Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 55

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч А.Урансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн, Л.Ган-Очир, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсүлдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201521000302 дугаартай шүүгдэгч Хядар овогт Адилбишийн Урансолонгод холбогдох 153/2016/0036/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн 1977 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд төрсөн. 39 настай, Яс үндэс-Буриад, эмэгтэй, дээд боловсролтой, үйлчилгээний менежмент мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. “Туушин Ситсемс” ХХК-д гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо, харуул алтай хотхоны 108-89 тоотод оршин суух, БМ:77041900 регистрийн дугаартай Хядар овогт Адилбишийн Урансолонго

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч А.Урансолонго нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмал замд өөрийн өмчлөлийн Тоёота Пруйс-11 маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Бүтэнсайны амь насыг хохироосон, хохирогч Д.Эрдэнэбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Урансолонго шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 07 дугаар сард ээлжийнхээ амралтыг авч Баян-Өлгий аймагт амарсан. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар явах чиглэлтэйгээр Ховд аймгаас гарсан. Тэгээд Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэр дээр явж байхад урдаас хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Би машины урдаас 2-3 удаа дохио өгсөн боловч урдаас гэрлээ шилжүүлээгүй. Би ойрын гэрлээ татаад явж байсан чинь урдаас гэнэт дугуй гарч ирсэн. Тэгээд дугуй мөргөж цааш жаахан гуйланчилж баруун талаараа мөргөсөн. Тэрнээс цааш санахгүй байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд: Хохирол төлбөрөө барагдуулж авсан. Бид нар харилцан тохиролцож ярилцсан. Миний чих дүлий цаашид өөрөө өөрийгөө эмчлүүлээд явъя гэж бодож байна. Хүнийг зовоох бодолгүй байна. Өөр хэлэх зүйл байхгүй. “...2015.08.25-ны өдрийн орой 20-21 цагийн хооронд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө машины чанх ар талд талийгаач Бүтэнсайны автомашиныг замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөн ачих гээд...би...машины доогуур нь ороод данхраадаж байсан. Талийгаач болон түүний дүү Даваабал нар надад туслаад зогсож байсан. Энэ үед зам тээврийн осол болсон бөгөөд үүнээс хойш юу болсныг санахгүй байна...зам тээврийн ослын улмаас миний баруун нүд...хараагүй болсон. Мөн баруун чих сонсголгүй, баруун хөл байнга зовууртай, алхахад хөндүүрлэж байгаа, толгой маш их өвддөг бөгөөд заримдаа эм тариа ууж байж өвчин намддаг, баруун эгэмний яс хугарсан...би...ойролцоогоор 10 гаруй сая төгрөгний зардал гарсан...цаашид баруун чихийг сонсголтой болгохын тулд 25 сая төгрөгний сонсголын аппарат суулгуулах шаардлагатай байна...Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 1 сар хэвтэн эмчлүүлсэн...Би Улаанбаатар хотруу 2 удаа эмчилгээнд явсан...Бүтэнсайнд ослын зогсолтын тэмдэг байгаагүй бөгөөд автомашины 2 ширхэг дугуй тавь гэж хэлээд явуулсан. Хаана ямар байдалтай тавьсныг би хараагүй...Би эрүүл саруул байж байгаад тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсондоо маш их гомдолтой байна. Мөн эрүүл саруул болмоор байна...” гэх мэдүүлэг /1 х 155-157 х/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсүлдийн: “...Миний нөхөр Д.Бүтэнсайн 2015.08.25-ны өдөр Ховд аймгаас Манхан сум явах чиглэлийн засмал зам дээр...осолд орсон өөрийн эзэмшлийн Vauxhall Corsa маркийн 47-13 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачиж байхад нь Приус-11 маркийн автомашин ирж мөргөж бие махбодид нь гэмтэл учруулж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн ирж сэхээн амьдруулах тасагт хэвтэн 2-3 хоног эмчлүүлж байгаад тархины хагалгаанд орж 2015.09.01-ний өдөр нас барсан... надад эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирол учирсан. Оршуулгын зардал, талийгаачийг нутагшуулахад ирсэн ах, дүү нарын зардал болон бусад зардлууд нийлээд 6.200.000 төгрөгний зардал гарсан...би энэ хэргийн улмаас сэтгэл санааны маш их хямралд орсон...” гэх мэдүүлэг /1 хх 23, 152-153 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Даваабалын: "...2015.08.25-ны өдрийн орой талийгаач болон Эрдэнэбаатар нарын хамтаар Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрээс машин авч ирэхээр Ховд аймгийн төвөөс хөдөлсөн...Бид нар тухайн газар очиход ачих гэж буй машин жалгаруу хамар хэсгээрээ орсон байхаар нь ар талаас нь татаад зам руу эгцэлж гаргаад ахиад урдаас нь татаад замын хажуу тал буюу шороон хэсэг рүү оруулчхаад дээрх машины урд талын 2 дугуйг тайлаад урд талаас нь данхраадаж эхэлсэн бөгөөд би өөрөө хойшоо буюу Ховд аймаг тал руу 4 ширхэг улаан тоосго бариад 23-24 алхаад дээрх 4 ширхэг тоосгыг давхарлаж тавьчхаад буцаад машинаа өргөөд тоосго тавьж байтал тоосго дутахаар нь Эрдэнэбаатар "дугуй тавиад тоосго аваад ир" гэхээр нь би тоосго аваад дугуйгаа босоогоор нь хөндлөн тавьчхаад буцаж ирээд уг машины зүүн гар талд нь би, баруун гар талд нь талийгаач, машины урд талд Эрдэнэбаатар машин данхраадаж байсан...Данхраадаад өргөхөд нь талийгаач бид 2 өндөрлөж тоосго тавьж байх үед гэнэт хойно хурц гэрэл тусаж, ямар нэгэн юм мөргөх шиг чанга чимээ сонсогдохоор нь би замын баруун талд би босоод машин гэж хэлээд урагшаа гүйсэн. Нэг мэдэхэд би замын баруун гар талд портер машины урд доошоо харсан, амаараа элс үмхсэн байдалтай сэрсэн...Босоод харахад зүүн гар талд надаас 2-3 метрийн зайтай саарал өнгийн машин урагшаа харсан чиглэлтэй, дотроос нь хүүхэд болон том хүн буугаад өөрийнхөө машиныг тойроод явж байхыг нь харсан. Энэ үед миний ухаан санаа орж, гараад баруун талын хөл гар өвдөж чинэрээд хэсэг сууж байх үед надаас 2 метрийн зайтай жалган дотор хүн амьсгалах чимээ сонсогдохоор нь хамт явж байсан хүмүүсээ гэнэт санаад босоод жалгаруу очиход талийгаач амьсгалах дуутай, дээшээ харсан, нүүр ам нь цус болсон байдалтай байхаар нь би талийгаачийг өргөөд жалгын налуу хэсэг рүү ар нуруу хэсгээр нь хэвтүүлчхээд жолоочоо хайхад портер машины баруун талд хойд дугуйны харалдаа дээш харсан, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай эргэн тойронд нь цус байхаар нь би цус гараад байж магадгүй гээд портер машины хойд дугуй түшүүлээд суулгачхаад утсаа гаргаад эхнэр лүүгээ залгаад аваар гарлаа, цагдаа дууд гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 хх 160-161 х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонбаатарын: “...2015.08.25-ны өдөр Улаанбаатар хотруу...эхнэр А.Урансолонгын эзэмшлийн 76-95 УНЯ улсын дугаартай Пруйс-11 маркийн машинтай гарсан...23 цагийн орчим Ховд аймгаас Манхан сум явах чиглэлийн засмал зам дээр явж байтал...гэнэт урд зам дээр босгож тавьсан дугуй байхаар нь тоормос гишгэтэл зогсохгүй гулсаад тухайн дугуйг очиж мөргөөд, ямар нэгэн зүйл баруун урд хэсгээрээ мөргөсөн. Буугаад харахад бор өнгийн суудлын автомашиныг мөргөсөн байсан. Тухайн автомашины урд талд цэнхэр өнгийн Портер маркийн автомашин байсан...автомашиныг манай эхнэр Урансолонго жолоодож явсан...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэр...Манхан сумаас 7 км зайд...асфальтан зам дээр болсон байв...Автомашин мөргөлдсөн цэгийг А үсгээр.,.7 тоогоор цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг тэмдэглэв...” /1 хх 4, 7-9 х/

Зам тээврийн осол, хэргийг үзлэгээр тогтоосон хуудас: "...47-13 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд шил хагарсан, зүүн булан хэсгээр кабин чихэгдсэн...76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд карлон чихэгдсэн, баруун урд гүпер хагарсан..." /1 хх 5 х/

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-13 х/

Туршилт хийсэн тэмдэглэл: "...2015.10.22-ны өдөр туршилтыг хийж...Приус-11 маркийн 33-20 ХОҮ улсын автомашиныг оролцуулсан ба...28.4 км/цагийн хурдтай явж байхад тоормослох арга хэмжээ авахад 5 метр тоормосны чирсэн мөр үүссэн эсэхийг...туршихад мөр үүсээгүй..." /1 хх 15-16 х/

Шинжээч эмч Ц.Цэндхүүгийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №83 тоот дүгнэлт: "...1.Д.Бүтэнсайны цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. 2.Д.Бүтэнсайны цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй..." /1 хх 38 х/ 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №42 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд: "...1 .Д.Бүтэнсайны цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн духны хэсэгт цусан хураа, эрвээхэй ясны баруун ард хэсгээс дагзруу шилжсэн босоо хугарал, зүүн чамархайд дугуй хэлбэртэй ясыг хагалгаа хийж авсан ором, толгойн хуйханд зүүн чамархай болон зулай хэсгийг хамарсан тах хэлбэрийн мэс заслын хагалгааны оёдол бүхий шарх, зүүн талын 6- р хавирганы хугарал, духны дээд болон баруун хэсэг, зүүн хөмсөг, шанаа, завж, уруул, баруун шуу, сарвуу, зүүн өвдөг, зүүн тахим, баруун шагай, өгзгөнд тус бүр зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи, зүүн суга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ийн. 3.1.2, 3.1.3 дахь хэсгүүдэд зааснаар..гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...4.Д.Бүтэнсайн нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан..." /1 хх 79-85 х/

            Шинжээч       эмч Д.Тогтохын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №364 тоот дүгнэлт: "...2.Д.Эрдэнэбаатарын биед хоёр талын чамархай болон зулай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай болон дагзны хэсгийн цус харвалтууд, баруун эгэмний ясны дунд 1/3 хэсгийн сэтэрсэн хөндлөн хугарал, толгойн зулай хэсгийн шархны сорви, зулайн баруун хэсэгт зулгаралт, духны зүүн хэсгээс хамар дайрч баруун хацар хүрсэн ташуу байрлалтай шархны сорви, доод эрүүний доод хэсэгт шарх, баруун мөрний хэсэгт зулгаралтууд, баруун мөрний хэсгийг хамарсан цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, 2 гарын тохой сарвууны хэсэгт зулгаралтууд, баруун өвдөгний урд хэсэгт шархнууд, баруун хөлийн шагайн үений дотор талд шархны сорви гэмтэл тогтоогдлоо....2.Д.Эрдэнэбаатарын биед учирсан...гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.2-т зааснаар...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." /1 хх 70-72 х/

Шинжээч, цагдаагийн а/х М.Алтангэрэлийн   2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №22 тоот дүгнэлт: "...1.76-95 УНЯ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Урансолонго нь...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна"...гэснийг зөрчсөн...3.3ам тээврийн осол гарахад 67- 91 УНӨ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч холбогдолгүй байна...6.Жолооч Д.Бүтэнсайн нь үзэгдэлт хангалтгүй тохиолдолд ослын зогсолтын тэмдэг хэрэглээгүй байна..." /1 хх 127-128 х/

Монгол улсын зөвлөх инженер Ц.Лхагважавын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №13, 14, 15 тоот дүгнэлтүүд:  "...76-95 УНЯ улсын дугаартай Пруйс-11, 67-91 УНӨ улсын дугаартай Портер, 47-13 ХОА улсын дугаартай Vauxhall Corsa маркийн автомашинуудын эвдэрсэн эд ангиудын жагсаалтыг гаргасан..." /1 хх 194, 198, 201 х/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Н.Ганбаатарыг байцаасан тэмдэглэл: "...Жолооч А.Урансолонго МУ-ын ЗХД-ийн 9.1 дэх заалтыг зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, учир нь зам орчны нөхцөл байдалд аюул саад бий болоход тээврийн хэрэгслийг зогсоож чадах тохиромжтой хурдыг сонгож яваагүй нь хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг, үзлэгийн тэмдэглэл, мөргөлдсөн 2 автомашины эвдрэлээс тодорхой харагдаж байна..." “...Жолооч А.Урансолонго нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Учир нь зам орчны нөхцөл байдалд аюул саад болоход тээврийн хэрэгслийг зогсоож чадах тохиромжтой хурдыг сонгож яваагүй нь хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг, үзлэгийн тэмдэглэл, мөргөлдсөн 2 автомашины эвдрэлээс тодорхой харагдаж байна..." /1 хх 218 х, 2 хх 53 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Урансолонго нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн замд өөрийн өмчлөлийн Тоёота Приус-11 маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Бүтэнсайны амь насыг хохироосон, иргэн Д.Эрдэнэбаатарын бие махбодод хүнд гэмтэл учруулсан, үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Урансолонгийн өгсөн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсүлд /1 хх 23, 152-153 х/, гэрч Д.Даваабал /1 хх 160-161 х/, Б.Отгонбаатар /1 хх 24-25 х/ нарын мэдүүлэг, Шинжээч эмч Ц.Цэндхүүгийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №83 тоот дүгнэлт /1 хх 79-85 х/, Шинжээч эмч Д.Тогтохын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №364 тоот дүгнэлт /1 хх 70-72 х/, Шинжээч, цагдаагийн а/х М.Алтангэрэлийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №22 тоот дүгнэлт /1 хх 127-128 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Урансолонго нь гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.Урансолонго нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсүлд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх нарт 7.250.000 /долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Эрдэнэбаатар , иргэний нэхэмжлэгч, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Урансолонго нь бага насны хүүхэдтэй болох нь О.Чингүүний төрсний гэрчилгээ /2 хх 240 х/, А.Урансолонго нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4000 грамм эрэгтэй хүү төрсөн болохыг гэрчилсэн  төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /2 х хх 245 х/ зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Урансолонго нь 4 сар 2 хоног настай хүүтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч А.Урансолонгод хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар ногоон өнгийн 70х40 см хэмжээтэй хагарсан эд зүйл, 14х6 см хэмжээтэй цагаан саарал өнгийн хуванцар эд зүйл, 18х4 см хэмжээтэй шар өнгийн хуванцар эд зүйл, 19х15 см хэмжээтэй хар өнгийн хуванцар эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 47-13 ХОА улсын дугаартай татварын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төрмөнхөд олгуулж, 00428603 дугаартай 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Урансологод буцаан олгуулах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Хядар овогт Адилбишийн Урансолонгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч А.Урансолонгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч А.Урансолонго нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Эрдэнэбаатарт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхсүлд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төрмөнх нарт 7.250.000 /долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч А.Урансолонгод оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилсэн Тоёото Приус маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар ногоон өнгийн 70х40 см хэмжээтэй хагарсан эд зүйл, 14х6 см хэмжээтэй цагаан саарал өнгийн хуванцар эд зүйл, 18х4 см хэмжээтэй шар өнгийн хуванцар эд зүйл, 19х15 см хэмжээтэй хар өнгийн хуванцар эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 47-13 ХОА улсын дугаартай татварын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төрмөнхөд олгуулж, 00428603 дугаартай 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Урансологод буцаан олгуулсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Урансолонгийн №174875 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

            8. Шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шүүгдэгч А.Урансолонгод 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5/344 албан тоотоор гадаадад зорчих эрхийг хязгаарласан хилийн хоригийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Урансолонгод авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС