Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 782

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох эрүүгийн 1806075790714 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-ын А, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл .., эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... дүүргийн .. дугаар хороо, ..... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух, /РД:АЗ.........../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

 

Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Г.Гэрлээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигжид” зусланд газар зарна гэж хуурч мэхлэн 2.700.000 төгрөг авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Б-ын А-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А-д 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А-аас 2.700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гэрлээ /РД:МБ88110504/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Учир нь, Б.А нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироох гэсэн гэмт санаатай байсан гэж үзэх боломжгүй юм. Бусдыг залилан мэхэлчихээд урд талын хашаанд амьдарна гэж байх боломжгүй юм. Б.А, Г.Гэрлээ нарын хооронд газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний зүйлийн талаар худалдагч, худалдан авагч талууд төөрөлдсөн байна. Тиймээс Б.А нь бусдыг залилан мэхлэх субьектив санаа зорилготой байсан гэж үзэж болохгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын үүднээс гэрч Г.Шүхэртийн өгсөн мэдүүлэгт дурдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг нотлох баримтаар авхуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Б.А-ын тухайн газарт үзлэг хийлгэж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Мөн ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх нөхцөлд Эрүүгийн хуулийн 6.9, улмаар 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхээр хуульчилсан атал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9, 6.8 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь ялыг нэмж, нэгтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 600 цаг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 240 цаг, нийт 840 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байна. Иймд Б.А-ын холбогдсон Эрүүгийн хуульд заасан 1 төрлийн гэмт хэрэгт шалгаж байгаа үйлдлүүдийг нэгтгэн шалгаагүйгээс Б.А-ын эрх зүйн байдал дордож, Эрүүгийн хуульд заасан 1 төрлийн гэмт хэрэгт нийт 720 хүртэл цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх байтал 840 цагийн ялаар шийтгүүлээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сүүлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон газрын прокурорт буцааж өгнө үү. Мөн хэрэг буцсан тохиолдолд прокурорын байгууллагад тодорхой ажиллагааг хийлгэх талаар тусгаж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.А нь гэмт хэрэг үйлдэхдээ “газар зарна” гэсэн заруудыг фейсбүүк хаягт байршуулсан байдаг. Үүнийхээ дараа гурван хүнд зарсан байдаг.  Гэтэл тухайн газраа Гэрлээд зарсныхаа дараа ч дахин зарах сэдэлтэйгээр тухайн зараа байлгасаар байсан. Анхан шатны шүүх нийт 656 цагийн ял эдлэхээр тогтоож өгсөн байдаг. Б.А-д холбогдох хэргийг хангалттай шалгасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Г.Гэрлээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жигжид” зусланд газар зарна гэж хуурч мэхлэн 2.700.000 төгрөг авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Гэрлээгийн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүкээр “Жигжидэд зуслангийн газар яаралтай хямд зарна” гэсэн зарын дагуу Б.А-ын 88983742 дугаарын утсаар холбогдож, зуслангийн газрыг нь очиж үзэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Б.Атай очиж уулзаад газрын гэрчилгээ болон бичиг баримтыг үзэх гэсэн боловч тэр үед газрын кадастраас өөр бичиг баримт байгаагүй. Би Ааас бусад бичиг баримт хэзээ бэлэн болох талаар асуухад “7 сар гэхэд газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтууд бэлэн болчихно, ямар ч асуудал байхгүй, санаа зоволтгүй, надад итгээд энэ газрыг авчих” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Баасандоржтой хамт Чингэлтэй дүүргийн газрын албан дээр уулзахаар тохиролцсон. Чингэлтэй дүүргийн газрын албан дээр очиж уулзаад газрын албаны хүмүүс наад газрын гэрчилгээ чинь гарахгүй гэсэн боловч А “зүгээрээ би асуудалгүй гаргаад өгнө, хүнтэй яриад болчих байх” гэсэн. Манай нөхөртэй хамт манай гэрт ирээд хүмүүстэй холбогдож ярьж байгаад яваандаа гэрчилгээг нь гаргуулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр А бид гурав Баянзүрх дүүрэг дээр очиж газрын кадастраа миний нэр дээр шилжүүлсэн. Үүний дараа Жуковын урд талд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас Аын 5025975723 гэсэн Хаан банкны данс руу нь 2.700.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сард Атай холбогдож зуслангийн газрын гэрчилгээний талаар асууухад “би гадуур ажлаар явж байна, хөдөө явж байна, манай эхнэр төрчихсөн, Бээжин явах гэж байна” гэж байнга шалтаг хэлж надтай уулзаагүй явсаар байгаад 5 сар хүрсэн. Би нөхөртэйгээ хамт 6 сард зуслангийн газраа очиж үзтэл байшин барьчихсан байсан. Тэр хавийн хүмүүстэй уулзахад А гэгч нь олон хүнд миний худалдаж авсан газрыг зарсан байсан бөгөөд маш олон хүмүүс тэр газрыг мөн А-ыг асууж сураглаж ирдэг гэж хэлсэн. ...” /хх 15/,

 

гэрч Ц.Баасандоржийн “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр бид хоёр 2.700.000 төгрөгийг Хаан банкны 5025975723 гэсэн Б.А-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд утсаар холбогдохоор “гадуур явж байна, хөдөө байна, удахгүй очино, эхнэр төрөх гээд завгүй байна, гадагшаа явах гэж байна” гэдэг байсан. ...” /хх 19-20/,

 

гэрч Г.Шүхэртийн “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд Х5325361,931, Ү640410.017 гэсэн цэг солбицолд ямар нэгэн газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдоогүй. Энэхүү газарт дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй ойн сан бүхий газар байна. Мөн тухайн газар нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байгаа. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх 71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А-ыг бусдыг хуурч мэхлэн, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

   Шүүгдэгч Б.А-ын иргэн Г.Гэрлээг хуурч мэхлэн, залилж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А-д 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж, 6.9 дүгээр зүйлийн 3-д “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхэд 840 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болж, Эрүүгийн хуулиар тогтоосон тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс хэтэрсэн байх тул хуульд заасан хэмжээнд нийцүүлэн эдлээгүй үлдсэн ялыг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргал “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын үүднээс гэрч Г.Шүхэртийн өгсөн мэдүүлэгт дурдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг нотлох баримтаар авхуулах, Б.А-ын тухайн газарт үзлэг хийлгэж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.9, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу хэрэглэжээ. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн болсон үйл баримтаас үзэхэд Б.А нь “Жигжид” зусланд газар эзэмших эрхгүй болох нь нэгэнт нотлогдсон учир иргэн Г.Гэрлээд зарсан гэх газрыг тусгай хамгаалалтанд авсан эсэхийг шалгах нь энэ хэрэгт хамааралгүй ба шүүгдэгч нь эзэмшил газаргүй тул газарт үзлэг хийх, энэ талаар гэрч нараас мэдүүлэг авах боломжгүй, тэгэх шаардлагагүй байна.

Мөн шүүгдэгч Б.А нь нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэг нь өмнөх шийтгэх тогтоол гарахын өмнөх үйлдэл учраас нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэхээр байсан боловч түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмийг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохооргүй байх тул шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтыг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 811 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А-д 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.А-д 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын зарим болох 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 536 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Д.ОЮУНЧУЛУУН

 

 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ