Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708015011088 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж-ын Ц, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ............. дүүргийн ... дугаар хороо, ............. тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:УИ..................../;

Ж.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны гадна талын зогсоол дээр байсан Г.Болдбаатарын эзэмшлийн 39-95 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайлсан,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-15 тоотод оршин суух иргэн Н.Хоролбаравын байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан,

мөн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн эзэмшлийн “Iphone-6S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Ж-ын Ц-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Ц-т 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ц-ийн энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 194 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ж.Ц-ээс 17.916.620 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Хоролбаравт, 1.093.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Болдбаатарт, 584.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Анужин нарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн гэмт хэргээ бүрэн ойлгож, гэм буруугаа хүлээж байгаа боловч энэ хэрэгт хамтран оролцож зохион байгуулсан Мандах, Төгөлдөр нартай хэргийг цуг шийдвэрлүүлээгүй, зөвхөн байцаагч Баянжаргалын үгээр хэрэг бүрдүүлэлт явагдаж, ял өгсөнд туйлын гомдолтой байна. Хулгай хийж байгаа үйлдлээ би хэзээ ч зөвтгөхгүй. Миний найз нөхдөө буруу сонгосон, хууль зүйн мэдлэг боловсрол байхгүй, хүний үгэнд орж хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Мөн миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон амьдралын бэрхшээлтэй байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ахуй амьдралын минь байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Хохирогч нарт төлөөгүй үлдсэн хохирлыг ариун цагаан хөдөлмөрөөрөө төлөх болно.” гэв.

Шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Ц нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хулгай хийгээгүй гэдгээ байнга тогтвортой хэлсэн байдаг. Үүнийг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, 1 дүгээр хавтас хэргийн 14 болон 18 дугаар хуудас дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд байдаг. Үүн дээр тэмдэглэхдээ газраас дээш 80 метр зайд цонх онгорхой байна гэсэн тэмдэглэл байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн тэмдэглэл байдаг. Хэргийн нөхцөл байдал зөрүүтэй болон эргэлзээтэй байх нь харагдаж байна. Хоролбаравын гэрт хулгай орсон гэх нотлох баримт байдаггүй. Ганцхан Ж.Ц-ийн мэдүүлэг л байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй талаар хуулийн зохицуулалт байдаг. Тийм учраас Хоролбаравын гэрт хулгай орсон гэдгийг тогтоож нотолсон байдал нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн Ж.Ц гаргасан гомдолдоо дурдсан байна. Би хамтран оролцогч нартай байсан гээд хоёр хүний нэр дурдсан байдаг. Миний хувьд үүнийг байх боломжтой гэж үзэж байна. Учир нь 1 дүгээр хавтасны 76 дугаар хуудас дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр Ж.Ц нь бусадтай бүлэглэж гэсэн байдаг. Гэтэл яллах дүгнэлт дээр энэ нь байдаггүй. Иймд яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ц-ийн үйлдсэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, бусдын автомашинд хууль бусаар нэвтэрсэн, мөн насанд хүрээгүй этгээдийн гар утсыг хулгайлсан гэмт хэргүүд нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Ж.Ц-ийн давж заалдах гомдол дээр дурдаад байгаа бусадтай бүлэглэж үйлдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед нотлогдоогүй. Өөрөө ч гэмт хэргээ ганцаараа үйлдэж хийсэн талаараа хангалттай мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгч Ж.Ц-ийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсны гадна, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчилан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус заасан.

 

Хэргийн материалыг үзэхэд, прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, нэр төрөл, зайлшгүй шаардлагатай нотлох баримтын талаар тодорхой тусгаагүй байна.

 

Мөн 1 дүгээр хавтас хэргийн 31 дүгээр талд авагдсан мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Н.Хоролбаравын гэрт бусдын туслалцаатай нэвтэрсэн байх магадлалтай бөгөөд түүнтэй энэ хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх, түүнчлэн Ж.Ц-ийн хулгайлж авсан эд зүйлээ хэрхэн зарцуулсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст прокуророос яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ц-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Ц-ийн давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ц-т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Ж.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

            ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ