Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “ХД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А-д  холбогдох,  

           Нэхэмжлэлийн шаардлага: “М сумын газрын даамал Э.А нь газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б/онлайнаар/, хариуцагч Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ХД” ХХК нь Сүхбаатар аймгийн М
сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот захирамжаар тус сумын 5 дугаар  багын нутаг дэвсгэр “...........” нэртэй
газарт өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Гэвч тус сумын газрын даамал Э.А нь бидэнд хууль бус шаардлага тавьж энэ олон жил газар эзэмших эрхийн гэрчилгээгүй явуулсаар ирлээ. Энэ талаар зохих шатны байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлтээ удаа дараа гаргаж ирсэн.

М сумын Засаг даргын 2012.01.09-ний өдрийн 03 дугаар, 2013.07.15-ны өдрийн А/61 дүгээр захирамжтай. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015.01.06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр М сумын Засаг даргын 2013.07.15-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр хэвээр
үл
дээсэн, мөн Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.12.04-ний өдрийн .... дугаар тогтоолын хавсралтад М сумын “.............. 5 дугаар баг 4000 га газрыг эзэмшигч нь “ХД” ХХК гэж тус тус газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон байдаг.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Сүхбаатар аймгийн ГХБХБын газрын дарга Б.Г, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Г зэрэгт хандаж тус тус гомдол гаргасан.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн гарын дарга Ц.Г нь бидний гомдлыг хүлээн авч танилцаад М сумын газрын даамал Э.А-д албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт дурдсанаар “ХД” ХХК-ний газар эзэмших эрх нь хэвээр хадгалагдах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулан ажиллах хэрэгтэй гэсэн байдаг. Э.А нь дээд шатны байгууллагын албан бичгийг үл тоосон тул арга буюу Сүхбаатар аймгийн ГХБХБ газрын дарга Б.Г-д дахин 2020.10.02-ны өдрийн 02/26 дугаар албан бичгээр гомдол гаргасан.

 

Хуульд заасан хугацаанд тус газраас гомдлын хариу өгөөгүй тул хугацаа
өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсний дагуу тус
шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, эзэмшигч гэдэг нь олон нийтэд илэрхий бичгийн нотлох баримттай байхад газрын даамал Э.А нь  холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин газар эзэмших гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.

Мөн энэ хүний хууль бус үйл ажиллагааны улмаас төр засгаас олгодог дэмжлэг, тусламжийг авч чадахгүй эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амсаж байна гэжээ...

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “ХД” ХХК нь Сүхбаатар аймгийн М сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 09-ний өдрийн ... тоот захирамжаар тус сумын “Галын ухаа” нэртэй газар, газар тариалангийн зориулалтай 4,000 га газар анх эзэмших эрхтэй болсон. Энэ газрыг эзэмшиж байх явцад 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/11 тоот М сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн захирамжаа үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ үндэслэлгүй захирамжаа хүчингүй болгооч ээ, бидний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гээд гомдлын дагуу М сумын Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай захирамжаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/11 тоот захирамжаа хүчингүй болгож, өмнөх захирамжийг хүчинтэйд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг шинэчлэн зохих журмын дагуу буцаан олгохыг газрын даамал Э.А-д үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш тус компани газар эзэмших захирамжтай хэдий ч газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүйгээр өдийг хүртэл эзэмшиж ирлээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байдаг. Тухайн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээтэй байснаар тухайн газрыг бүрэн утгаар нь эзэмших боломж бүрдэж байна. Хэдийгээр хуулийн зохицуулалт ийм боловч манай компани эрхийн гэрчилгээ боло н гэрээгээ байгуулж чадахгүй байсаар газар эзэмших үйл явц учир дутагдалтай байсаар өнөөдрийг хүрлээ. Үүнтэй холбоотойгоор М сумын газрын даамал Э.А-д биеэр болон амаар удаа дараа уулзаж гэрчилгээгээ авъя, гэрээгээ байгуулъя гэж хандсан боловч тодорхой бус шалтгааны улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй, гэрээ байгуулахгүй нөхцөл үүссэн.

Энэ асуудлаар компанийн зүгээс эрх бүхий байгууллагуудад гомдлуудыг удаа дараа гаргаж байсан. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Сүхбаатар аймгийн ГХБХБын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газруудад удаа дараа гомдол гаргахад энэ асуудал шийдэгдээгүй учир газрын даамлын хууль бус үйлдэл нь манай компани хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд газрын даамал Э.А-ын газар эзэмших гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХД” ХХК-ийн гаргасан 2020.11.23-ны өдрийн 02/28 тоот нэхэмжлэлд
дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагад эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож захирамжийн биелэлтийг хангуулахыг даалгах тухай гэсэн байна.

“Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, энэ хуулийн
21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан
тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж
зохион байгуулах”-гэсэн заалтаар бол сумын 2012 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг үндэслэж газар олголтыг хийх байсан боловч дээрх заалтыг үндэслэж
олгоогүй. Учир нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд
“түрээсээр эзэмшүүлэх”-ээр баталсан байсан. Мөн газрын дуудлага худалдаа болон
төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж олгосон. Түүнчлэн газар эзэмшсэн
хувийн хэрэгт байгаа бичиг баримтын бүрдэл нь бүхэлдээ зөрчилтэй нь дараах
баримтаар батлагдаж байсан. Үүнд:

- 2011.11.07-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан.

-2012.01.06-ны өдөр кадастрын зураг хийлгэсэн.

-2012.01.09-ний өдөр газар эзэмшүүлэх захирамж гарсан.

-2012.12.05-ны өдөр газар эзэмших хүсэлт буюу өргөдөл өгсөн.

“Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. Засаг даргын захирамж хууль тогтоомжид
нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг,
нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий
сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалтыг үндэслэн дээрх газрын
газар эзэмших эрхийг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ....тоот
захирамжаар цуцалсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013.02.15-ны
өдрийн ...... тоот тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд
тус газар нь дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр батлагдсан бөгөөд хурлын
тогтоол, батлагдсан төлөвлөгөөг үндэслэн сумын Засаг даргын 2013.05.28-ны
өдрийн .... тоот захирамжаар газрын дуудлага худалдаа зарлагдаж, захирамж болон зар олон нийтэд тавигдсан. Гэтэл сумын Засаг даргын 2013.07.15-ны ...
тоот захирамж гарч хуучин захирамжаа сэргээн ..тоот захирамжийг хүчингүйд
тооцож захирамж гаргасан байсныг сүүлд бичиг хэргээс олж авсныг энд дурдъя.
Газрын даамал миний зүгээс .... тоот захирамжийг бүхэлд нь хүчингүйд тооцон
үзэж гэрчилгээ олгоогүй болно. Учир нь дээрх захирамж нь сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг зөрчсөн, дуудлага худалдааны захирамжтай давхцалтай, мөн хуульд
нийцээгүй, нууцаар гаргасан захирамж нь өөрөө утга агуулгын алдаатай
зөрчилтэй, засвартай байна.

 

Газар олгох нь засаг даргын шийдэх асуудал боловч хуульд нийцсэн, эрх
зүйн хүрээнд шийдвэрлэсэн, хуулийн дагуу дүрэм журмаас гажаагүй олголт байх
учиртайг зөвлөх нь газрын даамал миний үүрэг билээ. Иймээс албан тушаалтан би
захиргааны хэм хэмжээгээр тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй бус
эсрэгээрээ мэргэжлийн зөвлөгөө өгч, бодлогын түвшинд ажлаа хийж байгаа гэж
ойлгож байгаа. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, худал мэдээлэл өгч,
хууль бус захирамж гаргуулсан гэж гүтгэх энэхүү гомдлын үнэн зөвийг шалгуулж нэр
төрөө сэргээж авахыг хүсэж байна.

 

Би 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М сумын газрын даамлаар томилогдсон. 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд боловсруулан оруулах ажлын цар хүрээнд өмнөх хувийн хэргүүдийг нягтлахад “ХД” ХХК-тай холбогдолтой хувийн хэрэг 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжтай хэрэг дээр хяналт шалгалт хийгээд зөрчилтэй болон нэмж олгох газруудын судалгаа явуулж үзэхэд анхных нь олголт хууль бус харагдаад байдаг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар тусгагдсан байх ёстой. Тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Засаг дарга үндэслэж газраа олгодог. Газраа олгохдоо хуулийн дагуу дуудлага худалдаа явуулж, төсөл сонгон шалгаруулах журмаараа газраа олгох ёстой байтал “Галын ухаа” нэртэй газрын хувьд ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “түрээсээр эзэмшүүлэх”-ээр баталсан байсан. Газрын тухай хуульд түрээсээр эзэмшүүлэх гэсэн заалт байхгүй. Надад байгаа хувийн хэргийн бүрдлийг харахад 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших гэрээгээ байгуулсан, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр кадастрын зураг хийлгэж үүнээс 3 хоногийн дараа 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх захирамж гарсан. Тэгээд оны төгсгөл буюу 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших хүсэлт буюу өргөдөл өгсөн. Улсын тэмдэгтийн хураамж төлөөд газар эзэмших гэрчилгээгээ авах ёстой байтал гэрчилгээ нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бичигдсэн мөртөө гэрчилгээний үнэ төлсөн баримт нь 11 дүгээр сарын 16-ны өдөр байна. Ингээд бичиг баримтын бүрдэл нь шат дараалж хуулийн дагуу явагдаагүй. Ийм учраас хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулж хуулийн дагуу олгоё, дахиж төлөвлөгөөнд оруулахгүй бол болохгүй гээд захирамжийг хүчингүй болгосон.

 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус газар нь дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр батлагдсан бөгөөд хурлын тогтоол, батлагдсан төлөвлөгөөг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар газрын дуудлага худалдаа зарлагдсан. Энэ үед “ХД” ХХК-ийн захирал Саруул өөрийн биеэр ирж бид олон удаа уулзаж, тайлбарлаж байсан. Анхнаасаа бичиг баримтын зөрчилтэй явсан байна. Та зөрчлөө арилгаад давуу эрхтэйгээр дуудлага худалдаанд оролцож гэрчилгээгээ аваач ээ гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

 “ХД” ХХК нь жил бүр автоматаар татварын газар руу 1,500,000 төгрөгийг газрын төлбөр гээд хийгээд яваад байдаг. Гэтэл эрх зүйн баримт бичиг нь зөрчилтэй байгаад байдаг. Ингээд дуудлага худалдааны захирамж гарсан. Мөн дуудлага худалдааны комиссын бүрэлдэхүүнтэй  захирамж гарсан. Энэ явцад сумын Засаг дарга 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот захирамжаа хүчингүй болгож, хуучин захирамжаа сэргээе гэсэн захирамж гаргасан байсныг сүүлд бичиг хэргээс олж авсан. Энэ захирамж өөрөө үг, үсэг, утга найруулгын алдаатай байсан. Мөн хоёр захирамжаа хоёуланг нь хүчингүй болгочхоод байгаа юм уу, алийг сэргээчхээд байгаа нь ойлгомжгүй захирамж гаргуулсан байсан. Сүүлийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж дуудлага худалдааны зар товлож, оролцогч, бүрэлдэхүүн, гишүүн томилсон. Захирамжууд хүчингүй болох ёстой байсан болов уу, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд өөрчлөлт орох ёстой гэж ойлгож, тийм тайлбартайгаар өнөөдрийг хүрч байна гэв.  

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх “ ХД ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

 “ ХД ” ХХК нь тус шүүхэд хандан газар эзэмших гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба энэ шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр “ ХД ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгохыг даалган, түүнчлэн энэ маргааныг шийдвэрлүүлэхийн тулд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжийг төлүүлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 Нэг. Нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэл.

 

 Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан байна гэж үзлээ.

 Учир нь: Сүхбаатар аймгийн М сумын газрын даамал Э.А-ын газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь захиргааны актын шинжийг агуулсан, талуудын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулсан байх тул захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

 Хоёр: Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэл.

 

 Хариуцагч нь тайлбартаа “ ХД ” ХХК-д газар олгох үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн эзэмшилд газар олгосон 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот захирамж[1] гарах болсон хууль зүйн үндэслэлд  дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

 М сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар захирамжаар тус сумын 5 дугаар багийн нутаг “ Галын ухаа ” гэх газарт 4000 га газрыг “ ХД ” ХХК-д тариалангийн зориулалтаар олгож шийдвэрлэсэн байдаг.

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “ засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно ” гэж заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар захирамжийг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ...дүгээр захирамжаар[2] хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 Ийнхүү Засаг дарга нь хуульд заасан дээрх бүрэн эрхийн хүрээнд мөн 2013 оны 02 дугаар сарын 05-ний А/11 дүгээр захирамжаа 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар[3] хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 Энэ тохиолдолд М сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар захирамж хүчинтэй, “ ХД ” ХХК нь М сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “ Галын ухаа ” гэх газарт 4000 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрх бүхий этгээд байна.

 

 Нэхэмжлэгч “ ХД ” ХХК-ийн захирал Б.С М сумын газрын даамал Э.А-ын гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл, Сүхбаатар аймгийн ГХБХБын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан “ХД” ХХК-ийн захирал Б.С-ын Сүхбаатар аймгийн ГХБХБ-ын газрын дарга Б.Г.д хандсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 20/21 тоот [4], 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/26 тоот албан бичиг [5], тус газрын дарга Б.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .... тоот албан бичгээр өгсөн хариу [6], Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд хандсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гомдол гаргах тухай” .... тоот албан бичиг [7], Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдол шилжүүлэх тухай” .......... тоот албан бичиг [8], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 1/2552 дугаар албан бичиг [9] зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Түүнчлэн тэрээр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авах талаар   хариуцагчтай биечлэн уулзах болон утсаар ярьж байсан гэх бөгөөд гомдол гаргаагүй, уулзаагүй, бичгээр гаргаагүй гэж талууд маргаагүй болно.

 

 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт засаг даргын шийдвэрийг үндэслэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох нь сумын газрын даамлын эрх хэмжээ байхаар заасан байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ ” гэснээс үзэхэд засаг даргын захирамж, газрын алба /даамал/-тай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулдаг байна.

 

 Гэтэл хариуцагч газрын даамал Э.А нь нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаагаас нэхэмжлэгчийн Газрын тухай хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байх тул “ ХД ” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагч Э.Ад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч  “ ХД ” ХХК-д М сумын 5 дугаар баг “ ......... ”-д  4000 га газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг тус сумын газрын даамал Э.Ад даалгасугай.

 

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч үл биелүүлбэл албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч  14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭТУЯА