Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/704

 

    2022        05          16                                   2022/ШЦТ/704     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Ганчимэг,

хохирогч Д.Г,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Цт холбогдох эрүүгийн 2206 01070 1322 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч С.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажилладаг Р.Г-ын гэрийн гадна хохирогч Д.Г той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

            Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр манай ажлынхан цагаан сараар шинэлж яваад эхлээд даргынд ороод дараа нь Г-ынд ороод би их согтсон байсан. Миний үйлдлээс бас болсон. Одоо гомдол санал байхгүй. Манай охин цагдаад өргөдөл өгсөн байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай угаалгын газрын ажилчид даргынхаа гэрт очиж золгоод дараа нь хамт ажилладаг Г-ын гэрт очсон. Тэнд бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн. Т гэрийн гадаа хамт ажилладаг Ц ын хамт тамхилаад зогсож байхад би Ц ын хоёр чихнээс татаад нэг удаа мөргөсөн. Тэгтэл Ц миний толгой хэсэгт цохиод газарт унагаагаад миний дээрээс дэвсэж хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Тэгтэл манай ажлын газрын залуу П ирээд Ц-ыг салгасан юм. Би эхлээд Ц-ыг мөргөсөн, энэ үйлдлийн улмаас миний биед халдах болсон. Миний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн. ...би эмнэлэгт хэвтэж эмчилгээ авсан зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10-11, 16-17 дахь тал/

 

Гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус өдөр цагаан сарын баяр болж байсан. *** угаалгын газрын ажилчид захирал А гэрт очсон. Тэндээсээ ажлын газрын эгч болох Г-ын гэрт буюу Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт очсон юм. Миний хувьд архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй. Г-ын гэрт байхад ажлын ах Гнь Цтай хамт тамхилахаар гэрээс гарсан. Удалгүй гадаа Г хашгираад байхаар нь гараад хартал Ц.Г хоёр барьцалдаж авсан байдалтай байсан ба Г ахын хувцас газар унасан гэмээр шороо болсон байдалтай байсан. Би гэрээс гараад тэр хоёрыг болиулсан юм.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 18-19 дэх  тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2569 дүгээр:

“1. Д.Г-ийн биед цээж, бүсэлхий нуруу, баруун, зүүн бугалга, аарцаг, бөгс хэсэг, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, дагз, дух, зүүн дээд зовхи, баруун шанаанд зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 31-32 дахь тал/

 

Яллагдагч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буюу Шинийн гуравны өдөр ажлынханы хамт захирлындаа очиж шинэлцгээсэн. Захиралынхаас гараад ажлын эгч Г гэрт нь 21 цагийн үед очсон. Г эгчийнх Шар хадны эцэст байдаг юм. Тухайн үед гадаа тамхи татаж байсан хамт ажилладаг Г ах нилээн согтсон байсан болохоор надтай хэрүүл өдөөд байсан. Тэгээд яасан, юу болсон талаар асуухад миний нүүр лүү мөргөхөөр нь би Г ахыг түлхээд унагасан. Тухайн үед миний хамраас цус гараад байсан тул цусаа тогтоох гээд оролдож байхад Г ах ахиад дайраад байхаар нь би өргөж аваад шидсэн. Тэгтэл хамт ажилладаг П дотроос гарч ирээд бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 46-47 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч С.Цнь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажилладаг Р.Г гэрийн гадна хохирогч Д.Г той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний үйлдлээс бас болсон. Одоо гомдол санал байхгүй” гэх, мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би Цын хоёр чихнээс татаад нэг удаа мөргөсөн. Тэгтэл Ц миний толгой хэсэгт цохиод газарт унагаагаад миний дээрээс дэвсэж хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Тэгтэл манай ажлын газрын залуу П ирээд Цыг салгасан юм. Би эхлээд Цыг мөргөсөн, энэ үйлдлийн улмаас миний биед халдах болсон. Миний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн.” гэх /хх 10-11, 16-17/, гэрч Г.П-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа Г хашгираад байхаар нь гараад хартал Ц.Г хоёр барьцалдаж авсан байдалтай байсан ба Г ахын хувцас газар унасан гэмээр шороо болсон байдалтай байсан. Би гэрээс гараад тэр хоёрыг болиулсан юм.” гэх /хх 18-19/, яллагдагч С.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед гадаа тамхи татаж байсан хамт ажилладаг Г ах нилээн согтсон байсан болохоор надтай хэрүүл өдөөд байсан. Тэгээд яасан, юу болсон талаар асуухад миний нүүр лүү мөргөхөөр нь би Г ахыг түлхээд унагасан. Тухайн үед миний хамраас цус гараад байсан тул цусаа тогтоох гээд оролдож байхад Г ах ахиад дайраад байхаар нь би өргөж аваад шидсэн. Тэгтэл хамт ажилладаг П дотроос гарч ирээд бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/-үүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2569 дүгээр дүгнэлт /хх 31-32/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Цнь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн  талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч С.Цын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Миний бие Д.Г нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ц тай архи ууж муудалцан дүү Ц ыг мөргөж хэрүүл маргаан гаргасан. Одоо бид хоёрын харилцаа зүгээр болсон тул хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх-ийн 51/ гаргасан, шүүх хуралдаанд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг С.Ц хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 61/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч С.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Ц нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч С.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Цнь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ