Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/690

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         05          30                                    2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/,        

Иргэдийн төлөөлөгч Б.Ганбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж,   

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Нид холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....т” ХХК арматурчин ажилтай, ам бүл 1,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт оршин суух хаягтай боловч, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа *** тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** Н /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн *** үл ялих зүйлээр шалтаглан, амь хохирогч О.Бын толгойн тус газарт гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, хэвлий хэсэг рүү нь тохойлдох, хөлөөрөө өшиглөх, хөлний тавхай, гуя хэсэгт нь модоор цохих зэргээр зодож,  эрүүл мэндэд “их сэмж, бүдүүн гэдэсний чацархайн голомтлог цус хуралт, нойр булчирхайн няцрал, аюулхайн цус хуралт, зүүн 7-р хавирганы далд хугарал, зүүн зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, эрүү, хоёр гуя, өгзөг, зүүн ташаа, хоёр тавхайн цус хуралт, эрүү, зүүн гуя, баруун шилбэ, шагайн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар О.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж, эмчилгээ хийлгэсэн боловч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэвлийн битүү гэмтэл нойр булчирхайн няцралын улмаас нойр булчирхайн шүүрлийн шалтгаант үхжил, шокоор” нас барсан гэмт хэргийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр буюу амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.             

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Э.Н 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ****тоотод хохирогч О.Быг “зүй бус үйлдэл гаргасан” гэх шалтгаанаар хүч хэрэглэн, онц харгис хэрцгийгээр зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас О.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн няцралын улмаас нойр булчирхайн шүүрлийн шалтгаант үхжил, шокоор” нас барсан болох нь :                  

- гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрөөд гэрээсээ гараад...орой 19 цаг 30 цагийн гэртээ ирэхэд манай эмээ, дүү охин, Н нар байсан. Тэгээд манай хашаанд хамт байдаг аавынхаа байшин руу ороход том өрөөнд нь зурагт нь асаалттай, байшин нь гал түлээгүй хүйтэн байсан....зуухны харалдаа байдаг орон дээр аав цаашаа хараад унтаж байсан. Тэгээд дүү Бгээс аав яасан юм бэ гэж асуухад “архи уусан, агсам тавиад байхаар нь унтуулсан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өдөр 12 цагийн үед аавынд ороход нэлээд халамцуу, эмээтэй хамт байсан. Тэгэхэд аавын эрүү нь хөхөрсөн, явахад хөл нь доголоод байсан. Тэгээд өөрөөс нь асуухад ууж байгаад хүмүүстэй зодолдсон гээд олигтой юм хэлээгүй. Уг өдрөөс хойш гэрээсээ огт гарахгүй гэртээ хэд хоног хэвтээд байсан. 2021.12.27-с 28-ны өдрүүдэд хоолоо сайн идэхгүй, идсэн хоолоо буцаж бөөлжиж гаргаад, орноосоо босохгүй, гарч бие засч чадахгүй, биеийн байдал нь муу байгаад байсан...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дүү Бгээс “аав яаж байгаад ингэсэн юм бэ? Хэнд зодуулсан юм бэ? Мэдэж байгаа зүйл байна уу?” гэж асуухад дүү Б “аав архи уугаад, эмээд агсам тавиад, би орж эмээг авч гэртээ орж ирэхэд Н аавтай хамт гэрт үлдсэн, зодсон юм шиг байна лээ, удалгүй орж ирээд олс байна уу, хүлж унтуулах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Ноос асуухад “эмээд гар хүрч агсам тавиад байхаар нь би зодсон” гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эмч ирж үзлэг хийхэд аавын биеийг харахад нил хөхрөл, няцрал болсон байхаар нь Нид хандан “чи яаж зодохоороо хүнийг ийм болгодог юм, мал адгуустай харьцаж байгаа биш дээ” гэж хэлж уурласан...Тухайн үед талийгаач Нид зодуулсан талаар бид нарт огт хэлээгүй. Харин архи уусан хүмүүстэйгээ зодолдсон гэж хэлж байсан. Энэ талаар огт юм яриагүй. Нийг нас залуу гэж бодсон учраас бид нарт Нид зодуулсан гэж хэлээгүй байх...Нтой энгийн хүү шигээ харилцаатай байсан. Гомдолтой байна, гарсан зардлаа бүгдийг нь гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

- гэрч Б.Б-гийн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамж 12-3 тоотод байрлах эгчийнхээ гэрт нь унтаж байхад манай эмээ Тамара хажуу байшингаас орж ирээд намайг сэрээгээд “аав чинь Төмөрөө ахтай чинь гараад явсан" гэж хэлсэн. Тэгээд аав удалгүй 30-40 минутын дараа аав гаднаас ганцаараа дунд зэргийн согтолттой гэртээ орж ирсэн. Тэгэхэд удалгүй эмээ хаалгаар “туслаарай Бямбаа, аав чинь зодож нүдээд байна” гээд орилохоор нь би эгчийн гэрээс гараад хажуу байшин руу  гүйж ороход аав том өрөөндөө, эмээ гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад "аав чинь намайг 2, 3 алгадаад аяга над руу шидсэн” гэж хэлсэн...Тэгэхэд араас удалгүй эгчийн гэрээс эмээгийн дүүгийн хүүхэд болох Н гаднаас орж ирээд аавын дээрээс дараад том өрөөнд орон дээр дараад хэвтсэн. Тэгээд эмээ хөөе гэхэд Н надад хандан эмээг аваад хажуу тийшээ ор, даралт нь ихэсчихнэ гэж хэлэхээр нь би эмээг аваад хажуу тал руу эгчийнх рүү орсон...Тэгэхэд ойролцоогоор 1 цаг орчмын дараа Н орж ирээд олс байна уу Бөхөө ахыг хүлээд унтуулъя гэж хэлээд гутлын шүүгээнд байсан хэц хийж байсан олсыг аваад гарсан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа Н гаднаас орж ирээд аавыг чинь хүлээд унтуулчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш аавыг унтсан байх гэж бодоод 2, 3 цагийн дараа би ганцаараа байшин руу ороход аавын гар хөл нь ардаа хөнгөн хүлээстэй унтаж байсан ба аавын хамраас цус гараад хатсан байдалтай байсан...Тухайн үед аав гаднаас орж ирэхэд нь гадуур хувцас нь шороо болсон харагдсан...Би маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ноос аавыг яасан талаар асуухад 2,3 удаа нүүр рүү нь хүчтэй алгадсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дугаар хуудас/,

- гэрч Т.З-гийн...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 12-3 тоотод 18 цагийн үед намайг гэртээ ирсэн чинь нөхөр О.Б хүнд зодуулсан гээд гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан...Нүүр, эрүү, хөлийн шагай, биеийн бөгсөн бие ард тал нь хөхөрсөн...Манай бага охин Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай эмээ гэртээ орилоод байхаар нь гэртээ орсон чинь манай нөхөр О.Б нь Тамаара-н биед гар хүрч зодохоор Б нь Нийг дагуулаад гэрт орсон чинь Н гэх залуу нь манай охиныг эмээгээ аваад гэртээ орж бай гэж хэлээд талийгаачтай хамт гэрт нь үлдсэн гэсэн. Тэрнээс хойш талийгаач гэрээсээ огт гараагүй учраас талийгаачийг Н гэх залуу зодсон гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст 79-81 дугаар хуудас/,

- гэрч Б.С-гийн.. Би энэ асуудлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн. Тэр үед би аавтайгаа уулзаад цагдаа дуудаад түргэн дуудъя гэхэд зүгээрээ би яагаачгүй хөнгөн бэртэл, хөхөрч хавдсан байдалтай байсан, бусад бие нь дээр нь ямар гэмтэл байсныг нь би мэдэхгүй. Ингээд хэд хоног огт гэрээсээ гараагүй хэвтээд л байсан бөгөөд хоол цайгаа идэж уугаад хажуугаар нь эм уугаад байсан. 2021.12.30-ний өдрөөс хойш хоол цайндаа муу болоод юм идэхээрээ гаргаад байсан ба 2022.01.02-ний өдөр бүр ёолоод унтаж чадаагүй бөгөөд бид нар тухайн шөнө түргэн дуудаж үзүүлээд хүнд хэлбэрийн бэртэл байна, гэмтлийн авч явна гээд явсан ба 2022.01.04-ний өдөр яаралтайгаар хэвлийн хагалгаанд орно дотуур гэмтэлтэй байна гэж хэлсэн. Ингээд хагалгаанд ороход бөөрний дутагдал, элэгний цироз, архины гүн хордлоготой гэсэн оноштой ирээд дэлүү няцралтай  байна, элэг усажсан хүнд хэлбэрийн хагалгаа ороод түүнээс хойш нь дээрдээгүй тасагт байж байгаад 2022.01.05-ний өдөр сэхээнд очиж хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр нас барсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

- гэрч Б.C-гийн мэдүүлэг /хх-7-8, 13/, 

- гэрч З.Б-ын “...гэрт нь ороход Бөхөө дуугарч чадахгүй хэвтчихсэн үхлээ гээд хэвтэж байхаар нь охин чинь зодсон юм уу гэхэд үгүй ээ Н зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

- гэрч Ш.О-ын... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус хорооны иргэн З.Балжинням гэх залуу нь Б нь өөрийн хүүхэд С болон түүний гэрт амьдарч байгаа Н нарт зодуулсан байна гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 2-3 тоотод өдрийн 15 цагийн орчим тус тоотод очиход О.Б нь Өвлийн сууцны том орон дээр хэвтэж байсан. Тэгээд тус тоотод О.Бын эхнэр, эхнэрийнх ах гэх гэрт нь байсан. Би О.Баас юу болсон талаар тодруулах үед О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир миний бие зүгээр, гайгүй байгаа гээд ярихгүй байсан. Тэгэхээр нь би эхнэртэй нь ярилцаж биеийн байдлыг хараад эмнэлгийн байгууллагад үзүүлээрэй гэж хэлсэн...О.Б нь биед ил харагдах шарх, сорви ажиглагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, 

- гэрч Д.Т-ийн... Би хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед өрхийн эмнэлэг рүү орох замдаа Б-ын гэрээр орж уулзахад Б нь хүнд зодуулсан байдалтай амьсгаа авч чадахгүй, зүүн шанаа нь хавдсан байдалтай, хөдөлж чадахгүй орон дээрээ хэвтэж байсан. Тухайн үед Б гэртээ хадам ээж Тамараатай хамт байсан. Б-ын зүүн шанаа хөхөрч, халцарсан, 2 хацар нь хавдсан, биеэ хөдөлгөж дийлэхгүй хөдөлж чадахгүй, орноосоо өндийж чадахгүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

- амь хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 128-142 дахь тал/,

- шинжээчийн 2022.02.11-ний өдрийн дүгнэлт : 1. Талийгаач О.Б-ын цогцост их сэмж, бүдүүн гэдэсний чацархайн голомтлог цус хуралт, нойр булчирхайн няцрал, аюулхайн цус хуралт, зүүн 7-р хавирганы далд хугарал, зүүн зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, эрүү, хоёр гуя, өгзөг, зүүн ташаа, хоёр тавхайн цус хуралт, эрүү, зүүн гуя, баруун шилбэ, шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж муутай. 5. Дээрх гэмтлийг авснаас хойш нойр булчирхайн үхжил үүсэж, үхжилтийн шоконд орох хүртэл амьд явах боломжтой ба хэр хугацаанд амьд явах эсэх нь хувь хүний онцлог, дархлаа чадамжаас шалтгаалан харилцан адилгүй байна. 6. Талийгаач нь үхэлд хүргээгүй бөөрний судасны хатуурал өвчтэй байжээ. 7. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тул цусан дахь спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй. 8. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нойр булчирхай няцралын улмаас нойр булчирхайн шүүрлийн шалтгаант үхжил, шокоор нас баржээ.  9. Талийгаач нь АВО системээр B (III) булгийн цустай байна. 10. Талийгаачид хийсэн шинжилгээгээр ходоодонд хоолны агууламжгүй байна. 11. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн тохиолдолд амьдрах боломжтой /хавтаст хэргийн 98-116 дугаар хуудас/,  

- шинжээчийн мэдүүлэг...Талийгаачийн задлан шинжилгээний оношийн 1 хэсэгт тусгагдсан хэвлийн битүү гэмтэл, 2 хэсэгт хэсэгт тусгагдсан түүний хүндрэл нь гэмтлийн хүнд зэрэгт, 3 хэсэгт тусгагдсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Хэвлийн битүү гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,  

 

 

- сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт : 1. Э.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Э.Н сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 3. Э.Н нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. 4. Э.Н нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан гэх баримт, шинж үгүй байна. 5. Э.Н нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.../хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл

зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас/,

- шүүгдэгч Э.Н-ийн...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 12-3 тоотод Б ахын хашаанд байдаг том охин С-гийн гэрт түүний хүүхэд Азжаргал, бага дүү нь болох Б нартай хамт өдөр 13 цагийн үед сууж байхад хажуу байшингаас Б ахын хадам ээж Тамара эмээ орж ирээд "намайг Б алгадчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид 2 хажуу байшин руу ороход Б ах нэлээд согтуу буйдан дээр сууж байсан, би Бг эмээг буцаагаад гэр лүүгээ явуулсан. Тэгээд би Б ахыг ор руу нь хэвтүүлэх гээд өргөх гэхэд Б ах босож ирээд миний гарыг түлхээд намайг 1 удаа алгадаад "чи одоо яах гээд байгаа пизда вэ? Манай гэрийн асуудал чамд хамаагүй гэж хэлээд дахиад алгадах гэхээр нь би гарыг нь барьж аваад уурандаа Б ахыг нүүр рүү 4-5 удаа алгадсан. Тэгээд том өрөө рүү хувцаснаас нь татаад ор луу нь түлхэж унагаасан. Тэгэхэд орон дээрээс даваад плитан шалан дээр эрүүгээ цохиод унасан. Тэгээд Б ах босч ирэхэд эрүүнээс нь цус шүүрч байсан ба Б ах тэр цусаа хараад хажууд байсан шалны мод бариад намайг алнаа гээд дайраад байсан. Тэгэхээр нь би шалны модыг нь барьж аваад гарнаас нь татаж булааж аваад тохойгоороо 1 удаа Б ахын элэг рүү тохойлдож цохиход орон дээр бөгсөөрөө суусан. Тэгээд над руу дахиж босож ирэхээр нь би элэг рүү нь 1 удаа хөлөөрөө жийхэд орон дээрээ унасан. Тэгээд босч ирээд "чи наад 3 янханаа юундаа өмөөрөөд байгаа юм” гээд эхнэр хүүхдүүдээ доромжлоод байхаар нь би уурандаа толгой руу нь 1 удаа өшиглөхөд орон дээрээ хажуу тийшээ унасан. Тэгээд би гартаа барьсан байсан шалны модоороо гуя руу нь 4-5 удаа цохиход Б ах гуяа хамгаалаад хөлөө өргөхөд би 2 хөлний тавхай руу нь 3 удаа хавсарч шалны модоор цохиход шалны мод хугарсан. Тэгэхэд Б ах цаашаа хараад "чамайг алнаа пизда минь” гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би нөгөө гэр рүү орж олс аваад буцаж ороод Б ахын гар хөлийг нь сул хүлээд унтахыг нь хүлээгээд хэсэг харж буйдан дээр сууж утсаа оролдоод суусан. Тэгэхэд Б ах орон дээрээ тийчлээд, намайг элдвээр харааж байгаад 1 цаг орчмын дараа унтаад өгсөн. Тэгэхээр нь би олсыг нь заазуураар тастаж тайлаад хажуу тийшээ орсон...2021 оны 01 сарын 01-ний өдөр Б ахын тэтгэвэр буугаад Б ах, түүний эхнэр Заяа эгч бид гурав хамт АТМ орж тэтгэврийнх нь мөнгийг авч өгөөд Б ах гэр лүүгээ явсан...2021 оны 01 сарын 03-ны өдөр Б ахын бие нь муудаад, түргэн ирээд эмнэлэг рүү аваад явсан гэж Б хэлсэн. Тэрнээс хойш Б ахтай огт уулзаагүй. Тухайн үед амь хохирогч О.Б-ын биед учирсан уг гэмтлүүдийг би өөрөө учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :           

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгчийн хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хүн алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй байна.

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн болох нь шүүгдэгч А.Н, хохирогчийн төлөөлөгч Б.С нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, Т.Золзаяа,  Б.С, Бн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон, харин шүүгдэгч ба хохирогч нарын хооронд өс хонзон, өр авлага болон бусад байдлаар хэн нэгнийхээ амь насыг бусниулах сэдэлт, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.   

2.3. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан, харин тус хүнд гэмтлээс үүссэн хор уршгийн шалтгаант хүндрэлээс амь нас хохирсонд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугийн холимог хэлбэр”-ийн шинж, үндэслэлийг үгүйсгэх боломжгүй.   

Хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжаар :   

Шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжийг харьцуулан шалгахад шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан нь тогтоогдсон.

Харин хохирогч 2021.12.23-ны тус шүүгдэгчид зодуулсан атлаа гэр бүлийн гишүүн, бусдад огт хэлээгүй, өөрт учирсан эрүүл мэндийг хохирлыг эмнэлэгт үзүүлэхээс зайлсхийсэн, хохирогчийн гэр бүлийн гишүүд тус хохирогчийг эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх шуурхай арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүний хор уршиг хүндэрсээр 2022.01.03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очиж, эмчилгээ хийлгэсэн боловч 2022.01.06-ны өдөр хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн шүүрлийн шалтгаант үхжил, шокоор нас барсан, хэрэв тус хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлсэн тохиолдолд амьдрах боломжтой талаар шинжээчийн дүгнэлтэд заасан зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул тус хүнд гэмтлийн хор уршигт хүндрэл, түүнээс шалтгаалсан үхжил, шокны улмаас амь хохирсон нь тухайн хор уршгийг учруулахаар шүүгдэгч тийнхүү хүссэн буюу хор уршигт зориуд санаатай хүргэсэн гэж таамаглан дүгнэх боломжгүй.      

            Тийм учраас дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсанд гэм буруугийн хувьд санаатай,  харин тус хүнд гэмтлээс улбаалсан шалтгаант хүндрэл буюу “амь нас хохирох”-ыг хүсээгүй, гэхдээ тухайн хор уршиг учирч болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүйгээр хөнгөмсөгөөр найдсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.  

            2.4. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулахдаа хэрэглэсэн арга, үйлдлийн давтамж, учруулсан  олон тооны гэмтэл, шарх зэргийг харьцуулан шалгахад тухайн хүнд гэмтлийг “онц харгис хэрцгийгээр” учруулсан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсон байгааг үгүйсгэх боломжгүй.     

            2.5. Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн болох нь үгүйсгэгдээгүй байх тул шүүгдэгч нь ”хохирогчийг тийнхүү зодохдоо” үл ялих зүйлээр шалтаглаж гэж яллах дүгнэлтэд бичсэнийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзнэ.

            2.6. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй, тус хэргийн оролцогч, талууд тус хэргийн зүйлчлэл, нотолгооны талаар маргаангүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.

2.7. Дээрх нотлох баримтууд бүхий үндэслэлүүдийн хүрээнд :

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн талаарх талуудын дүгнэлт болон иргэдийн төлөөлөгчийн...”иргэн хүн хэрэг хийсэн бол хэргээ хүлээх нь хувь хүний үүрэг учраас шүүгдэгчийг буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус үндэслэлтэй гэж үзэв.              

Иймд шүүгдэгч Э.Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

3. Хохирол, хор уршиг :      

     

Тус хэргийн улмаас учирсан хохиролд нийт 13,669,800 төгрөг нэхэмжилсэн  /хх-165, 144-164/ байх боловч үүнээс нотлох баримтгүй бензины зардал 1.480.000 төгрөг, эм тарианы 1.200.000 төгрөгийн зардлууд, мөн хууль ёсны шаардлага хангагдаагүй 295200 төгрөг, 231500 төгрөг, 276500 төгрөг, 406000 төгрөг, 156640 төгрөгийг /хх-145-146, 152, 156, 160/ тус тус хасаж, харин өвчний түүхэнд бичигдсэнээр эмчилгээний зардалд төлөгдсөн 408.673 төгрөгийн хохирлыг /хх-129/ нэмж, нийт 10.32.633 төгрөгийг холбогдох нотлох баримтын шаардлага, төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн мэдүүлгийн хүрээнд шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй гэж үзэв.   

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлынх талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-67, 83-84, 91-93, 179, 187-200, 208, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөнд хамаарах нотлох баримтын эх сурвалжтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Нид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

 

  1. Бусад асуудал    

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч 2022.05.17-2022.05.30-ны өдрийн байдлаар 13 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцох болохыг тус тус дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Э.Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Нийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар  шүүгдэгч Э.Нид оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ноос 10.32.633 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сд олгосугай.    

6. Тус хэрэгт хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч Э.Нийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР

 

                                          ШҮҮГЧИД                                Л.БААТАР

 

                                                                                           С.СЭРЖМЯДАГ