Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0448

 

 

 

 

 

 

 

 

 

“Б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

           захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 269 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0361/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. ...Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий "М" ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой бүхий л баримтыг холбогдох газруудаас гаргуулан авсан тус баримтуудад "М" ХХК нь гурвалсан гэрээг байгуулаагүй ба манай компани нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад мод тарих хүсэлтүүдээ гаргасан. Манай компани нь өөрийн ойр орчмын газартаа мод тарих үед "М" ХХК-аас газар ашиглах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлээгүй байсан ба тус компанийг хашаа барих ажлыг мэдэх үеэр "М" ХХК-ийг газар ашиглах эрхтэй болсныг анх мэдсэн. Мөн манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай "Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ"-г байгуулсан ба тус гэрээгээр өөрийн ойр орчмын газарт мод тарих үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийг газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө манай компанийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг хууль, дүрэм, норм, стандартыг зөрчихгүй гэж итгэж найдан Монгол Улсны Үндсэн хуульд заасан "байгаль хамгаалах" журамт үүргээ биелүүлэн мод тарьсан.

3.2. …Хэрэгт авагдсан Стандарт хэмжил зүйн газрын албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/275 тоот албан бичгээр "... "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 6426:2013 стандарт нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор, "Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага" MNS6043:2019 стандарт нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн С/62 дугаар тушаалаар тус тус батлагдан, стандартын улсын мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Тохирлын баталгаанд заавар хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ын Б хэсгийн 8-д "Жуулчны бааз, амралтын газар" гэж заасан нь тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтад хамаарч байна" гэсэн хариуг нэхэмжлэгч талд өгсөн байна.

3.3. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:", 3.1.1-д "хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдлыг хангасан байх", 3.1.5-д "үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх", 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "стандартчилал" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг", 4.1.6-д "тохирлын үнэлгээ" гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг", 13 дугаар зүйлийн 13.1- д "Тохирлын үнэлгээний зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад оршино" гэж тус тус заасан байна.

3.4. Маргаан бүхий "М" ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалын 2 дахь заалтаар ... Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартуудыг мөрдүүлэн ажиллахыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалты захиргаанд үүрэг болгосноос үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь стандартыг дагаж мөрдүүлэх асуудлаар газар ашиглах эрх олгохдоо үндэслэдэг болох нь илэрхий тодорхой байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн "Материал буцаах тухай" 09/5982 тоот албан бичгээр "М" ХХК-ийн газар шинээр ашиглах хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн гол үндэслэл нь MNS6426:2013 стандартын 5.2.1, 5.1.4-т заасныг зөрчсөнтэй холбогдуулан гарсан ба үүнээс хойш 18 хоногийн дараа уг зөрчлийг арилгуулалгүйгээр газар ашиглах эрхийг тус компанид олгосон байна.

3.5. Гэтэл анхан шатны шүүхээс "хариуцагчаас дээрх зөрчлийг "М ХХК-аар арилгуулсан, дахин баримт цуглуулсан" гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар "М" ХХК нь зөрчлөө арилгаагүй, /MNS6426:2013 стандартын 5.2.1, 5.1.4-д заасныг зөрчсөн хэвээр/ энэ талаарх баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээгүй болох нь илэрхий, тодорхой байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргахаасаа эхлүүлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд MNS6426:2013, MNS6043:2019 дугаартай стандартуудыг зөрчиж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрхийг "М" ХХК-д олгосон гэсэн агуулгаар маргасан ба стандарт нь нэхэмжлэлийн зүйлийн хүрээнд шууд хамааралгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д "Тусгай хамгаалалттай газар нутагт", 1.1-д "хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн", 1.2-т "менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж тус тус заасан ба Засгийн газраас тогтоосон нийтээр заавал дагаж мөрдөх стандартыг зөрчих үр дагаврыг бий болгож Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалаар "М" ХХК-д газар ашиглах эрх олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.6. Манай "Б" ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд орших Онгоцотын аманд "М" аялал жуулчны баазны чиглэлээр үйл ажиллагааг тогтмол явуулдаг ба газар ашиглах эрх олгох эрх бүхий этгээдийг хууль, дүрэм, стандартыг мөрдүүлнэ гэдэгт итгэж найдан асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулсан байтал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг зөрчиж бусдад газар ашиглах эрх олгосонд гомдолтой байна. Үүнээс шалтгаалан манайхаар үйлчлүүлэх иргэд, жуулчдын эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж хөндөгдөж байгаа ба амрагч нарын зүгээс "М" ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаанаас шалтгаалж шөнө унтаж амарч чадахгүй байгаа талаараа гомдол мэдүүлэх болсон.

3.7. Гуравдагч этгээд "М" ХХК-д газар ашиглах эрхийг олгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;", 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 44 дүгээр зүйлийн 44.8-д "Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална" гэж тус тус заасан ба манай компанийн ашиглаж буй газрын урд хэсэгт орц, гарцын хэсэгт тулган "М" ХХК-д газар ашиглах эрх олгохдоо дуудлага худалдаа зарлаж, манай компанийг оролцох эрхээр хангаагүйтэй холбоотойгоор шүүхэд маргасан ч энэ талаар бодитой дүгнэлтийг өгөөгүй байна.

3.8. ...Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн нэхэмжлэл гаргах эрхтэй холбогдуулан нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0642 дугаар тогтоолоор хянаж нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй, маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж байна гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д энэ талаар дүгнэсэн байна. Гэтэл захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэж байгааг манай компаниас хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 06- ны өдрийн 1/1198 дугаар албан бичгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хоорондын газрыг 40 метр зайтай болохыг тодорхойлж өгсөн.

3.9. Дээр дурдсанчлан хууль, стандартыг илэрхий зөрчсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаалын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж зөрчигдөж байгаа ба уг тушаалын улмаас манай компанийг зорин ирэх үйлчлүүлэгчдийн тоо эрс багасч, мөн амарч буй үйлчлүүлэгч нарын тухайд ч ая тухтай амарч чадахгүй байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Иймээс MNS 6426:2013 стандарт, MNS6043:2019 стандартуудыг эрх бүхий байгууллагаас баталж, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор уг стандартуудыг заавал дагаж мөрдөхөөр зохицуулсан нь бодит байдалд биеллээ олохгүйгээс байгаагаас гадна анхан шатны шүүх үүнийг үндэслэлгүй зөвтгөн дүгнэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү гэж хүсч байна.

3.10. Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 тоот тушаал нь "М" ХХК-д газар ашиглах эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт боловч эсрэгээрээ манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.3-д "хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна" гэж тус тус заасан бөгөөд захиргааны байгууллагаас захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих зарчмуудыг зөрчсөн, нотлох баримт цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Харин энэ талаар шүүхээс "Б" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна, Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалт хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангалттай байгааг анхаарч өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/478 дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.2. Анх нэхэмжлэгч “Б” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах Онгоцотын ам гэх нэртэй газарт 5.0 га талбайг Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах, барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар ашиглах эрх олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0222402 дугаар гэрчилгээ олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/542 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 2027 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгажээ.

2.3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/478 дугаар тушаалаар 6879233 регистрийн дугаартай, М ХХК-д Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрших Онгоцотын ам гэх нэртэй газарт 199973.48 м.кв хэмжээтэй газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, 0222350 дугаар гэрчилгээ олгожээ.

2.4. Нэхэмжлэгчээс “...2023 оны хавраас эхлэн дахин 9500 м.кв талбайгаар мод тарих талбайг нэмэгдүүлэн ажиллах зорилго тавин хүсэлтээ гаргасан ч одоог хүртэл уг хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, ...гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс манай мод тарьсан хэсэг болон мод тарихаар төлөвлөж буй хэсэгт хэсэг бүлэг хүмүүс газар ашиглах зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр шонгийн нүх ухаж эхэлсэн бөгөөд энэ талаар тодруулахад манай газрын чанх урд “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон талаар олж мэдсэн, ...MNS 6034:2009, MNS6043:2019 стандартуудыг зөрчиж, манай компанийн орц, гарц, мод тарьсан хэсэг, мод тарихаар төлөвлөсөн хэсэгтэй давхцуулан газар ашиглах эрх олгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий тушаал нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон, нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, ...2022 онд газар ашиглах эрх олгосны дараа нэхэмжлэгчээс мод тарих хүсэлт гаргасан тул бусдын газартай давхцалтай гэх хариуг өгсөн” гэж, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцалгүй бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа орц гарцыг хаагаагүй, ашиглалтын талбайд нь халдаагүй, ... бид цахилгаан станц барьсныг улсын комисс хүлээж аваад ажиллаж байгаа тул эрчим хүчний хувьд ямар нэгэн эрх ашгийг нь зөрчөөгүй, ...тушаалыг хүчингүй болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”, 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдлэнэ” гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д газар ашиглагч энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгч “Б ХХК-аас “Мод тарих газар хүсэх тухай” хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, тус өдрийн 21 дүгээр албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүргүүлсэн байх бөгөөд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 тоот албан бичгээр “...заагдсан координат бүхий газар нь зөвшөөрөл авсан болон санал өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн мод тарьсан, мод тарихыг, ойжуулахыг хүсэж буй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаарах бөгөөд өөрт ашиглуулахаар шийдвэрлэсэн газрын гадна талд буюу гуравдагч этгээдэд ашиглах эрхийн дагуу олгосон газрын нэгж талбар дахь талбайн хэмжээний дотор давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...өөрийн ойр орчмын газарт мод тарих үүргийг хүлээсэн, гуравдагч этгээдийг газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө манай компанийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаал нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон эерэг агуулгатай захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах, бусад этгээдээс саналыг нь авах зэргээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “манай компанийн ашиглаж буй газрын урд хэсэгт орц, гарцын хэсэгт тулган "М" ХХК-д газар ашиглах эрх олгохдоо дуудлага худалдаа зарлаж, манай компанийг оролцох эрхээр хангаагүйтэй холбоотойгоор шүүхэд маргасан ч энэ талаар бодитой дүгнэлтийг өгөөгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Түүнчлэн, MNS 6426:2013 стандарт, MNS6043:2019 стандартуудыг зөрчиж газар олгосон гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс "...стандарт нь нэхэмжлэлийн зүйлийн хүрээнд шууд хамааралгүй, өөрөөр хэлбэл, газрын маргаанд хамааралгүй, харин тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих шаардлага байгаа нь тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр дээр газар ашиглах эрх авсны дараа хэрэгжих стандарт гэж үзэхээр” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...MNS 6426:2013 стандарт, MNS6043:2019 стандартуудыг эрх бүхий байгууллагаас баталж, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор уг стандартуудыг заавал дагаж мөрдөхөөр зохицуулсан нь бодит байдалд биеллээ олохгүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

 

            ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

                        ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН