Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 29

 

Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэртэй Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Г-д холбогдох,

байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 950.844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын даргаар 2014 оны 8 сард томилогдож ирсэн Г нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс сахиул Н манай байгууллагад ажиллаж байсан бөгөөд ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орсон. Шүүхийн шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 950.844 төгрөгийг Г дарга төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г би Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа сахиул Н-ыг хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн. Хүүхдийн паркийн сахиулаар ажиллаж байсан Н нь ажлын өдөр удаа дараа архи ууж, мөн байгууллагын ажилчдыг уруу татдаг байсан учраас байгууллагын хурлаар удаа дараа авч хэлэлцэж, сануулах арга хэмжээ авч, мөн цалинг 20 хувиар хасч байсан.

Тэгээд цагдаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахуулсан учраас ажлаас чөлөөлсөн бөгөөд Н шүүхэд нэхэмжлэл гаргаад, улмаар шүүх хуралдаанд орж согтуу байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна гээд анхан шатны шүүхэд би ялагдсан юм. Тэгээд шүүх хурал болсноос 8 хоногийн дараа би өөрөө ажлаасаа халагдаад дахиад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж чадаагүй, дараагийн томилогдсон дарга нь эргүүлээд ажилд нь авсан ийм л асуудал болсон. Тийм учраас энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх амьдралын боломж байхгүй, өөрийгөө яая гэж байна. Энэ Монгол улсад анх удаа л ийм зүйл болж байна. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хууль мөрдөгдөөд буруутай албан тушаалтанаас гаргуулж байгаа юм байна лээ. Иргэний хуульд болохоор албан тушаалтан, хуулийн этгээд гэсэн нэршилтэй байгаа, ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй. Би ажилгүй, санхүү мөнгөний эх үүсвэргүй, бизнесгүй, амьдрал хүнд байгаа учир харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г-с байгууллагад учруулсан гэм хорын хохирол 950.844 /есөн зуун тавин мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Г-ээс 27.371 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г давж заалдах гомдолдоо: Миний бие Г нь 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 352 дугаартай шийдвэрт дараах зүйлүүдээр гомдол гаргаж байна.

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхгүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Энэ заалтын харлуулсан хэсэг дэхь эд хөрөнгөд гэдэг нь иргэний хуульд зааснаар бусдын эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж нэрлэсэн байдаг.

Иргэний хуулийн 497.1-ыг нэхэмжлэгч байгууллагын цалин мөнгөтэй холбоотой асуудалд энэ хуулийн заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа.

2. Иргэний хуулийн 498.5 Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

498.1 Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учируулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

498.1 Энэ хуульд заагдаж байгаа гэм буруутай этгээд нь ажиллагсад бөгөөд тэдний учируулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ. Тэгэхээр ажиллагсад, түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн заалтууд нь надад огт хамааралгүй заалт гэж үзэж байна.би тэр үед ажил олгогч гэсэн хуулийн этгээд байсан одоогийн байдлаар би ажлаасаа гараад жил гаруй болж байгаа

3. 498.2 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Энэ заалтын буруутай этгээд нь харлуулсан хэсэг дэх төрийн албан хаагч бөгөөд, тухайн этгээдийн учируулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгана гэж заажээ.

Би одоогийн байдлаар энэ хуульд заасан шиг ажиллаж байгаа биш иргэний хууланд заасны дагуу нийгмийн харилцаанд оролцож байгаа хувь иргэн хүн гэж үзнэ. Дээрх хуулийн заалтууд нь одоо ажиллаж байгаа ажил олгогч болон хуулийн этгээдийг хамааруулж ойлгохоор заалтууд байна. Ийм учраас анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж миний эрх ашигийг хөндөж байгаад гомдолтой байна. 498.1, 498.2 дахь заалтууд нь иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэдгийг зөрчиж байна. Нэхэмжлэгч байгууллагад би ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 18-нд халагдсан. Тэр үед тус байгууллага 39 хүний орон тоо ажиллаж байсан. Харин өнөөдрийн байдлаар 46 хүн болж нэмэгдсэн байгаа. Үүнээс үзэхэд тус байгууллагад цалин мөнгөний бодитой хохирол учираагүй харин ч орон тоогоо нэмж ажиллуулж байгаа нь харагдаж байна. Хохирол бодитой учирсан бол орон тоо нэмж хүн цалинжуулах биш орон тоог хассан байх үндэстэй.

- Би өнөөдрийн байдлаар ажилгүй бизнес орлогын эх үүсвэргүй эрүүл мэндийн хувьд хагалгаанд орсон 70%-ийн группд байгаа учир шүүх бүрэлдэхүүн миний гомдолыг хүлээн авч 2017.10.06-ний өдрийн 352 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чаджээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газар нь хариуцагч Г холбогдуулан гэм хорын хохирол 950.844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г нь Говь-Алтай аймгийн Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын сахиулаар ажиллаж байсан Н-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шийдвэрээр дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 950.844/есөн зуун тавин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

 

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй... гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Г нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад 950.844 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 

Т.ЖАРГАЛСАЙХАН