Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/708

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022         06           02                                        2022/ШЦТ/....

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч О.Эрхэмбаяр,   

Хохирогч Б.Н,  

Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Лд холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын ***-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, телевизийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот *** тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоот *** тоотод оршин суух, Н овогт Т-ын Л /РД:*****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Л нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Овоотын *** тоотод хамтран амьдрагч Б.Нтой гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа алгадаж, хутгаар зүүн гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Т.Л 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Овоотын *** тоотод хамтран амьдрагч Б.Нтой гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа алгадаж, хутгаар зүүн гуя тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “... иргэн Б.Н нь хамтран амьдрагч Т.Лд хутгалуулсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3

дахь тал./

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

- хохирогч Б.Нийн...Тухайн өдөр хамтран амьдрагч Т.Лд хүүхдийн хувцас хиртэй байна, манай аав ээжийн гэрт очий, танайд заваан байна гэтэл Т.Л уурлаж, хэрүүл маргаан хийж, чи өөрөө гэртээ харь гэхэд нь хүүхдээ аваад явна гээд хэрүүл маргаан болсон, Т.Л уурандаа нүүр хэсэг рүү алгадахад нь инээтэл бүр уурлаж гал тогооноос хутга авч, миний зүүн талын гуяны ар талд 1 удаа хутгалж цус гарсан, тэр өөрөө 103 дуудсан...гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 19 дэх тал/   

- гэрч Ц.Уртнасангийн...тухайн өдрийн 09 цагийн үед ажил дээрээ байхад байхад манай нөхөр над руу залгаад охин Л Нийг хутгаар зүсчихсэн байна...гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/.

- шинжээчийн дүгнэлт : 1. Б.Нийн биед зүүн гуянд шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 35 дахь тал/

- шүүгдэгчийн...Тухайн өдөр Н надад хүүхдийн хувцас хиртэй байна, манай гэр рүү явья гэж хэлээд бидний дунд маргаан болсон, хэрэлдэж байхад өөдөөс ёжилж инээгдээ байхаар нь гараараа 1 удаа алгадахад намайг алчих гээд орилоод байхаар нь гал тогооны шүүгээн дээрээс мах хөшиглөдөг шар иштэй хутгыг авч Нийн зүүн гуянд 1 удаа хутгалсан тухай мэдүүлэг /хх-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-112/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харилцаа, мөн гэр бүлээс гадуурх  харилцааны асуудал нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр /шүүх хуралдааны тэмдэглэл/ үгүйсгэгдээгүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ гэж хүндрүүлэх шаардлагагүй гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Т.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:       

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-19 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, одоогоор орон нутагт хүүхэд харах ажил хийж байгаа гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-29-30, 48-105, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

 

2. Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулах нь зүйтэй. 

Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Т.Лхагвадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР