| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/01204/И |
| Дугаар | 2228 |
| Огноо | 2018-10-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2228
2018 оны 10 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2018/02228 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н /РД: /-д холбогдох,
эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О, хариуцагч Г.Н шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ” Би шүүхэд хандсан нь энэ хүн намайг төрөхөд болон төрсний дараа нэг ч удаа эргэж ирээгүй. Хүүхдээ би өөрийн бие дээрээ авч өсгөсөн. Энэ хүн эцэг нь мөн учраас тодорхой хэмжээний тэтгэмж авах шаардлагатай. Бид 2-т өөрийн гэсэн нэг гэр байдаг. Гэхдээ тэндээ яг гараагүй байгаа. Ах эгч нар 2 талаас тусалж дэмжээд байж байгаа. Ямар ч байсан хүүхдээ 18 нас хүртэл нь тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийг буруутгахгүй. Би хүүхэд төрж байхад байгаагүй. Дараа нь хүүхэдтэй болсныг мэдсэн. Тэрнээс өмнө салсан байсан. Очоогүй нь үнэн” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Г.Нд холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Э.О, Г.Н нар 2016 онд хамтран амьдаря, 2016.10.19-ний өдөр охин О.Анужинг төрүүлсэн, хүүхэд эхийн нэрийг авсан болох нь бүртгэлийн 1122570223 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Э.О, Г.Н нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.
Талууд 2016 онд хэсэг хугацаанд хамтран амьдарсан бөгөөд хүү охин О.Анужингийн эцэг нь мөн эсэхэд хариуцагч Г.Н нь эргэлзээтэй байсан бөгөөд 2018.09.28-ны өдрийн 9099 дугаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр охин О.Анужингийн биологийн эцэг байх магадлал 99.99% болох нь тогтоогдсон байх тул Э.Оын хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. .
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198,600/2х12/ 1,191,600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2016.10.19-ний өдөр төрсөн охин О.Анужингийн эцэг Г.Н мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016.10.19-ний өдөр төрсөн охин О.Анужинг эх Э.Оын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016.10.19-ний өдөр төрсөн охин О.Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Г.Нгаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Нгаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 103,348 /70,200+33,148/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ