Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/699

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,  

Улсын яллагч Э.Чанцалням,       

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох 220 800 588 *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Цахлайн ** тоотод байрлах нийтийн байрны * тоотод түр оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Тайж овгийн Бурмаагийн М /регистрийн дугаар: **/.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** тоотод З.Отэй маргалдаж, улмаар модон аяга шидэн духыг нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** тоотод З.Оийг хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны ** тоотод иргэн З.О үл таних хүнд толгойгоо хагалуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            - хохирогч З.О-ийн...Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зүс таньдаг хуурай ах Цтай 3, 4 дүгээр хороололд уулзаад түүний найз Далай гэх хүний гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамж, монгол гэрт очсон ба тухайн айлд Далай, М нар байсан ба 2.5  л Сэнгүр пиво хувааж ууж байгаад М-тэй маргалдсан, М над руу модон аяга шидээд миний духны гол хэсэгт онож хагалсан...Би духан дээр үүссэн сорвийг арилгах багасгах арга хэмжээ авхуулах зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 12-13 дахь тал/,

            - гэрч Ц.Цийн...2022.01.02-ны өдөр хуурай дүү Отэй хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамж найз Б.Дгийн гэрт 19 цагийн орчим очсон, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уусан...23 цагийн орчим тэнд байсан Мийгаа гэх эмэгтэй нь Оийг ямар янхан аваад ирэвээ  гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн ба Мийгаа нь модон аяга О рүү шидээд толгойг нь хагалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,  

            - гэрч Д...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт манай найз Ц.Ц, З.О гэх эмэгтэйтэй ирсэн ба манай гэрт мөн манай найз Э.Д, М гэх эмэгтэйтэй ирсэн, манайд 2.5 литрийн 4-5 том пиво хувааж ууж байгаад М гэх эмэгтэй З.Отэй хэрэлдэж муудалцаад улмаар М нь модон аяга авч шидээд З.Оийн духыг оноод духнаас нь цус гарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

            - шинжээчийн дүгнэлт: З.Оийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

            - шүүгдэгч Б.Мгийн.. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө өөрийн танил Дорждагва ахтай түүний найзын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамж ** тоотод очсон ба тухайн айлд байсан Отэй маргалдсан...би модон аягыг О рүү шидээд дух хэсэгт нь оносон ба өөр маргаан болоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

           

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-33/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч болон хохирогчийн хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаанаас үүссэн байгааг тэмдэглэв. 

Иймд шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :          

Хохирогч нь хохирол нэхэмжилсэн боловч энэ талаар хохирлын баримт гаргаж өгөөгүй /хх-11/ байх тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.      

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 32-33 долоо хоногтой жирэмсэн гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-39, 41-42, 44, 46, 60, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв. Учир нь :  

Шүүгдэгч А.Мгийн хувьд : ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөрөнгө орлогогүй, жирэмсэн байх тул торгох болон нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг тухайн шүүгдэгчийн  байнга буюу түр оршин суугчийн хувьд шууд харьяалагдаж буй засаг захиргааны  тусгайлсан нэгж болох сум, дүүрэг эсхүл баг, хорооны нутаг дэвсгэрээс эсхүл амьдарч буй орон байрнаасаа гадагш явахыг хориглох утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй байх тул тус хориглолтыг хэрэглэх нь тус жирэмсэн А.Мгийн хувьд эх, хүүхдийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах буюу эрх зүйн байдлыг нь дордуулахад хүргэнэ гэж үзнэ.        

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл хэлбэр болох “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр зорчих” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэр нь засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг эсхүл нийслэлийн алинд нь шууд харьяалагдаж байгааг шалгуур болгож, тухайн харьяалагдаж байгаа засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна” гэсэн утга агуулгын хүрээнд ойлгож, хэрэглэх үндэслэлтэй бөгөөд тус шүүгдэгчийн оршин суугаа Баянзүрх дүүрэг нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд нийслэл буюу Улаанбаатар хотод шууд харьяалагдаж байх тул шүүгдэгч А.Мд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.            

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.                        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР