад яваад байдаггүй хүн байгаа юм. Хүүхдүүд болон аавынхаа төлөө их л явдаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

  Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Э.Б нь 2021 оны 09 сард анх манай сургуульд биологийн багшаар ажилд орж байсан. Хичээл заах арга барилын хувьд бага зэрэг дутмаг, хичээл заах үнэлгээ нь 60 хэдэн хувьтай л үнэлэгддэг. Олон нийтийн ажилд оролцох, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах нь бол хэвийн. Ажил албандаа бусдыг хуурч хулхидсан пакттай зүйл байхгүй. Э.Б-ийн ар гэрийн байдал, гэр бүл, найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Албан ажил дээрээ өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л явж байдаг хүн. Э.Б-ийн хувьд сургууль дээр эд хөрөнгө шамшигдуулж, авч үрэгдүүлсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

-Тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.А-ын“Цагаандэлгэр сумаас зүүн урагш 30 километр орчимд “Цагаан хад” гэх газарт Батбаяр овогтой Болортуяа гэх иргэн байдаг эсэх талаар Цагаандэлгэр сумын 3, 4 дүгээр багийн дарга нартай биечлэн уулзаж мэдээ, мэдээлэл аван ажиллахад тус сумын нутагт “Цагаан хад” гэх газар байдаггүй бөгөөд Батбаяр овогтой Болортуяа гэх иргэн оршин суудаг мэдээлэл гараагүй болно.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

- Шүүгдэгч Э.Б-ийн Д аймгийн цагдаагийн газарт бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.                                   - Хохирогч Ц.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/

 

      -Гэрч Ц.О-гийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

 

      - Шүүгдэгч Э.Б-ийн цахим хуудсанд оруулсан мэдээллийн зургууд /хх-ийн 45-46 дугаар хуудас/

      -  Шүүгдэгч Э.Б-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/

      - Э.Б-ийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/

     - Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/

     - Хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Bolortuya Bolortuya” нэртэй  фэйсбүүк хаяг ашиглан идэшний соёолон, хязаалан эр үхэрнүүд зарна гэсэн хуурамч зарыг Д аймгийн такси үйлчилгээний групп нэртэй зарын группэд байршуулан хохирогч Ц.Б-аас2.000.000 төгрөгийг гэрч Ц.О, хүү Б.Мөрөн нарын дансыг ашиглан шилжүүлсэн авсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Bolortuya Bolortuya” нэртэй фэйсбүүк хаяг ашиглан идэшний соёолон, хязаалан эр үхэрнүүд зарна гэсэн хуурамч зарыг Д аймгийн такси үйлчилгээний групп нэртэй зарын группэд байршуулан хохирогч Ц.Б-аас2.000.000 төгрөгийг гэрч Ц.О, хүү Мөрөн нарын дансыг ашиглан шилжүүлсэн авсан үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Б-г цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлбөрийн талаар:

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-д 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нь хохирлын мөнгийг 3 хувааж бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Мөн улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Ц.Б-ийн Хаан банкны дансны хуулгаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 01 сарын 03-нд 800.000 төгрөг, 2022 оны 01 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 01 сарын 14-ний өдөр 200.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д төлж барагдуулсан болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч Э.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол 2.000.000 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

            Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

             Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

           Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Б-г цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ын Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У