Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01667

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01667

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхон, 116-р байр, 62 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цэрэннадмидын  /рд:ЧП84032970/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин Тауэр 1, 7-р давхарт оршин байгаа, “” ХХК /рд:2761165/-д холбогдох,

 

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “” ХХК-тай 2014.07.10-ны өдөр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгын 3-р ээлжийн орон сууц захиалгын” 84 тоот гэрээ байгуулан, уг гэрээгээр “” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Саруул хотхон”-ы Б блокийн 5-р байрны 1-р орцны 5 давхрын 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулж, “” ХХК нь уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч миний бие орон сууцны барилгын нийт үнэ 137,940,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээр дурдсан гэрээнд 2015.07.08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, өмнө захиалсан байсан 72.6 м.кв талбай бүхий 20 тоот орон сууцыг “Саруул хотхон”-ы В блокийн 6-р байрны 2-р орцны 3 давхрын 62 тоот 80.4 м.кв талбай болгож, орон сууцны нийт үнэ 152,760,000 төгрөг болж өөрчлөлт оруулж, гэрээний бусад нөхцөл нь үндсэн гэрээний нөхцөлтэй адил байхаар тохиролцсон.

2016.10.18-ны өдөр 84 дугаартай “Нэмэлт гэрээ” байгуулж, “” ХХК нь гэрээний дагуу хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний хариуцлага тооцож, миний үлдэгдэл төлбөрөөс 614,000 төгрөгийн алданги тооцон хасаж, 2 жилийн хугацаанд автомашины зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулахаар харилцан тохиролцож, орон сууц ашиглалтанд орох үед 26,000,000 төгрөгийг төлж орон сууцны түлхүүр хүлээн авч, үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг түлхүүр хүлээн авснаас хойш 6 сарын дараа төлж барагдуулах, захиалагчийг төлбөр тооцоо 100% төлж барагдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөөр, ашиглалтад орох хугацаа 2016 оны 4-р улирал дуустал сунгахаар харилцан тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу “” ХХК-д байрны урьдчилгаанд 124,146,00 төгрөгийг 2014.07.10-ны өдөр тушаасан. Үүнээс хойш байр ашиглалтад орсны дараа 2017.03.04-ний өдөр үлдэгдэл төлбөр 28,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Дээрх захиалсан орон сууцандаа 2017 оны 01 сард нүүж орсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу “” ХХК нь одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд удаа дараа “” ХХК-д хандаж, орон сууцны өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардсан боловч одоог хүртэл тодорхой бус шалтгааны улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өдийг хүрлээ.

Иймд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хотхон, 116-р байр, 62 тоот 80.4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд Ц.ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

   

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг” нэхэмжлэлд тусгасан байна, мөн хуулийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ”, 9.4-т “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална” гээд 10 арга тоочсон байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл тогтоох”, “өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах”-ыг манай компани шийдвэрлэх боломжгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад хандахаар асуудал байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116-р байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан хэмээн тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талууд 2014 оны 07 сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгын 3-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ” гэх 84 тоот гэрээ байгуулж, “” ХХК нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” орон сууцны хорооллын Б блокын 5-р байрны 1-р орцны 5 давхрын 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 1-р улиралд Ц.ын өмчлөлд хүлээлгэн өгөх, Б. нь хэлэлцэн тохиролцсон үнэ 137,940,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Улмаар талууд 2015 оны 07 сарын 08-ны өдөр дээр дурдсан гэрээнд 84/01 тоот өөрчлөлт оруулж, гэрээний зүйлийг Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” орон сууцны хорооллын В блокын 6-р байрны 2-р орцны 3 давхрын 62 тоот 80.4 м.кв талбай бүхий сууц болгон, мөн гэрээний үнийг 152,760,000 төгрөг болгон тус тус өөрчилсөн байна.

Мөн талууд 2016 оны 10 сарын 18-ны өдөр 84 тоот “Нэмэлт гэрээ” байгуулан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 152,760,000 төгрөгөөс 614,000 төгрөгийн алдангийг хасаж тооцохоор харилцан тохиролцсон байдаг.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд илүүтэйгээр хамаарч байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд шинээр бий болох эд хөрөнгө нь захиалагчийн хүсэл зориг, захиалагчийн сонголт /өнгө, загвар, хэмжээ, барилгын материал, дотор засал г.м/ шийдвэрлэх үүрэгтэй байхад манай тохиолдолд “” ХХК-ийн урьдчилан гаргасан загвар, хэмжээ, барилгын материал бүхий ирээдүйд бий болох эд хөрөнгөнөөс Ц. сонголт хийсэн байх ба эдгээр шинж чанар, тоо хэмжээг Ц.Нармандын хүсэл зоригоор өөрчлөх боломжгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч “” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Ц.ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц. нь худалдагч “” ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч Ц. нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 152,146,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц. нь орон сууцандаа 2017 оны 01 сард нүүн орсон үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” хэмээн заажээ.

Орон сууцанд нүүн орж, орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж байх боловч холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, “” ХХК-ийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх ба ийнхүү хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг “” ХХК-иас Ц. шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, мөн өмчлөх эрхийг гэрчилгээ гаргахыг манай компани шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Ц.ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна “” ХХК орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй үед Ц. нь өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, улмаар өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ц.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1.2-т зааснаар хариуцагч тал хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн материалтай танилцуулах үүргийг хүлээхгүй бөгөөд хариуцагч тал энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.ыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116-р байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.ыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.ын нэр дээр гаргуулахыг “” ХХК-д даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 918,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.ад буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.