Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         06          17                                    2022/ШЦТ/779

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Ут холбогдох хэргийг эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Бага нарангийн 45-3 гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Боржигин овогт Мянганбаярын У /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч М.У 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн *** тоотод байрлах иргэн Д.Нгийн гэрээс Сони маркийн 42 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Р.Цгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Наiг” брэндийн 55 инчийн смарт зурагт, “Мауагад” брэндийн хөлдөөгч, хар өнгийн пүүз, үхрийн мах зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирогч Р.Цд 1 299 400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

            1.Гэмт хэргийн нотлогдсон байдал : 

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.У нь : 

1.1. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 45-3 тоотод байрлах иргэн Д.Нгийн гэрээс Сони маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

- иргэн Д.Нгээс “..манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байна..” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 118 дахь тал/,

- хэргийн газар үзлэг хийсэн“...Үүдний амбаар хэсэгт орвол монгол гэрийн хаалга онгорхой, цоож, даруулга цүүнд зүүлттэй, даруулга төмөр бага зэрэг нугларч далийсан байх бөгөөд хаалганы хавтас модонд эвдэгч багажийн мөр үүссэн...зурагтын тавиурын онгойх хэсгийн дээд ирмэгээс 3 ширхэг гарын мөр, баруун талын тавиурын онгойх хэсгээс гарын мөр 2 ширхэг бэхжүүлж авсан...”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 119-128 дахь тал /,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 132, 134 дахь тал/, 

- хохирогч Д.Нгийн“...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 09 цагт ажил руугаа нөхрийн хамтаар гараад 19 цаг 30 минутад бид хоёр ажлаасаа тараад ирэхэд гадна амбаарын хаалга онгорхой цаашаа гэрийн хаалгыг шалгахад тавыг нь хөшөөд үүдийг онгойлгосон байсан...Ер нь цагдаа иртэл гэр дотор ороод ул мөрийг баллах байх гэж бодоод оролгүй цагдаад шууд дуудлага өгсөн...манай гэрээс 42 инчийн “Сони” брэндийн зурагт алдагдсан байсан...Өөр эд зүйл алдагдаагүй ба цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 147-148, 214 дэх тал/,

- гэрч Ж.Б-ын...Сонгинохайрхан дүүргийн 3 хороо Баганарангийн 65 дугаар дэлгүүрийн буудал дээр гэр лүүгээ явах гээд байж байтал зурагт зарна гээд үл таних залуу хэлэхэд “авч яваа зурагт чинь хулгайн зурагт биш биз дээ” гэж асуухад “энэ миний гэрийн зурагтаа, Хөвсгөл явах гээд мөнгөний хэрэг гараад зарах гээд байна” гэхэд нь манай объектыг түрээсэлдэг дугуй засварын ажилтан Ганбаатарт санал болгоход үл таних залуугаас зурагтыг авахаар болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

- иргэний нэхэмжлэгчийн...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагаас 21 цагийн хооронд манай дугуй засварыг түрээслүүлдэг эгч болох Бүжинлхамын хамт үл таних залуу зурагт тэвэрсэн орж ирээд надаас зурагт худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь “зурагтаа хэдээр өгөх вэ” гэтэл 140.000 төгрөгөөр өгнө гэсэн, би тэгэхээр нь “100.000 төгрөгөөр авъя” гэж хэлэхэд дээр нь ганц шил архи аваад үнэ тохирч болно гэхлээр нь авсан...Жолооны үнэмлэхээ үзүүлчихээд явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дахь тал/, 

- шинжээчийн дүгнэлт :...Шинжилгээнд ирүүлсэн №7 "Sony” зурагт дээрээс" гэж дугаарласан гарын мөр нь Мянганбаяр овогтой Уын зүүн гарын ядам хурууны хээтэй тохирч байна /хх-ийн 159-160-р хуудас/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ“...”Сони” маркийн 42 инчийн зурагт 600.000 төгрөг, /хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

- шүүгдэгч М.Уын...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, бага нарангийн *** тоотод байрлах гэртээ ганцаараа архи ууж байгаад нэмж архи авахаар хойд талын хашаанд монгол гэр байхаар нь тэр айлаар орох гээд очиход амбаарын хаалга нь цоожгүй байсан ба монгол гэрийн хаалганд нь цоож байхаар нь тэр хавиас нэг богино төмөр аваад хаалганы цоожны даруулгыг хөшиж ороод гэр дотор хойморт байсан зурагтыг аваад гарсан. Тэндээсээ 65 дугаар сургуулийн орчимд танихгүй хүнд 100,0000 төгрөгөөр зарсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 218-219 дахь тал/ зэрэг баримтуудаар, мөн    

1.2. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 3 дугаар гудамжны ** тоотод оршин суух иргэн Р.Цгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Наiг” брэндийн 55 инчийн смарт зурагт, хөлдөөгч, хар өнгийн пүүз, үхрийн мах зэрэг нийт 1, 299, 400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...гэрийн хаалга эвдэж хулгайч орж, хөргөгч, телевизор алдагдсан байна, хөргөгч тэргэн дээр түрээд явж байгаа хүнийг барьчихлаа, 43-р хорооны хашаан дотор байна...гэх дуудлага мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,  

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

- хохирогч Р.Цгийн... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед би ажил болох 54 дүгээр сургуульд байж байхад манай нөхөр болох Э над руу залгаад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би яараад очиход гэрт хулгай орж 55 инчийн “Наiег“ брэндийн зурагт алга болсон байсан мөн цагаан өнгийн хөлдөөгч, хөлдөөгчид байсан мах, хар өнгийн пүүз зэрэг эд зүйлс алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчихөөд нөхөр гэрээс гараад явсан ба төд удалгүй над руу залгаад хулгайчийг барьчихлаа гэж хэлсэн, очтол манай хамаатны дүү болох У аваад явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- гэрч Ц.Э-ын...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед би гадуур явж байгаад гэртээ орох санаатай гудамжинд алхаж явахад урдаас манай эхнэрийн төрсөн эгчийнх нь хүү У манай усны тэргэн дээр  манай хөлдөөгчийг тавьчихсан түрээд явж байсан, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ: “...“Наiег“ брэндийн 55 инчийн смарт зурагт 1.080.000 төгрөг, хөлдөөгч 175.000 төгрөг, үхрийн мах Зкг-44.400 төгрөг, нийт үнэлгээ 1.229.400 төгрөг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- шүүгдэгч М.Уын...Нэг мэдэхэд би нэг зурагт барьчихсан, ахын гэрээс холгүй гудамжинд нь алхаад явж байсан, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байсан. Тэгээд эрүүлжүүлэх байрнаас гараад цагдаа дээр ирэхэд манай хамаатны ах Э, эхнэр Ц нар намайг гэрээс зурагт, хөлдөөгч хоёр хулгайлсан гэж цагдаад өргөдөл өгсөн...Би Э ахын гэрээс зурагт, хөлдөөгчийг хулгайлж авч явсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.     

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд :    

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-66-67, 218-219, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан.   

            2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 2 удаагийн гэмт үйлдэлд тухайн  гэмт хэргийн субьектив болон обьектив шинж бүрэн тогтоогдсон байна.      

Тус шүүгдэгч 2022.03.03-ны өдөр хохирогч Р.Ц-гийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэмт үйлдэл хийснийхээ дараа хэргийнхээс өөр бусад газарт явж байхдаа илчлэгдэн баригдсан нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.      

Мөн шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 2 удаагийн гэмт үйлдлүүд нь  хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох бага хэмжээнээс дээш 50.000.000 төгрөг хүртэлх хэмжээ, мөн тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэсэн шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүйгээс гадна тухайн хулгайлах гэмт үйлдэл тус бүрт ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй зэрэг үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийх нь шинжийн хүрээнд зүйлчилж, ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэх үндэслэлтэй бөгөөд тухайн тохиолдолд хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэргийнх нь цаг хугацааг “тус хулгайлах гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг үе” гэж үзнэ.           

Иймд шүүгдэгч М.Уыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

3. Хохирол, хор уршиг :

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нар хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан /хх-132, 134, 147-148, 214, 14-17, 22 /, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх /хх-139-140/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт : 

 

Тус шүүгдэгч 2018 онд эрүүгийн хариуцлага хүлээж, улмаар тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх /хх-90-94/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-84-86, 88-90, 194, 196, 200, 203-204, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудал 

 

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,    шүүгдэгч 2022.04.13-ны өдөр баривчлагдан, 2022.04.14-ны өдрөөс 2022.06.17-ны өдрийг хүртэл  нийт 65 хоног цагдан хоригдсон /хх-41-48, 227, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч  М.Уыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Уыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын  цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.  

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шүүгдэгч М.Уыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.17-ны өдрөөс эхлэн тоолсугай.         

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР