Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00815

 

 Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 524 дүгээр магадлалтай,

Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй,

Н.Ундрахад холбогдох 

Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нар нь 2016 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахаас өмнө болон цуцлах үед өөрсдийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй байсан. Хамтран амьдрах хугацаандаа нэхэмжлэгчийн аавын өгсөн илүү гэрт, түрээсийн орон сууцанд амьдарч байсан. Гэрлэлт цуцлахын өмнө 2016 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч хоёр хүүхдийн хамт Багануур дүүрэгт шилжин ирж суурьшсан. Тухайн үед Багануур дүүрэгт ирэхэд нэхэмжлэгч өөрийн гэсэн орон сууц, гэр байгаагүй тул өөрийн төрсөн эгчийнхээ гэрт хоёр хүүхдийн хамт амьдрах болсон. Гэрлэлт цуцлахаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар ямар санхүүгийн эх үүсвэртэй байсан бэ гэвэл Хөсөгтөн нүүдэл ХХК-ийг байгуулан, Анунгоо ХХК-ийн ахуйн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг байсан. Энэ компанийн нэг сарын орлого нь 2,000,000 төгрөг байсан. Уг компани нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байсан тул нэхэмжлэгч анх компанийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй. Хөсөгтөн нүүдэл ХХК нь Н.Ундрахын нэр дээр бүртгэлтэй үлдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүл цуцлах үед амьжиргааны эх үүсвэр хариуцагчид үлдэж, нэхэмжлэгч ямар ч хөрөнгөгүйгээр өөрийн эгчийнхээ гэрт амьдарсан. Хоёр бага насны хүүхэдтэйгээ айлд амьдрахад хэцүү байсан тул Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж хүүхдүүдтэйгээ хамт амьдрах орон сууцны мөнгийг цуглуулж, Б.Нямдэлгэртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцыг худалдан авсан. Нэхэмжлэгч хүүхдүүдээ тав тухтай амьдруулах зорилгоор энэ орон сууцыг худалдан авсан. Хүүхэд тав тухтай өөрийнхөө гэрт амьдрах нь тэдний хүмүүжил, эрүүл аюулгүй орчинд амьдрахад чухал нөлөөтэй. Гэрлэлтээ цуцлуулсан гээд хүүхдүүдээ амьдрах орон байраар хангах нь зөвхөн эх хүний хүлээх үүрэг биш. Энэ талаар хуульд тодорхой заасан. Нэхэмжлэгч хоёр хүүхдээ орхин байж энэ орон сууцыг худалдан авах мөнгийг хуримтлуулсан. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байж Багануур дүүргийн 3 дугаар хороо, 81 дүгээр байрны 17 тоот хаягт байрлалтай 54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 53,000,000 төгрөгөөр 2019 онд худалдан авсан. Хуульд заасны дагуу эцэг нь үр хүүхдээ тэжээн тэтгэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангах үүрэгтэй, хүүхдүүдээ тав тухтай амьдруулах зорилгоор худалдан авсан орон сууцны төлбөрийн тал хувийг охин У.Сондор, хүү У.Маргад нарын төрсөн эцэг Н.Ундрах хариуцаж төлөх ёстой. Иймд Н.Ундрахаас орон сууц худалдан авсан төлбөрийн тал хувь 26,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Эрдэнэтуяа бид хоёр 2016.12.07-ны өдрийн 636 дугаар Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлах хуралдаанд эхнээсээ хүү У.Маргад, охин У.Сондор хоёрыгоо өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байсан. Гэвч шүүхээс хүүхдүүдийг маань бага наснынх учраас ээжид нь үлдээхээр шийдвэрлэсэн. Шүүхээс шийдвэр гарсны дараагаар Т.Эрдэнэтуяа БНСУ-руу байнга явдаг. Явахдаа хүү, охин хоёрыг ээлж дараалан ах, эгч, ээж, аавдаа үлдээн орхиж явж байсныг би мэдээд хүү, охин хоёроо авах гэж шүүхэд удаа дараа хандсан. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа миний бие ээж Т.Эрдэнэтуяа нь асран хамгаалах эрхээ умартаж хоёр хүүхдийг маань айлд орхин олон удаа хаяж БНСУ явсан учраас хоёр хүүхдээ хоёуланг нь авах талаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл зөвхөн том охиноо авах талаар бичсэн юм шиг гуйвуулсан. Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс эх Т.Эрдэнэтуяаг өөрийн биеэр асран хамгаалах үүргээ биелүүлж чадна гэж амлалт өгсөн учир ээжийнх нь асрамжид үлдээх санал гаргасан, мөн ээжийг нь дахин хүүхдүүдээ орхин явбал асрамжийг аавд нь шилжүүлэх хүсэлтэй талаар тусгасан болно. Миний хувьд анх Т.Эрдэнэтуяатай хамт амьдарч байх хугацаандаа ЖДҮ-ийн төсөл бичиж зээл аваад хэрчсэн гурилын цехийн тоног төхөөрөмж болон Carina маркийн автомашин авсан. 2016.12.07-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа автомашиныг тэр үеийн ханшаар бодож 3/4 хувийг Т.Эрдэнэтуяад гаргуулан өгсөн. Хэрчсэн гурилын тоног төхөөрөмжийг Т.Эрдэнэтуяа авч зарж борлуулсан. Гэрлэлт цуцлуулснаас хойш хоёр хүүхдэдээ тэтгэлгээ тасралтгүй төлдөг. Т.Эрдэнэтуяа нь одоо ч гэсэн хүүхдүүдтэй минь хамт байхгүй учраас итгэмжлэлээр өөр хүн нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Намайг хүүхдүүдээ авах гэхээр өгөхгүй, өөрөө өсгөж хүмүүжүүлж чадна гэж авчхаад одоо надаас байрны мөнгө нэхэмжилснийг ойлгохгүй байна гэжээ.

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаалзай хөвдүүд овогт Нарангэрэлийн Ундрахаас 26,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ямаат овогт Түмэнбаярын Эрдэнэтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ундрахаас 290,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 524 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Ундрахад холбогдуулан гаргасан орон сууц худалдан авсны төлбөрийн 50 хувь 26,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн 524 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүх нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн 524 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч орон сууцны төлбөрийн 50 хувь болох 26,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдгийг гомдолд дурдсан тохиолдлоос гадна ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөлийг хамааруулж ойлгодог. Энэ талаар УДШ-ийн 2008.11.05-ны өдрийн 46 дугаар тогтоолд ч дурдсан байдаг. Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нар нь гэрлэлтээ цуцлуулснаар хүүхдүүд нь амьдрах гэр оронгүй болж, эхийнхээ хамтаар айлд толгой хоргодон амьдарч байсан учир нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь өөрийн бүх боломж бололцоог дайчлан байж хүүхдүүддээ байр орон сууц авч өгч, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангасан. Энэ нь хэрэгт цугларсан Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.07-ны өдрийн 636 дугаар шийдвэр, гэрч Т.Болорцэцэгийн мэдүүлэг, 2019.12.27-ны өдрийн 000665490 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.02.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, банкны төлбөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогддог. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах үед өөрт байсан автомашины үнэлгээгээр тооцож багахан хэмжээний мөнгө эхнэр хүүхдүүддээ өгсөн ба гэр бүлийн орлогын ганц эх үүсвэр болох бизнес хийдэг компаниа өөртөө аваад үлдсэн. Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хүүхдүүдийн хамт орон гэргүй, орлогын эх үүсвэргүй хоцорсон. Эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүд амьдрах орон байргүй болсон нь хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл баримт бөгөөд зөвхөн эцгээс нь өгөх тэтгэлгээр орон сууц авах боломжгүй нь илэрхий юм. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах үүрэг нь эцэг, эхийн аль алинд нь хамаарна. Энэхүү үүргээ хэн аль нь сайн дураар биелүүлэхгүй бол төрөөс албадан биелүүлүүлнэ. Хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөөд орох оронгүй болж, эхийнхээ хамт айлд толгой хоргодож байгаа үйл баримт, нөхцөл байдал үүсээд байхад энэ нь онцгой нөхцөл байдал биш гэж Давж заалдах шатны шүүхээс үзэж байгааг юу гэж ойлгох вэ. Эдгээр хүүхдүүд байр оронгүй байгаагаас шалтгаалж эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол учирч өвчилсөн, өвдсөн нөхцөлд сая онцгой нөхцөл байдал-д тооцож эцгээс нь хөрөнгө гаргуулах талаар ярих нь хуулийн үндэслэлтэй гэсэн байр суурийг Давж заалдах шатны шүүхээс баримталж байна гэж ойлголоо. Ийм байж болох уу. Хүүхдийн эрхийн тухай хууль", Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, НҮБ-ийн Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, хүүхдийн эрх ашгийг дээдлэх гэх мэт төрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн үүргийг Давж заалдах шатны шүүхээс үгүйсгэж байна гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.06-ны өдрийн 524 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хариуцагч Н.Ундрахад холбогдуулан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Ундрахаас 26,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нар нь 2012.11.16-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012.12.17-ны өдөр охин У.Сондор, 2014.11.12-ны өдөр хүү У.Маргад нар төрсөн, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.12.07-ны өдрийн 636 дугаартай шийдвэрээр Т.Эрдэнэтуяа, Н.Ундрах нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эх Т.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээн, хариуцагч Н.Ундрахаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрээс хойш нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хүүхдүүдээ амьдрах орон гэрээр хангах зорилгоор 2017-2019 онуудад гадаад улсад ажиллаж олсон орлогоороо Нийслэлийн Багануур дүүргийн III хороо, 81 дүгээр байрны 17 тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2 хүүхдийн хамт өмчлөгчөөр бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн зохицуулалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор орон сууц худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ зааснаар хариуцагчаас нэмэлт зардлыг шаардах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад заасан хэмжээний мөнгөөр орон сууц худалдан авах тухайгаа нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилан мэдэгдээгүй, түүнчлэн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нь бүртгэгдсэн байх тул хариуцагчаас 13,250,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тодорхой нөхцөлүүдийг нэрлэн зааж хүүхдэд нэмэлт зардал шаардсан онцгой нөхцөл байдал байхыг шаардах бөгөөд орон сууцтай болох нь уг үндэслэлд хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн зарчим, зорилгод нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 524 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШШ2020/00055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ундрахаас 13,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 290,450 гэснийг 224,200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 290,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД