| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1268/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/762 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/762
2022 06 13 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч О.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Чт холбогдох 2208000001036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Одонтын 30 дугаар гудамж * тоотод О.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт чулуугаар цохин хүний эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Т.Ч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Одонтын 30 дугаар гудамж 3 тоот хашаанд О.Б-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь чулуугаар цохин түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- хохирогч О.Б-ы “...Ч гэрт агсам тавиад байхаар нь би гэрээс гар яв гэж хэлсэн...Ч-тай хамт гэрээс гарч...гэрийн үүдэнд бид хоёр маргалдаж байсан чинь Ч газраас чулуу аваад гэнэт миний толгой руу цохиж авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 10, 13 дахь тал/,
- гэрч Б.-ын “...тухайн үед Б, Ч хоёр гадаа гарна гээд гарч явсан. Тэгсэн төд удалгүй Ч Б-ы толгойг хагалчихлаа гээд эхнэр нь гадаа орилоод байх шиг байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- гэрч Ц.Алтанчимэгийн...Ч манай нөхөр хоёр гэрээс гараад хашаан дотор муудалцсан, нөхөр орж ирэхгүй байхаар нь гарсан чинь...нөхрийн толгой нь хагарчихсан цус гарсан, Ч чулуугаар цохисон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт : О.Б-ы биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 22- 23 дахь тал/8
- шүүгдэгчийн...гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн улмаар тэдний хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх ба шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг :
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-7-13/ тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, группт байдаг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-29, 32-37, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР