Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01669

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01669

              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, Өнөр хороолол, 11-р байр, 41 тоот хаягт оршин суух, Гал овогт Ганболдын  /рд:ХЙ82082416/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хуурай мухар гудамж, 1 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын  /рд:УХ90012611/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017.05.18-ны өдөр Noritsu QSS-3300 маркийн лабораторын тоног төхөөрөмжийг С.д 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийн нөхцлийг 2017.06.02-ны өдөр 2,000,000 төгрөг, үлдэх 5,000,000 төгрөгийг 2017.06.20-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг төлөхөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийсэн.

Тухайн Noritsu QSS-3300 маркийн тоног төхөөрөмжийг 2017.05 сард С.д шилжүүлсэн.

Гэрээ байгуулснаас хойш С. нь 2017.06.03-ны өдөр 1,800,000 төгрөг, 2017.07.19-ний өдөр 700,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш С. гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй.

2018 оны 01 сард С.гийн аав Сүхбаатартай уулзахад 20 хоногийн дараа 4,500,000 төгрөгийг бүгдийг төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт С.гаас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 3,750,000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

Учир нь миний бие өөрийн аав Сүхбаатарын найз гэх Г.оос 2017.05.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Noritsu QSS-330 маркийн гэрэл зургийн лабораторын тоног төхөөрөмжийг 7,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцон гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг төлсөн.

Уг тоног төхөөрөмжийг Г. худалдахдаа чанар болон ажиллагаа хэвийн ба өөрийн лабораторид ажиллаж байгаа гэсэн.

Гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа төхөөрөмжийг авахаар Г.ийн Хархорин зах доторхи ажлын байранд очиход уг тоног төхөөрөмж ажлын байрны агуулахад нь тоосонд дарагдсан байдалтай байсан ба ажиллагаа болон бусад нөхцөл байдлыг, акт үйлдэх тухай тодруулахад зүгээр аваад яв очоод угсарсан хойно нь болно гэсэн тул миний бие тухайн тоног төхөөрөмжийг аваад явсан.

Миний бие тухайн тоног төхөөрөмжийг өөрийн ажлын байранд авчиран тоос шороог арилган угсарч, тохиргоо хийж ажиллуулах гэсээр 2 сар гарангийн хугацаа болсон.

Ингээд уг тоног төхөөрөмжийг 2017.07.25 гэж ажиллуулахад өнгө тохируулагч толгой ажилладаггүй тоног төхөөрөмж байсан бөгөөд энэ тухай худалдагч нуун дарагдуулсан байсан. Гэрээний 3.5-д заасан актыг үйлдүүлэлгүй зүгээр авч яваад угсарсан хойно болно гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Энэ тухай худалдагч талд хэлэх гэтэл аав Сүхбаатар нь Г.ийн эхнэрийн бие муу байгаа, мөн дараа нь эхнэр нь нас барсан тул ийм юм одоо яриад хэрэггүй гэсээр миний бие хэлэлгүй өнгө тохируулагч толгой гадуур хайж эхэлсэн.

Тэгшээ гэх хүнээс 1,500,000 төгрөгөөр мөн мөнгийг нь цувуулан төлөх нөхцлөөр худалдан авч тавьсан тул доголдлыг арилгасан 1,500,000 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Мөн алданги 2,250,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч С.д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,250,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг ба үлдэх 3,750,000 төгрөгийг эс зөвшөөрч маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр Г.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Талууд 2017 оны 05 сарын 18-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Г. нь гэрэл зураг угаах зориулалттай Норицу-3300 /Noritsu-3300/ маркийн тоног төхөөрөмжийг С.гийн өмчлөлд шилжүүлэх, С. нь хэлэлцэн тохиролцсон үнэ 7,000,000 төгрөгийг Г.ид төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Талууд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, авсан, урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг өгч, авсан үйл баримтын талаар маргадаггүй.

Хариуцагч С. нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тоног төхөөрөмж доголдолтой байсан, тоног төхөөрөмжийн доголдлыг арилгахад зарцуулсан 1,500,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч С. нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй боловч ийнхүү өнгө тохируулагч толгой нь доголдолтой байсан, энэ доголдлыг арилгахад 1,500,000 төгрөг зарцуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн, худалдан авагч С. нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтээ алдсан байна.

Иймд хариуцагч С.гийн татгалзал үндэслэлгүй байх тул тоног төхөөрөмжийн үндсэн үнэ 7,000,000 төгрөгөөс түүний төлсөн 2,500,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Хариуцагч С. нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т зааснаар хариуцагч С. нь хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн материалтай танилцуулах үүргийг хүлээхгүй бөгөөд хариуцагч тал эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний өөрийн сонголт болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.гаас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.ид олгосугай.  

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.гаас улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.ид буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.